“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”
УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа.
-Монголын төмөр замд өмнө нь болж байгаагүй том осол боллоо. Үүнд төмөр замчид ямар дүгнэлт хийв, цаашид юу хийхээр төлөвлөсөн бол?
-Төмөр зам улс орны амин судас. Ялангуяа сүүлийн үед транзит тээврийн өсч байна. Цас, бороог ажралгүй хэзээ ч явж л байдаг болохоор Олон улсын эдийн засгийн чухал салбарт тооцогдог юм. Төмөр дээгүүр төмөр тэрэг явж байгаа болохоор эвдрэл, гэмтэл гарахгүй гэж зарим нэг нь боддог байх. Тийм биш юм. Маш нарийн цаг хугацаатай, хэмжээтэй тээвэр. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хэн ч, ямар ч газар ялгаа байхгүй хүчин мөхөсдөнө.
Энэ утгаар нь авч үзэхэд гал усны гашуун зовлон, янз бүрийн асуудал ямар ч салбарт тохиолдож, хэзээ ч, ямар ч үед нүүр тулж болно шүү дээ.Түүний нэг жишээ нь хэдхэн хоногийн өмнө Чойр-Айрагийн хооронд болсон тохиолдол. Гэнэтийн ширүүн бороо, зүйрлэж хэлбэл хувингаар ус цутгаж байгаа юм шиг хэдхэн минутын дотор шороо, шавартай нь хутгаад хаячихсан юм билээ. Бороо зөвхөн нэг талаас ч ороогүй, замын хоёр талаас их ус бууж ирсэн байгаа юм. Харин сохор азаар хүний амь нас эрсдээгүй. Вагон, зүтгүүр эвдэрсэн. Гуч гаруй метр газарт зам эвдэрсэн. Зорчигчид болоод замчдаас гэмтэж бэртсэн нь бий. Би хэд хоног томилолтоор гадагшаа яваад эзгүй байсан. Юу болсныг мэдээллийн хэрэгслээс харсан. Зүтгүүр, вагоноос хажуу тийшээ харж унасан байлаа. Энэ том хохирол. Өнөөдөр улсын маань бэл бэнчин ямар байгаа билээ. Эдийн засаг, түүний чадавхи ямар байгаа билээ. Төмөр замд ч ялгаагүй. Харин машинч сайн ажилласан гэж би үзэж байгаа. Ерөнхийлөгч үер усны үеэр сайн ажилласан хүмүүсийг "Шударга журам” медалиар шагнана гэж дуулдсан. Сэргээн босгох ажилд төмөр замчид нойр хоолгүй зүтгэж, оролцсон. Энд гайхуулж байгаа ч юм биш, алив нэг юм боллоо гэхэд төмөр замынхан эрвийх, дэрвийхээрээ хөдөлдөг. Хэзээд бэлэн байдаг. Хүнд хүчир ажлыг хийж байгаа хүмүүс гэдэс нь хонхолзоод байвал ажиллах аргагүй. Тэгвэл бууз, хуушуурыг нь хүртэл төмөр замын нийтийн хоолны газрууд дор нь бэлтгэж, авчирч бараг аманд нь хийдэг. Тэгж л ажиллацгаасан байна лээ.
Галт тэрэг 30 гаруй цаг саатсан. Ингээд үзэхэд төмөр замынхаа цаашдын хүчин чадлыг бэхжүүлнэ гэдэг зөвхөн зүтгүүр вагон, зам төмөр, дэр мод энэ тэрээр хязгаарлах асуудал огтхон ч биш юм. Ялангуяа, төмөр замын доод ул шороо, ус нэвтрүүлэх суваг шуудуу, төхөөрөмж, гүүр далангийн асуудал ямар байх ёстойд гүн гүнзгий дүгнэлт хийж, ажиллах шаардлагатай. Дэлхийн цаг уурын эрс өөрчлөлт, нэг талаас үер ус зэрэг байгалийн гэнэтийн, таашгүй үзэгдлүүд энд тэнд их гарч ирж байна. Энд бэлэн байдал чухал.
-Манайхан зам, барилгын эрсдлийн үнэлгээ хийлгэлгүй барьчихдагийг энэ зуны бороо илрүүлж, энд тэнд түргэн авхууллаа. Төмөр замын аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ ямар байдаг юм бол?
