📅

Ирэх онд уул уурхайгаас 3 их наяд төгрөг олно

🕔 2018/10/02 21:58

Ирэх онд уул уурхайгаас 3 их наяд төгрөг олно

 

Монгол Улс ирэх онд 9.7 их наяд төгрөгийн орлого олно гэж Сангийн яамныхан тооцсон. Ингэхдээ гурван төгрөг тутмын нэгийг нь уул уурхайн салбараас олох бөгөөд нийт гурван их наяд төгрөг орж ирнэ гэж төсөөлсөн байна.

Энэ нь төсвийн нийт орлогын 27.1 хувь, 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, ирэх онд нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 75.9 ам.доллараар тооцоод,  42 сая тонн нүүрс экспортлоно гэж үзжээ.  Улмаар 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх гэнэ.

Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр өссөн. Энэ хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байгаа нь ийн төсөөлөхөд хүргэсэн байна. Мөн олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6,222.2 ам.доллар байхаар төсөөлжээ.

Зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн нийт экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 2019 онд 1.3 их наяд төгрөгийн орлого зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлнэ. Ирэх онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давахаар байгаа тул хуульд заасны дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар ингэж тооцсон байна. Үүнээс гадна Монголбанкинд тушаах алтны хэмжээ 21 тонн байхаар тооцжээ. Харин газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ. Энэ нь 2018 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 50.2 хувь буюу 112.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн болж байна.  Газрын тосны экспортын 95 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” компани, үлдсэн  хувийг нь "Доншен газрын тос” компани гаргадаг.

Улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр болон ногдол ашиг хэлбэрээр төрийн өмчит компаниудын багагүй орлого оруулдаг. Монгол Улсын хэмжээнд 9.7 сая га талбайд ашигт малтмалын хайгуулын 1585, ашиглалтын 1655 нийт 3240 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Цаашид уул уурхайн салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж тооцож Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөөр ирэх онд 42.9 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж үзжээ. Энэ нь 2018 оны батлагдсан дүнгээс 15.9 хувиар буюу 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл эдийн засгийн таатай нөхцөл байдлаас үүдэн ирэх онд төрийн болон орон нутгийн өмчит уул уурхайн аж ахуйн нэгжүүд 330.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг төсөвт төвлөрүүлэхээр байгаа аж.

Дэлхийн зах зээлийн чиг хандлага таатай байгаа ч төсвийн орлогод үүсч болзошгүй эрсдэлээр зэс, нүүрс, алт, газрын тос зэрэг экспортын гол бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тооцох хэрэгтэй. АНУ болон БНХАУ импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа харилцан нэмэгдүүлж байгаа "худалдааны дайн”, АНУ-ын Засгийн газраас Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ, Турк дахь эдийн засгийн хямрал, БНХАУ-ын Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гангийн үйлдвэрийн тоог багасгах бодлогын арга хэмжээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн тогтворгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр 7332 ам.доллар байсан бол өнгөрсөн сард  5883 ам.долларт хүрч, 20 орчим хувиар буурчээ. Эдгээр шалтгааны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 3.7 хувь болж, өмнө төсөөлж байснаас саарах таамаг гарсан байна. Ийнхүү дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд саарахаар байгаа нь манай худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, экспортын гол бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ирэх онд ч мөн адил үргэлжлэхээр байгааг олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын таамаглалд дурдсан талаар ирэх оны төсвийн төсөлд дурджээ.



http://www.undesniishuudan.mn/content/read/160582.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?