📅

МАН-ын 40 дээрэмчинд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс илүү АТГ-ын дарга Х.Энхжаргалыг хамгаалж үлдэх нь чухал болчихоод байна

🕔 2018/07/24 13:53
Авилгын шар толгой...
 

Тэд яг гуравны нэг болчихож. У.Хүрэлсүхийн тал ч биш, М.Энхболдын тал ч биш. 33, 32-ийн бүлгийн аль нь ч МАН-ыг сүйрлээс аврахгүй гэдгийг та ч мэднэ, би ч мэднэ. Авраад байх нам ч биш болсон доо, хөөрхий! Цагтаа "Коммунист МАХН бол Чингис хаанаас хойш Монголчуудын зохион байгуулалтын дээд хэлбэр” гэгдэж байсан бол өнөөдөр "Авилгачдын зохион байгуулалтын шинэ дээд шат” болчихсон юм. "Империализм бол капитализмын дээд шат” гэдэг шиг "МАНАН авилгын дээд шатандаа” хүрч, авилгын ерөнхий хямралдаа идэгдэн ялзарсаар...
Тэхий дундуураа хуваагдсан МАН-ын парламентын бүлэгт өнгөрсөн нэг жилийн дотор хүчний хуваариалт явагдаж, дундаас нь 25 хүнтэй "гуравдагчид” гараад ирэв. Эд харин намаа "аварч” магадгүй юм. Гэхдээ 2020 онд аврал буухгүй, алсдаа бол харин эд л аварвал аврах байх. Гэхдээ парламент бол намын биш төрийн институц учраас уг нь төрөө аврах эрмэлзэлтэй байх ёстой!
Одоо энэ шуугиад байгаа 60 тэрбумын хэргийг шийдэх нь намаас илүүтэй төрд авралтай юм. "Төрийг авсныхаа дараа зардаг байснаа урьдчилаад зардаг болтлоо төгөлдөржсөн” сонгуулийн булхай цаашид улам төгөлдөржвөл бүр хэдэн сонгуулийн хугацаагаар нь зардаг болтлоо төгөлдөржинө. Авилгын дээд шат гэж байхгүй улам л хөгждөг. Хямралаас үймээн дарангуйлал мөхөл хүртэл... Тэгээд улстайгаа хамт үхнэ! Монголчууд ийм түүхийг хэдэнтээ туулсан. Үндэстэн нь тэсч үлдсэн тулдаа эцсийн голомтоо бадраасан ч одоо тэр голомт руу авилгачид нулимж байна.
Авилга, оффшор, төрийг худалдсан хэрэг бол нам ба түүний эрхийг худалдан авсан төр эрээ цээрээ алдсаны шинж л дээ. Хэрэв үүнийг засаж авахгүй бол жишиг боллоо. Энэ "том” 60 тэрбумын цаана жижиг "60 тэрбумууд” ч бий. Өмнөх ЗГХЭГ-ийн зохион байгуулсан ийм систем бол Засаг солигдох бүрт тохиолддог болсон, У.Хүрэлсүхийн ЗГ унавал тэр систем ажилд орно, ахиад ЗГ бүрдүүлбэл суудал бүрийг үнэлж хувалдана. Сангийн сайд 5 сая ам.доллар ч гэх шиг, Барилгын сайд 25 тэрбум ч гэх шиг "авилгын хий үзэгдэл” тэнүүчилсээр л... Ахиад жаахан дотогшилбол ГЕГ-т бий болсон сүлжээ... боомтын дарга нар ажилдаа үлдэх, эсбөгөөс ажил авах бол 100-300 саяыг тушаах ёстой... гэх мэтээр шаталжээ. Тодорхой зүйрлэвэл "Матрёшка” аятай төрийг жижиглэн худалдаалах, бүр үе шаттай, нэг нь нөгөөгөө далдлан хуягласан сүлжээ үүсчихсэн юм билээ. Тэгээд жижгэрвэл бүр нийслэлийн ЗДТГ ба түүний харъяа газрууд хүртэл. Өнөөдөр бол дөнгөж хамгийн гадна талын хамгийн томыг нь, өндгөөр бол хальсийг нь "Яах вэ?” л гэж ярьж байгаа шүү дээ! Уурагт нь хүрье гэвэл уг нь хувьсгал л хэрэгтэй л дээ!
 
