📅

МАН-ын 60 тэрбумын хэрэг илчлэгдэв үү

🕔 2018/07/27 12:04

МАН-ын 60 тэрбумын хэрэг илчлэгдэв үү

Өнгөрсөн амралтын өдөр АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирал болсон Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэгвэл У.Хүрэлсүхийн туслахаас гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс ч дээрх 600 сая төгрөгийн авлигын хэрэгт шалгагдаж эхэлжээ.

Тодруулбал, МИАТ-ийн Санхүү эрхэлсэн захирал Энхбаатарын Мөнхмарал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүн. Харин тус компанийн Хуулийн хэлтсийн дарга Нэмэхжаргалын Гантулга нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн гарын хүн аж. Тэгэхээр энэхүү 600 сая төгрөгийн хэрэгт холбогдсон нэр бүхий гурван залуу МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүстэй хамгийн ойр шадарлаж байсан залуус гэдгийг намынхан нь ч хэлж байна. Харин одоогоор олонд нэр нь ил болоогүй Э.Мөнхмарал, Н.Гантулга нарын нэрсийг сайтар нууцлах даалгаврыг намынхандаа болон МИАТ-ийнхэнд өгсөн ч муу юм модон улаатай гэгчээр ийнхүү нэрс нь ил боллоо.

Ямартай ч сайн муугаараа олонд хэлэгдэж байсан АТГ-ынхан МАН-ын туслахуудын холбогдсон 60 тэрбумын авлигын хэргийг илчилж эхэллээ. Хэдийгээр илэрсэн нь өнөөдөр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын залуус байгаа ч нэлээн урт нэрс цааш хөврөх бололтой.

Эцэст нь хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнхан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 60 тэрбумын хэргийг санаатайгаар нуун дарагдууллаа хэмээж түүнийг албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчтэй хавсайдан шаардаж байсан.

Тэгвэл та бүхний туслахуудыг авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ынхан илчилчихлээ. Шударга үнэнийг эрхэмлэдэг хэмээн хэлж байсан Ерөнхий сайд энэ удаад ямар тайлбар өгөх бол гэдэг нь сонин байна.

Р.САРУУЛ

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?