📅

ТАМЫН ТОГОО-г эхлээд манж галлав, дараа нь оросууд галлав, одоо 76 монгол галлаж бна, төгсөшгүй ...

🕔 2018/08/03 11:40

ТАМЫН ТОГОО-г эхлээд манж галлав, дараа нь оросууд галлав, одоо 76 монгол галлаж бна, төгсөшгүй ...

 

Манжууд нэгэн том тогоо хийжээ. Тэрэндээ Монголчуудыг хийгээд чанаж гарав. Дангаараа сайн галлаж чадахгүй учраас Оросуудыг хойд талаас нь галлаад өгөөч гэж гуйхад тэд ч дуртай нь аргагүй өрдлөө. Оросууд тогоог таглахгүй юмуу гэж асуухад Манжууд яах юм бэ, наадуул чинь гарах гэсэн нэгнээ татаад оруулчихдаг юм, илүү ажил гээд тоосонгүй.
Ингээд хэсэг хугацааны дараа Манжууд сураг алдрав. Оросууд харин тогооны урд хэсгийг галлаж өгөхийг Хятадуудаас гуйлаа. Хятадууд ч мөн уухайн тас галлаж гарав. Оросууд доогуураа галаа өрдөх мөртөө бас тогооны дээрээс амаараа үлээж, эвий эвий халуун байна уу гэх болов. Ийнхүү 70 жил өнгөрч байтал Горбачёв гэгч нөхөр гэнэт одоо болъёо, наад тэнэг Монголчуудын төлөө хамаг түлээ түлш барж дууслаа гэхэд Нээрээ болъё гэцгээгээд галлахаа болив. Хятадууд гал намдсаныг хараад өөрсдөө гуйчихаад орхичихдоо яадаг байнаа, за бид ч болъё доо гээд орхив. Тамын тогооны гал унтарлаа.
Өнөөх Монголчууд тогооноосоо гарч чаддаггүй ээ. Мөн л гарах гэснээ татаж унагаад, гарвал бүгдээрээ л гарна гэж хашгична. Эхлээд хүүхэд хөгшдөө гаргая, тогооны энэ тал руу гарья гэх мэтээр орилолдоно. Тэндээс нэг цэцэн нь Хөөе тогооны нэг тал руу бөөнөөрөө гарах гэвэл тогоо хөмөрнө, хөмөрсөн тогоонд бүгд бүтэж үхэх гээ юу гээд цэцэрхэнэ. Тал тал тийшээ гарах гэтэл дороос нь тулах хүн байхгүй тул хөл нь халтирна.
Тэгээд гэнэт 76-гаа гаргахаар боллоо. Тэд ирмэг дээр гараад бусдыгаа татаж гаргах юм болов. Хэн хэнийг гаргах вэ гэтэл би ч тийм олс олж ирнэ, би ч нисдэг тэрэг олж ирнэ, би ч пуужин бүтээнэ гээд бүлтэрч гарлаа. Арай гэж сонгогдсон хэд нь ирмэг дээр гарсан хойноо цаашаа Хятадуудаас мантуу гуйна, Оросуудаас төмс гуйна. Зарим нь бүүр энэ тэнүүгээр зугаалж явж байгаад эргэж ирнэ. Эргээд нөгөөдүүлээ татах амьтан олддоггүй ээ. Ингэсээр ээлж нь дуусаад дахиад дараагийн 76-гаа сонгов.
Бас л бахь байдгаараа. Харин ч хоёр гурав дахиа сонгогдсонууд нь ирмэг дээр суучихаад шүдээ чигчийлэн, чигчлүүлээрээ Монголчууд руугаа заан инээж баясна. Тэгээд зүгээр ч үгүй 76 дотроо би хамгийн олон удаа ирмэг дээр суусан, энэ муу шинэков бацаан сая гарч ирчихээд олон юм ярилаа гэж оны ялгаа гаргана.
Хамгийн сүүлд тав дахь удаагаа сонгох юм боллоо. Ёстой ид шидийг бүтээхээ амлаж гарлаа нөгөөдүүл нь. Эхлээд хүүхдүүдийг далавчтай болгоно, дараа нь шинээр гэрлэсэн залуусаа нисдэг тэргээр татна, хүн бүрийг бүдүүн олсноос бариулна гээд л. Арай гэж 76 сонгогдтол танайх булхайцлаа, манайхаас цөөхөн байна гээд бөөн зодоон боллоо. Цус нөжтэйгээ хутгалдав. Зарим нь бид тамын тогооны галыг унтраахдаа оготны хамраас ч цус гаргаагүй гэж цээжээ дэлдэв. Яс юман дээрээ Орос Хятад хоёр залхаад л галаа унтраачихсан юм байна лээ ш дээ.
Нэг харсан тогооны ирмэг дээр байсан 76 алга болчихжээ. Хүмүүс хүүе хайя нөгөөдүүл яав аа гээд орилолдож байтал тогоо халж, бүр буцлаж эхэллээ. Учир нь өнөө 76 хоорондоо ярьж байгаад ерөөсөө өөрсдөө галлая, ядаж 4 жил наадуул чинь завгүй байг гэлцэн энд тэндээс мод түлээ цуглуулж явна. Тамын тогоо пур пур буцалсаар ....

Эх сурвалж: Баатарцогт Зоригтбаатар

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?