📅

Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

🕔 2018/11/09 11:39

 Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Зуны халуунд хөлсөө цувуулан хүнд юм өргөөд гэрлүүгээ алхаж явлаа. Аав одоо гэртээ байж утсаа яаагад унтраачихав даа. Хамаг хувцас халтайгаад хоол хүнсийг нь цуглуулаад, ядарч унах гэж байхад тосчих ч хүн байхгүй. Бөөн бухимдсан хүн гудамжны өнцөг эргэлээ. Хашааны үүд дэлгээстэй хамаг юм ундуй сундуй харагдана. Хоёр зуугын поошигонд хийсэн хогон дээр нохойнууд ёстой л нэг найрлаж байгаа харагдлаа. Энэ аав одоо хаалга үүдээ онгорхой орхиод хаашаа тэнээд явчихдаг байна аа. Дал гарчихаад гэртээ ч тогтохгүй, юм хумаа алдвал яах юм болоо, ёстой нэг хүнийрхүү юмаа гээд уурлаж дээрээс нь халуунд улайссан бух шиг амьтан гэрлүү орлоо. Гал тогоонд хамаг юмаа чулуудчихаад том өрөөнд ортол аав цаашаа хараад сууж байлаа. Би гэж хүн бөөн бөөнөөр нь үг урсгаж үглэж бүр зандарч загналаа. Аав нэг ч үг дуугарсангүй бас хариулт өгсөнгүй.Би бүр гайхлаа. Аав өөдөөс "Чи намайг загнах нь уу?Үгүй шүү хүү минь ” гээд л загнадагсан. Гэв гэнэт бодол сарниж би зог туслаа.