-Онолоор бол төмөр замыг ус үерээс хамгаалах ажил 100 жилийн магадлал дээр тулгуурласан байдаг. Тооцоо, судалгааг ингэж хийсэн байх учиртай юм. 1953-1954 онд урд чиглэлийн төмөр зам баригдсан. Тэр үед оросууд маш сайн тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үер уснаас хамгаалах гүүр, хоолой, суваг шуудуу, хамгаалалтын далан тун гайгүй байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуурайшилт ихтэй байсан. Бороо орохгүй гэж тооцоолохгүй, болзошгүй байдлыг хангаж хийсэн. 1990-ээд онд хойд чиглэлийн төмөр замуудын ус нэвтрүүлэх байгууламжуудыг Япон улсын тусламжтайгаар бэхжүүлсэн. Тэр ч саяын үер усны үед аминд орсон. Урд чиглэлийн замыг ус үерээс хамгаалах, гүүр даланг бэхжүүлэх ажлыг 1970-аад онд тухайн үед манай улсад байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийнхан болон төмөр замын цэргүүд хийж өгсөн. Үргэлжлүүлээд манайхан ч чамгүй юм хийсэн. Гэхдээ л өнөөдөр улам сайжруулах шаардлагатай байна.
-Төмөр замынхан өмнө нь үер устай нүүр тулж байсан биз дээ?
-Намайг ажиллаж байх үед нэг их сандаргасан зүйлүүд гайгүй байв. Гэхдээ бороо орж, үер болж л байсан. Салхит өртөөний наахна резерв зүтгүүр давхиж явтал зам усан дотор орчихсон, аз болоход үсрээд цаад талд нь гарсан байж билээ. Иймэрхүү зүйл зөндөө л гардаг байсан.
-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг ОХУ, манай улсын зүгээс сэргээн босголтын асуудлаар зөвшилцсөн болов уу?
-Хоёр тал яг энэ асуудлыг ярьж байгаагүй. Саяын болсон явдлаас сургамж авч цаашид ярих юм их бий. Замын хотгор, гүдгэр гэдэг маш нарийн, милометрээр хэмжиж ярих асуудал. Үүнийгээ улам нарийвчлах шаардлага гарч болно. 1990-ээд онд нүүр нүдгүй шороо шуурч, элс шороо овоо болж зам бөглөчихдөг байв. Түүнийг нь трактороор түрүүлж, өөрсдөө хүрзээр малтаад хүртэл явдаг байлаа. Энэ мэт зүйлүүд яваандаа замын ерөнхий аяс байдалд нөлөөлж өөрчлөлт орж байж ч болзошгүй.
Нөгөө талаас, бид ерөнхийдөө замын дээд тал зам төмөр, дэр мод чигжээс хийдэг хайрга, дайрга гэх мэтэд анхаарч эргэлдээд байх бус, доод талын суурь далан, шороог бэхжүүлэх, ус нэвтрүүлэх гүүр, хоолойг шаардлагатайг нь яаралтай шинэчлэх, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх, барагтай л бол мэлтэлзсэн усанд нурж унаад байхааргүй нөхцлийг бүрдүүлэх ёстой. Давагдашгүй байдал үүсэхэд бид яах вэ гэж гараа өргөх ёсгүй. Хүн ухаантай учир тэр бүхнийг давж гарахыг л бодох ёстой. Бид ганцхан урсгал замтай улс шүү дээ.
Ер нь, манай үер уснаас хамгаалах төмөр замын систем тун чамбай, дээр нь давхар хяналтад байдаг. Түүнийгээ улам нарийсгаж, болзошгүй байдалд байнга бэлэн байх нь чухал юм. 1970-аад оны сүүлчээр Чойроос наахна 16 дугаар зөрлөг орчим мөн их усанд автаж, зам, галт тэрэг олон хоногоор саатаж байсан юм билээ. 1964 онд мөн усанд автаж, тэвдэж байсан сургамжууд байдаг. 1977 онд гүүр хоолой усанд автсанаас Замын-Үүдээс нааш ирж байсан олон улсын суудлын хоёр ч вагон замаас гарч хүмүүс сандралдан орилж байхад түүгээр зорчиж явсан Энэтхэгийн иргэн холхон очоод зураг аваад зогсч байсан гэдэг. Ийм зүйлүүд төмөр замын түүхэнд бий.
-Зам, тээврийн салбар намын хүмүүсээр дүүрч, мэргэжил арга зүйн удирдлага дутсанаас болж осол гарсан гэж зарим хүмүүс хэлж байгааг та юу гэж үзэж байна?
-Бороо их орж, үер болсон нь мэргэжлээс шалтгаалаагүй байх. Гэхдээ аман дээрээ мэргэжил гэж ярьчихаад, хэрэг дээрээ мэргэжлийг эс тоодог, сонгуульд идэвхтэй гүйдэг хүмүүсээр томоохон албан тушаалуудыг дүүргэсэн явдал ганц төмөр замд ч биш, бусад салбарт ч нэг адил нүүглэсэн бороо байх аа. Энэ маш хортой.
-Салбарын яамны нэг газрын дарга нөгөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэрэг хүртэл гарлаа. Та салбар хариуцсан сайд байсан хүн, таныг байх үед төрийн яам ямар байв. Одоо ямар болж байна вэ?
