📅

Д.Лүндээжанцан: Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх

🕔 2018/10/02 15:24

Д.Лүндээжанцан: Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хэнтий аймагт нөхөн сонгууль байгуулах тухай УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 

Монгол улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие мах бодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг, мөн залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэх нэршил аваад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдалах болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад эзлэх хувь бага боловч нийгэмд учруулах хор уршиг, аюулын хувьд өндөр бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь хурдацтай өсөж байгаа аж. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж, тэрбээр энэ нь өмчид халдаж буй хэлбэр биш гэдгийг онцолж байв.

Нийтийн өмч болсон долгионыг ашиглан үйл ажиллагаа явуулдгийн хувиар хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үр нөлөөтэйгөөр оролцоотой байхыг хуульчлах саналыг хэллээ.   

Ийнхүү төслийн талаар хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Нөхөн сонгуульд оролцох бол үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан тусгаагүй байгаа юм. Тиймээс нөхөн сонгуульд оролцох хүсэлт бүхий төрийн албан хаагчдын талаарх зохицуулалтыг хуульд тусгахаар холбогдох төслийг боловсруулах нь зүйтэй”

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ын хуралдаанд оролцсон. Бид гаргасан хуулийнхаа хүрээнд УИХ-ынхаа тогтоолыг баталсан. 14 хоногийн дотор сонгуулийг зарлана гэж Сонгуулийн хуулинд заасан байсан. ҮХЦ-д очоод нөлөөлсөн зүйл байхгүй. Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Үндсэн хуулинд заасан асуудлыг барья гэж хэлсэн. Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх. Хэн ялж гарч ирэхийг хэн мэдлээ”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол МАН-ын хийсэн ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Цэцээр ийм шийдвэр гаргуулсан”

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг "Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би "Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдоржоо чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг МАН-ынхан томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй”

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд оролцох бол 6 сарын өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх зохицуулалтыг өөрчилж, 3 сар болгох нь зүйтэй”

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Тиймээс дэмжээгүй саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд орохоор болов.

эх сурвалж:undesten

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?