📅

МАН, МАХН-ыг зааглаж байсан хана нурж эхэллээ

🕔 2016/03/02 10:50

МАХН-аас анх тавьсан саналын дагуу МАН, МАХН Эх орончдын өдрийг анх удаа хамтран тэмдэглэлээ. Хоёр намын удирдлагууд Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа баярын хурлаа хийлээ. Энэ­хүү арга хэмжээнд хоёр намын удирдлага, УИХ, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, жирийн гишүүд нь оролцсон юм. Мөн зарим улс орны Элчин сайд нар, МАХН-тай хамтран ажиллахаар төлөвлөж буй Ногоон намын дарга баярын хурлын содон зочид байлаа. МАН, МАХН хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэж байгаа нь цаашдаа нийлж нэгдэхийн эхлэл гэж олон нийт харж байгаа. Тиймээс хоёр намын даргын илтгэл олны анхаарлыг татаж байв. МАН-ын дарга М.Энхболд итгэлдээ хоёр нам нийлж, нэгдэх талаар дурдсангүй. Харин улс орны нийгэм, эдийн засгийн байдал цаашдын зорилтын талаар илтгэлдээ онцоллоо. Тэрээр "Эх орончдын өдрийг зөвхөн Улаанбаатар хотод бус Монгол орны өнцөг булан бүрт хоёр нам хамтран тэмдэглэж байна. Улс орны хөгжлийн ирээдүйн нэн эгзэгтэй зааг үед, үндэстнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулан бэхжүүлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах зорилтыг шийдвэрлэх чухал цаг дор тулж ирээд байна. Эдгээр зорилтыг цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж чадах эсэхээс Монгол орны маань цаашдын хувь заяа хамаарах болно. Улс орны эдийн засаг туйлдан доройтож, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудсаар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр чиглэсэн зорилготой цогц бодлогыг эрх баригчид хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой боллоо. Улс төрийн тогтолцооны шударга, хүрээмжтэй, ил тод байдал төлөвшиж чадахгүй, Үндсэн хуульт байгууллын дархлаа алдагдах шинжтэй боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд иргэн таны амьдрал сайжирсан уу гэсэн асуултад сонгогч олон түмэн гундуу үнэлэлт, гутранги байдлаар хариулж байна. Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард ир­гэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн төвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, өсөлт нь нэгээс доош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон нь санамсаргүй тохиолдол биш” гэлээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр анхнаасаа намынхаа нэрийг өөрчилсөн нь буруу байсан гэдгийг онцолж байв. Мөн цаашдаа нийлж, нэгдэх, хамтран ажиллах талаар илтгэлдээ товчхон дурдсан юм. Тодруулбал, "МАН, МАХН УИХ-ын сонгуульд хамтдаа орох уу, дан дангаараа оролцох уу гэдэг нь олны анхаарлын төвд байна. Та биднийг хамтраасай гэж хүсч буй нэг хэсэг байхад тус тусдаа байгаасай гэсэн өөр нэг хэсэг байгааг бүгдээрээ ойлгож байгаа. Одоогийн байдлаар хоёр нам УИХ-ын сонгуулиас өмнө нийлж, нэгдэх тухай ойлголт хууль эрх зүйн хүрээнд хаагдсаныг ойлгож байгаа байх. Харин УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох боломж та бидэнд нээлттэй байна. Та бидний дунд нурааж дийлэхгүй хана хэрэм байхгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Манай хоёр намын гишүүд, дэмжигчид ч ингэж ойлгож байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна. Гэхдээ зарчим, ёс суртахуун гээд ярих юм бол тус тусдаа ярих, тайлбарлах зүйл бий. Миний хувьд шударга бол эвтэй, эвтэй бол хүчтэй гэсэн зарчмын дагуу хамтран ажиллах боломж бололцоо байна гэж үзэж байна” гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлж байгаагаар хоёр нам сонгуульд эвсч орохоор болсон тохиолдолд хоёр талаасаа бодлого зорилтоо нэгтгэн мө­рийн хөтөлбөрөө боловсруулах ёс­той. УИХ-ын сонгууль ойртсон уч­раас хоёр намын удирдлагууд сонгуульд ямар зорилт дэв­шүүлж оролцохоо тодорхой болго­сон бололтой. Энэ нь тэдний илт­гэлийн нэг хэсгээс ажиглагдаж байлаа. МАН-ын дарга М.Энхболд "Бид түмэн олноо ядуурлаас аварч эдийн засгаа дахин сэргээснээр ДНБ-ий өндөр өсөлтийг хангаж, үр өгөөжийг нь хүн бүрт, ялан­гуяа ядуу, бага орлоготой ир­гэдэд түлхүү хүртээх замаар дундаж давхаргын иргэдийг олноор бий болгох хөгжлийн баримжаатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж монгол хүн эх орондоо сайн сайхан, тав тухтай, аюулгүй амьдрах боломж, бололцоог бий болгоно. Улс орондоо улс төр, засаг­­лалын тогтвортой байдлыг хангаж, Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах замаар, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах бодлого хэрэгжүүлнэ. МАН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэс­­ний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжиж бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно. Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой, томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, тө­мөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэм­жээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэ­мэгдүүлэх зарчмыг тууштай баримт­лан ажиллана. Бид хүн амыг чанар­тай, аюулгүй хүнсээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн салбарт техник тех­нологийн дэвшил, инновацийг нэвт­рүүлэн, хөдөлмөрийн бүтээмж, өр­сөл­­дөх чадвар, бүтээгдэхүүний гарцыг дээшлүүлнэ. Хөдөө аж ахуйн гарал­тай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэг­дүү­лэх, хамтын ажиллагааг бэх­жүү­лэх, хөрөнгө оруулалтыг эрчимтэй тат­на. Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн эх үүсвэр болох аж үйлдвэржилтийн хөгжлийг хан­гах стратегийг боловсруулж, аж үйлд­­вэрийн салбарын ДНБ-д эзлэх ху­вийг нэмэгдүүлнэ. Тууштай бодлого хэрэгжүүлдэг, тулхтай улс төрийн хүчний хувьд бид хамтдаа үүнийг хийж чадна” гэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр "Мянганы төмөр замын төслийг хэрэгжүүлж Ховдоос Дорнод хүртэл 1800 км төмөр зам тавина. Ингэснээр Монголын эдийн засгийн хөгжлийн хурд нэмэгдэнэ. Мөн алслагдсан аймаг гэдэг ойлголт үгүй болно. Түүнчлэн  "Улсын чанартай найман хот” нэртэй урт хугацааны мега төсөл хэрэгжүүлнэ. Хот бүрт тав тухтай орчинд дунджаар 150 мянган хүн амьдарч байхаар төлөвлөж байна. Манай улсын 450 мянга өрх орон сууцгүй гэсэн судалгаа бий. Тиймээс тухайн найман хотод нэг айлд дунджаар 60 ам метр талбайтай 450 мянган айлын орон сууц барина. Ингэснээр хэт төвлөрөл саарч агаарын бохирдол, хог хаягдал гэсэн нийслэлийн тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Мөн оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг байсан түүхийг эргэн сэргээе гэж бодож байна. Ингэж чадвал чадварлаг үндэс­ний боловсон хүчин бэлтгэгдэж монголчууд бүтээн байгуулалтынхаа жинхэнэ эзэн нь болно” гэв.

А.Болдбаатар

Эх сурвалж: Ардын эрх

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?