АН-ын бүлэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувь олгох байр сууриа хадгална
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нийт дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцжээ.
Бүлгийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Энэ үеэр тус бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүд болон бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт суулгасан багц хөрөнгүүдийн нарийвчилсан задаргааг гарах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. Мөн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн өргөн мэдүүлсэн Валютын зохилцуулалтын тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэж, дараагийн бүлгийн хуралдаанаар Монголбанк болон бусад холбогдох албаныхны мэдээллийг сонсох шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн бүлэг "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцжээ. Уг тогтоолд хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 20 мянган төгрөгийг авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор тусгасан байна. Харин АН-ын бүлгийн зүгээс мөнгөн тэтгэмжийг 100 хувьд олгох нь зөв гэсэн байр сууриа хэвээр хадгалах нь зөв хэмээн үзжээ.
Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарим заалтыг хууль санаачлагч болон УИХ-ын гишүүд нарийвчлан судлах шаардлагатай хэмээн үзсэн байна. Уг хуульд Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхгүй байхаар тусгасан. Энэ нь төрийн байгууллагын буруутай шийдвэрээс үүдэх хохирсон иргэн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжгүй болох магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг