📅

Наадмын бөх сайхан боллоо гэхийн цаана

🕔 2018/07/24 14:08

  Наадам сайхан боллоо гэлцэж байна. Тэр дотор бөх сонирхолтой ёстой таавар, төсөөлөл талаар болж өнгөрлөө гэх. Энэ нь хэн нэгнийг түрүүлнэ. Гэхдээ тэр, тэр тун дээгүүр барилдана гэж сэтгэлдээ "барилдуулж" байсан бөхийн хорхойтны үг байх. Яахав бөх сайхан боллоо гэж хэлж ч болох. Шинэ аварга төрлөө. Үнэндээ улсын арслан Н.Батсуурь энэ удаа өөгүй тэгшхэн барилдаж баяр наадмын манлай бөх болж Увс нутгийнхан түүгээр бахархав. Тэгэхээс ч аргагүй л дээ. Зарим нь дахиад л Увсын бөх түрүүлчихлээ гэж халаглах аястай байх юм. Увсаас олон түрүү авдагт атаархсан ч юм шиг. Энэ байдал ер нь хэрэггүй л дээ. Н.Батсуурь тун сайхан барилдаж аварга цолтон боллоо. Түүнд баяр хүргэхээс яах юм. Харин ундууцах нэгэн байгаа бол тэр Ч.Санжаадамбадаа л уураа гарга. Аварга хүн байж хэнтэй ч халирангуй зууралдсан барилдаан хийж удаад байгаа бие чац, бяраа зөв зарцуулж чадахгүй байсан. Түүнийг аз нь түшиж л үзүүрт хүргэсэн биз гэж бодогдоно. Уг нь овсгоотойхон барилдсан бол одоо даян аварга гээд ханхалзаж явах байсан даа тэр.
 
Улсын баяр наадмын дэнж арай өөр байдаг гэдгийг Ховдын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нар мэдэрсэн болов уу. Заал танхимын барилдаанд сүүлийн үед тэд түрүүлчихээд л байсан. Бас улсын арслан П.Бүрэнтөгс гэж нэг увайгүй муу барилдсан нөхөр бий. Түүнийг энэ жил түрүүлнэ ээ гэж олон хүн харж байсан даа. Наадмын өм гэж бас нэг юм байна аа даа. Энэ талаас нь харвал Ч.Санжаадамба мэтийн бөхөд дахиад ийм боломж олдоо ч уу, үгүй ч үү мэдэхгүй. Энэ тухай яриаг орхиж наадмын бөхийн сүр сүлдийг гутаадаг нөгөө гайхал начны найрааны тухайд нууц юм шиг мөртлөө ил болсон явдлыг жаахан хөндөе гэж бодлоо.
Жил жилийн наадмын жишгээр есөн хүн начны давааг гэтэллээ шүү дээ. Зарим нь бахархмаар сайхан давж харагдсан. Булганы Д.Амаржаргал, Баянхонгорын Н.Золбоо, Говь- Алтайн З.Бямба-Очир, Завханы Т.Бэгзсүрэн, Баянхонгорын Д.Цэрэнтоггох гээд хүчтэй бяртайгаар учраагаа илүүрхэн давж байсныг бөхийн хорхойтнууд хэлцэж дуусахгүй л байх шиг. Үүнтэй зэрэгцээд найрааны тухай яриа их л байна. Аварга хүн цолондоо хүрч барилдахгүй болохтойгоо зэрэг л "мөнгөөр унаж өгдөг" бөх болдог юм байна гэх. Тэр ч үнэн юмаа даа гэдэг нь энэ наадмаар дахин батлагдлаа. Сүрхий найраа гурвын даваанаас хийгдсэн жишээг хүмүүс ярьж байх юм. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат аймгийн арслан Б.Батжаргалын хийсэн найраа тоонд муухан хүн толгой эргэм санагдав. Тэр өөрөө тав давах хаалганы бариулыг залуу бөх Г.Алтанбаганад эхлээд атгуулж. Тэрэнд гурвын даваанд унаж өгөх хүн нь аварга О.Балжинням байж. Тэгснээр дөрвийн даваанд дархан аварга Г.Өсөхбаярт Г.Алтанбагана нөгөө бариулаа тавиад сөхөрч өгдөг. Начны даваанд нь улсын харцага Т. Баасанхүү саад болохгүйгээр тохирсон биз. Ингэхээр тавын даваанд хэлцсэн ёсоор дархан аварга Б.Батжаргалыг авч таарсан. Тэгээд унаж өгч баярлуулсан юм гэнэ дээ. Энэ мөн ухаалаг гаргалгаатай найраа аж. Б.Батжаргал начин болсныхоо хариуд даруй дөрөв, таван хүнд "төлөөс өгсөн" болж таарч байна. Ингээд бодхул начны найраа 400 саяд хүрсэн гэх барим тавин яриа оргүй ч биш бололтойдог. Телевизээр ч тэгж л ярьсан шүү дээ. Найраа ийм нарийн "технологи"-той байдаг гэдгийг энэ жишээ мэдрүүллээ. Улсын заан Б.Батмөнхийг арай найраа хийх болоогүй гэж бодсон худлаа юмаа гэж бөхийн хорхойтон нөхөр гайхан хэлж байхыг анзаарлаа. Гэхдээ давааг биш унахыг үнэлдэг болсон цаг юм даа. Улсын заан М.Өсехбаярын аз таарч. Ямар аз юм бэ гэвэл тавын даваанд нутгийн дүү аймгийн арслан Д.Амаржаргалыг авах тохироотой байтал урдуур нь цолныхоо эрэмбээр Б.Гончигдамба гарьд ороод авчихаж. Тэгээд заан, аймгийн арслан хоёрт хоёуланд аз таарсан гэж болох. М.Өсөхбаяр аймгийн арслан өөр нэгнийг авч "үнэтэй унах" боломж олдсон нэг аз. Тэгвэл Д .Амаржаргал гарьд Б.Гончигдамбыг гэнэхэн хийж шороодуулсан "үнэлээгүй даваа" авсан хоёр дахь аз байлаа. Төөрөх шахсан аз төрлөө олсон жишээ ийм. За больё. Т Наадам гэхээр бөхчүүдийн найрааны тухай энэ мэт яриа дүүрэн байх болж. Бөхийн үнэ цэнийг муутгаж байгаа юм найраа гэж ярих н ч зогсоох хүч гэж алга юмсан уу. Бөхийн холбоод хэрэлдээд л бөхчүүд араар нь найралцаад л... Ийм л байна даа.
 
Ц.Жамбалсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?