-Миний ажиллаж байсан 2007-2008 онд арай ч ийм байгаагүй ээ. Энд тэнд балгадаг, хөлчүүрхдэг явдал байсан л байх. Гэсэн ч ингэж чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэж, дотор муухайруулсан явдал болж байгаагүй. Саяын болсон явдал бол манайхны ерөнхий байдалтай л холбоотой. Төрийн ажил, албыг хашихыг үнэн сэтгэлээс авч үзэхгүй, албан тушаалын хойноос ухаан алдан гүйж зүтгэдэг явдлууд нөлөөлсөн байх. Ямар бурхан болсон хүнийг сэрээж юу болсныг асуух биш. Би тэр явдалд гутарч байгаа. Асуудлын мөрөөр хариуцлагын асуудалд Засгийн газар, Ерөнхий сайд зэгсэн анхаарч байх шиг байна. Яамны удирдлагад гарч ирсэн, Төмөр замын удирдлагад ажиллаж байсан Л.Халтар бол төмөр замын гялайх мэргэжилтнүүдийн нэг яах аргагүй мөн гэж би хувьдаа үзэж байгаа. Тэр хүний хувьд ганц төмөр зам ч биш хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнт үйлдвэрлэлийг удирдаж чадах бэлтгэгдсэн мэргэжилтэн. Тиймээс эзнээ олсон томилгоо гэж харж байна. Яамны бусад газар, хэлтсүүдэд ч мэргэжлийн шалгуурыг хатуу чангатгах ёстой. Тэгэхгүйгээр, тэр сайдын хүн, энэ даргын хүн гэсэн байдлаар явж болохгүй. Ингэж болохгүй гэдгийг Зам, тээврийн яаманд болсон асуудал харууллаа. Бусад яам, тамгын газар ч гэсэн ялгаагүй анхаарч ажиллах учиртай.
-Зам,тээврийн дэд сайдаар томилогдсон Л.Халтар таны хүргэн юм биш үү?
-Хэн тэгж байгаа юм.
-Хэвлэлүүд бичсэн байна лээ?
-Дотор халуунтай зарим хүн дэмийрч байгаа байх. Юугаа зүүдэлсэн юм бол. Би хоёр охинтой. Нэгийнх нь нөхөр Ганбатын Адъяатөмөр, нөгөөх нь номын мөр хөөгөөд гэрлэж амжаагүй яваа. Бодвол Л.Халтар таалагдахгүй байгаа улс амьтан байгаа байх. Тэд л эсэн бусан юм зохиож бичиж, бичүүлж байгаа биз дээ. Тэрийг төмөр замчид мэднэ дээ.
-Сонгуульд ажилласан гэх юм уу, эсвэл сайд даргын далбаан дор төрийн албанд орчихоод зөрчил дутагдал гаргачихаараа өргөдлөө бичээд, ажлаа өгч хариуцлага хүлээлээ гээд уснаас хуурай гараад явчих юм. Энэ зөв үү?
-Өгөхөөс өөр арга байхгүй. Өргөдлөө өгөөд явж байгаа гурван хүнийг би зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийлээ гэж харж байна. Шаардсан ч байна уу, өөрсдөө ухамсраараа өгсөн ч байна уу, тэр нь хамаагүй. Тэнд хийгдсэн эхний томилгоог би Засгийн газар улс орны эрх ашгийн үүднээс асуудалд хандлаа гэж үзэж, дээр тэмдэглэж хэлсэн хэрэг.
-Өргөдлөө өгсөн ч гэсэн тэр хүмүүс дараагийн сайд, дэд сайдыг томилтол үүрэг гүйцэтгэгч хийдэг. Гэтэл Ерөнхий сайд халлаа, огцрууллаа гээд л зарласан. УИХ-д өргөн мэдүүлэлгүй өөрөө шийдвэр гаргаад байгаа нь Их хурлын бүрэн эрхэд халдсан хэрэг биш үү?
-Шуурхай шаардлагын үүднээс Засгийн газар тэгж шийдсэн байх. Ер нь, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний асуудал Их хурлаар оролгүй яахав. Орны хүнийг нь томилох ч мөн зайлшгүй Их хурлаар шийднэ. Засгийн газар, Ерөнхий сайд байдлыг соргогоор мэдэрч, улс орны эрх ашгийн үүднээс шийдвэр гаргалаа гэж харж байна.
-Бид болохгүй байна, бүтэхгүй нь гээд ярьж, бичдэг. Цаашид яаж явбал зохистой вэ?
-Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж үг бий. Болж, бүтэж байгааг нь аль болохоор дэмжиж, аливааг чин сэтгэлээсээ хийж явбал бүтэхгүй, болохгүй зүйл байхгүй. Өгөөмөр сэтгэл гэдэг юм барагтайг дийлдэг. Сүүдэртэй талыг нь бариад яриад явбал ажил ердөө бүгэхгүй, хөгжлөөс ч чангаана.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох