📅

Д.Эрдэнэбат: Зээл тусламжийн хөрөнгийг ганц сайдын мэдэлд өгсөн нь хууль зөрчсөн

🕔 2018/10/10 11:00

Д.Эрдэнэбат: Зээл тусламжийн хөрөнгийг ганц сайдын мэдэлд өгсөн нь хууль зөрчсөн

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна.
 
–Засгийн газарт үнэ ханшны асуудлаар асуулга хүргүүлсэн байгаа.  Энэ асуудалд ямар хариу ирсэн бэ?
 
– Засгийн газрын зүгээс "Монголбанк энэ асуудлыг хариуцна” гэсэн хариулт өгч байна. Энэ үнэхээр  эмзэглэхээр асуудал. Өнөөдөр Засгийн газар, Монголбанк хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байна.  Эдийн засагт үл ойлгогдох асуудал үүссээр байна.  Ганцхан сарын дотор ам.долларын ханш 22 төгрөгөөр хэлбэлзлээ.  Шатахууны үнэ өнөөдөр 65 төгрөгөөр нэмэгдээд байна. Үнийн хөөрөгдөл ард түмний нуруун дээр ачаа болж очиж байгаа.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улам бүр өсч байхад Засгийн газар нь үүнд хариулт өгч чадахгүй сууж байгаа нь дэндүү хариуцлагагүй, бодлогогүй байгаагийн илрэл.
 
 –Тэгэхээр сөрөг хүчний зүгээс энэ асуудалд ямар байдлаар хандаж ажиллана гэсэн үг вэ?
 
-Уг нь энэ долоо хоногт УИХ-аар асуулгыг оруулж хэлэлцүүлэх гэтэл Монголбанк, Сангийн яам хоёр асуулгын хариу мэдээллийг бэлтгэж өгөөгүй байна. Ирэх долоо хоногт гол асуудал энэ сэдэв байх болно. Засгийн газар болон Монголбанк тодорхой хариу өгч чадахгүй валютын ханшийн хэлбэлзэл өсөөд байвал бид Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр арга байхгүй. Монголбанкны бодлогын алдааг хэлэхээс өөр арга байхгүй. Бид энэ сэдвээр бүх байгууллагатай харилцан ойлголцож ажиллаж, энэ төлөв байдлыг зөв зохистой зүйл руу оруулахад хамтарч ажиллах болно.
 
-2019 оны төсвийн төсөлтэй АН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт танилцсан.  Энэ удаагийн төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
 
-Төсөв өөрөө хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл хуулийн зөрчил энэ оны төсөв дээр ч гарсан.  Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтаар бол гадаадын зээл тусламж, хөтөлбөрүүд Төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой. Гэтэл ганц сайд дээр төвлөрүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал юм.   Мөн энэ жилийн төсөв маш өндөр дүнтэй   орж ирлээ.  Орлого, зарлага аль аль нь өндөр тавигдсан.  Алдагдал нь ч мөн  их байна.  Тиймээс энэ оны төсвийг 2020 оны сонгуульд зориулагдсан хэт хөөсөрсөн төсөв гэж харж байгаа. Иймэрхүү нөхцөл байдал 2010-2011 онд үүсч байсан.  Эдийн засгийн огцом өсөлтийн илэрч байгаад, инфляцийн огцом өсөлт, үнийн огцом хөөрөгдөлт, Монгол Улсын тансаг хэрэглээг өдөөсөн үйл явц болж өнгөрсөн. Энэ байдал 2019 онд давтагдах нөхцөл үүссэн байна. Ялангуяа 11 их наядын зардал улс орны өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Төсвийн өндөр зардал, орлогын хэмжээгээр өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг дахь бүтээгдэхүүний үнэ, инфляцийн өсөлт, ам.долларын ханш сүүлийн ганцхан сарын дотор маш том хэлбэлзэж байгаа нь том жишээ гэж харж болохоор байна.
 
–Ирэх жилийн төсөвт тусгагдах ёстой хэд хэдэн байхгүй байна гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?
 
– Монгол Улс жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулан ажлын байрыг ямар бодлогоор нэмэгдүүлэх гэдэг нь тодорхойгүй. УИХ-ын дарга М.Энхболд индэр дээрээс хэлсэн үг болох урсгал зардлыг нийт 10 хувиар багасгах ёстой гэсэн.  Гэтэл энэ төсөвт эсрэгээрээ орж ирж байх жишээтэй.  Мөн хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байна. Хоёр их наяд руу дөхөж очиж байна.  Нийгэм дэд бүтцийн шинж чанартай хөрөнгө оруулалт өөрөө төсвийн зардалд маш том дарамт болж  очдог. Импортын хэрэглээг өдөөх гол сэжим болж байна.  Үүнтэй холбоотойгоор төр хувийн хэвшлийн  түншлэлээр хөрөнгө оруулалтыг зохицуулах гарц байна.  Энэ тухай З.Нарантуяа гишүүн тодорхой санал гаргаад явж байна. Тэгвэл төсөвт үүсэх ачаалал буурна.  Төсвөөс мөнгө авдаг хулгай хийдэг  асуудал цэгцэрнэ.
 
Т.Батсайхан
Эх сурвалж:  "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?