Өөртөө итгэлгүйхэн эргээд хартал аав сууж байсан биш ширээ дэрлээд хэвтэж байлаа. Би бөөн айдаст автаж "Аав, аав аав” гээд дуудаж үзлээ.Хариу хэлэх байтугай хөдлөх ч үгүй байлаа. Аав арай... гээд шууд л нулимс бөмбөрч эхэллээ. Айсан ч аажим аажимаар дөхөж байлаа. Ойртохдоо ширээрүү харлаа. Тэгтэл ширээн дээр хоосон "Чингис” архины шил хэвтэж байлаа. Гэнэт гайхширал минь төрлөө. Архи амсдаг ч үгүй хүн архи уусан юм байхдаа гэж бодоод ойртож үнэрлэтэл архи үнэхээр сэнх хийж байв. Ашгүй дээ аавыгаа өнгөрчихлөө гэж ямар их айваа, ямартай ч их архи уугаад тасарчихсан байлаа. Яагаад яагаад уудаггүй хүн ингэж ууваа..Бид нарыг ухаан орсон цагаас хойш нэг ч удаа согтуу харагдаж байгаагүй хүн шүү дээ. Ээжийг минь таван жилийн өмнө өнгөрхөд хүртэл сэтгэлээр унаж ганцаардаж байгаа нь илэрхий байсан мөртөлөө архи ууж тайтгарах гэж оролдож байгаагүй юмдаг. Аавыгаа сандал дээрээс арай гэж чирээд орон дээр тавьхаар өргөтөл өврөөс нь нэг юм уналаа. Хурдан гэгч нь орон дээр гаргаад нөгөө бичгийг яаран уншлаа. Энэ бичиг л аавын минь архи уусан шалтгаан байж. Эвий дээ аав минь. Ямар өрөвдмөөр юм бэ? Янжин гэдэг эмээд захидал бичсэн байлаа. Яг л хүүхэд шиг гомдож бас гуйсан байна. Би бараг л мэдэх юм байна. Хүн гэдэг их анзаараггүй байх юмаа. Өглөө эртээ сүүнд явлаа гэж гараад алга болчихдог байсан, хааяа урд гудамжны нэг эмээтэй үүдэнд сууж байдаг байсан санагдана. Тэр эмээ яг мөн. Аавын минь сэтгэлийг шархлуулсан эмээ. Залуучууд хүүхдүүд л дурлаж захиа бичдэг гэж бодож байсан үгүй юм байж. Үнэхээр өтөлсөн болохоос үхсэн биш дээ. Дурлаа л биз хайрлаа л биз. Аяга цайгаа хувааж ууя л гэж бодсон биз. Хамгийн хяслантай нь аавыг минь тоохгүй байгаа юм шиг. Бидний хэлдэгээр сэтгэлийг нь шархлуулаад хаячихсан бололтой..Аавынхаа нууцыг дэлгэхгүй ээ. Хүн л болохоор хүүхдүүд нь мэдсэн гэвэл ичиж зовор биз. Ахиад ганцхан удаа уншаад халаасанд нь хийчихье.
Сайн байна уу?Янжид минь. Цаас бал ойртуулаагүй ямар ч их удаав дээ. Тэтгэвэр, зээл авах гэж л гарын үсэг зурдаг болохоос биш ингэж захиа бичээгүй олон ч жил болж дээ. Залуу байхдаа, цэрэгт явж байсан үедээ гэрийнхэндээ бас ханьдаа л захиа бичдэг байсан. Миний хоёр дахь захиа бичиж байгаа эмэгтэй хүн бол чи минь шүү Янжид минь. Өглөө бүр сүүнд явах нэрээр чамтай дайралдаж нүд сэтгэлээ баясгах юм. Анхандаа ч ганц хоёр үг сольдог байсан сүүлдээ дотно танилцаад саравчинд сууж даалуу тоглодог болсон үед чиний хөгжилтэй, сайхан зантай гэдгийг чинь мэдсэн шүү. Тэр нэг өдөр чамд бэлгэлсэн торгыг санаж байна уу? Тэр их паянтай. Уул нь бол сайхан дээл авч өгье гэж бодож байсан юм. Тэтгэвэр буугаад охинтойгоо хамт зах орлоо. Тэгээд дээл сонирхоод явж байтал охин яагаад эмэгтэй дээл үзээд байгаа юм бэ?Алив явъя аав гэдэг юм байна.Би ч юм хэлж чадалгүй ичэх аядаад дагаад л гарлаа. Дараа нь том хүүгийнхрүү ачтай хамт усанд орохоор явж байтал бөмбөгөрийн тэнд сайхан торго зардаг дэлгүүр байсан юм. Учир мэдэхгүй ач охинтойгоо явж байсан болохоор санаа зоволгүйгээр чамдаа торго авсан. Тэгээд бэлгээ маргааш нь өгхөд чи их баярлаж билээ. Чи бид хоёр танилцаад хоёр сар болох гэж байна. Чамд би сэтгэлийн жолоо алдаад байдаг. Харин чи болохоор надтай зүгээр л нөхөд шиг л байх юм. Тэгсэн мөртлөө манай хөрш Доржтой их л сүрхий инээж хөхрөөд жаргалтай байж харагдах боллоо. Би ч залуудаа ийм өвгөн яваагүй юм шүү. Бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж л явлаа. Тэгсэн хэдий ч эхнэртээ хайртай байсан болохоор наашаа гэсэн болгоныг тоож явсан удаагүй. Одоо бодход эхнэртээ үнэнч байсан нь бахархал боловч олон эмэгтэйг гомдоож байж. Тийм болохоор тэр гомдлын хариу чи намайг тоохгүй байгаагаар ирж байгаа байх. Сүүлийн гурван өдөр чи надтай даалуу тоглосонгүй. Автобусны буудлын цайны газарлуу ч явж банштай цай идэхээ ч болчихсон. Хүүхдүүд минь тэтгэврийн минь мөнгөнөөс авдаггүй болохоор ач гучдаа тав гурван төгрөг өгч баярлуулаад бусдыг нь чамд зориулмаар бодогдох юм.Өнөөдөр хамт тэтгэвэртээ явна гэчихээд ирэхгүй болохоор чинь өвдсөн байж магадгүй гэж санаа зовоод Дулмаас асуутал Доржтой эрт явж авсан гэж сонслоо. Тэгээд л би гэдэг хүн амьдралдаа анх удаа согтотлоо архи ууж байна. Гэхдээ зүгээр дээ. Зориг чангарсан дээрээ ганцхан юм асууя. Янжид минь надтай цайг минь хувааж уухуу? Хүүхдүүд минь дургүйцэхгүй гэж бодож байна. Харин танайхан яах бол? Эсвэл чи Доржид сэтгэлтэй юмуу? Надад хурдан хариу хэлээрэй. 
Гончигоос – Янжидад гэсэн байлаа. Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой...

Н.Урангоо

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?