Ийм мөнгө босгодог систем ний нуугүй хэлэхэд АН-д ч бий. Мөнгө босгох энэ арга зам эрх барих боломжтой, иргэдийн жигшдэг МАНАН-гийнханд л Засгийн эрхэнд хувааргүй ноёрхох боломжийголгодог юм. Энэ хэрээр төрийн албан тушаал гэдэг лангуун дээрээс зарагддаг бараа, овсгоотой авилгачийн нугардаг "бизнес” болж хувирч байгаа юм. Үнэндээ зах зээлийн эдийн засаг гэж байдгаас зах зээлийн төр гэж байх ёсгүй юм. "Зах зээлийн төр” бол хэнд ч худалдагдахад бэлэн "бараа” болж хувирдгийн горыг бид нийтээрээ хангалттай амсаж байна, амсах байтугай идэж байна! 
УИХ-ын 25 гишүүний ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах тухай санаачлага, Ерөнхийлөгчийн дэмжлсэн шаардлага бол үнэндээ аль нэг намын, бүлэглэлийн эсрэг ердийн "хор найруулга” биш, нийтлэг үндэсний эрх ашгийн төлөөх улстөрийн алхам юм. Тиймээс яг эндээс улстөрчид нийтлэг эрх ашгаа харж чадаж байна уу? авилгатай тэмцэх эрмэлзэл байна уу? гэдгийг бид харах болно! Наад зах нь ээлжит бус хурлыг эсэргүүцэх нь хэнбугайд ч "авилгач” гэдэг хочийг эргэлзээгүй зүүх хангалттай шалтгаан болно. Цаашилбал УИХ өөрөө тарахдаа тулна! 60 тэрбумын хэрэгт МАН-ын гишүүн бүр тэрбумын хариуцлага хүлээх ёстой. Авилгачид мөнгөтэй! Сонгуулиар байтугай сонгуулийн бус үед юуг ч худалдан авч чадна гэж боддог, тэгсээр ч ирсэн нь үнэн. 
АТГ-ын дарга Х.Энхжаргалд асуудал нь байгаа юм биш. Тэр бол ердийн хөндүүр "шар толгой” төдий юм. Түүнийг оролдох нь их өвчтэй байгаа нь үнэн, тэр байтугай цагдаагийн нэг хэлтсийн дарга төдий тэр хүний үйлдэлд нийгмээрээ "эмзэглэж” байгаа нь ерөөсөө авилга ингэтлээ тархсаных. 
Түүнийг "шахчих”-вал цаана нь идээ бээр бий, бүр уртхан ууттай суваг бий. Х.Энхжаргалыг шахаад л орхих юм бол ахиад л толгойлчихно! Ер нь бол ингэж ч ирсэн. Гэхдээ АТГ бол авилгын нэг л хатиг юм. Энэ улс орныг хүнчилбэл гэвэл хаа сайгүй бугласан ийм шар толгойтой хатиганд баригдчихаад, цус нь бохирдоод халуурч байна. Дутуу шахсан "буруу харсан толгойтой” нь улам олширсоор...
 
Ээлжит бус хурлыг зарлагчид өөрсдийгөө "МАНАН-г эсэргүүцэгч” гэж нэрлэж байгаа нь ийм үндэслэлтэй юм. 60 тэрбумын хэрэг бол намын төдий биш төрийн эсрэг гэмт хэрэг. Нэгэнтээ худалдагдаж хаширсан сонгогчид МАНАН-гийн эсрэг сүүлийн сонгуульд мөнгийг ялж билээ. Тэр давалгаа эрчиндээ МАНАН-гийн Засгийн газрыг, өөрөөр хэлбэл 65 суудалтай, хатуу сахилгажсан намын Засгийн газрыг хүртэл ширвэж орхисон. 
Үүний дараа амжилтандаа эрдсэн ард олон тайвширсан нь алдаа! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нийлээд авилгыг, түүний төгөлдөржсөн хэлбэр оффшор, 60 тэрбумын хэргийг шийдчихнэ гэж найдаад орхисон нь бүр хариуцлагагүй "эс үйлдэл” юм. Оффшор бол авилгын мөнгөө нуух арга, харин 60 тэрбум бол авилгын мөнгөөр төрийг худалдан авсан гэмт хэрэг, хоёул авилгын нэг үндэстэн хоёр салаа! Түүнээс оффшорчдын тайлбарлаад байгаа шиг "биенесмэн хүн мөнгөө хаана хадгалах нь төрд падлийгүй” гэсэн үг биш. Тэгээд ч оффшорт бизнес эрхлэгчид биш дан улстөрчид, тэдний хамаатан садан мөнгөө нуусан нь "Монголын онцлог” болчихоод байна. Хэрэв биенес эрхлэгчид мөнгөө оффшорт нууж байсан бол засах арга бий, татвар ба тарифын өршөөл, зохицуулалт хийхээс эхлээд... Харин улстөрчдийн мөнгийг бол тэгж болдоггүйд л асуудлын гол нь байна.
Ерөнхийлөгч УИХ дахь 65 хүнтэй бүлгийг нугалж дийлэхгүй байна, учир нь Монгол парламентын засаглалтай орон. Ийм засаглалын үед парламент дахь гол хүчнүүд тэнцүү байвал Ерөнхийлөгч тодордог. Гэхдээ энэ бол тогтвортой үед. Харин өнөөгийнх шиг тогтворгүй нөхцөлд төрийн хяналт хаашаа ч савж болзошгүй. Хүчтэй институц байхгүй ч, хүчгүй институц бас байхгүй! 
Яг өнгөрсөн нэг жилд авилга, оффшор, 60 тэрбумын асуудлыг шийдэх нь байтугай хүүхдүүдэд бүгдэнд нь хорьхон мянган төгрөг өгүүлэх гээд, Монгол Улс өөрөө 34 хувийг эзэмшдэг "Оюу толгой” ХХК-ны валютын урсгалыг Монголын банкаар дамжуулах тухай хууль санаачлаад хүчрэхгүй байхад даа! 65-уулаа биш юм гэхэд "39+1” гэсэн хувиар УИХ дахь МАН-ы "реваншистууд” ердөө 2017 оны ялагдлынхаа өсөрхөлийг тайлах гэсэндээ мянга мянган хүүхдэд 20-хон мянган төгрөг өгөхгүй гэж эр эм, хөгшин залуугүй шүд зууж байгааг харцгаа л даа! 
"Дайсны талын” Ерөнхийлөгчид өсөрхсөн өсөрхлөө гэмгүй хүүхдүүдээс авах болтлоо ёс суртахууны ялзралд автсан, охор бодолтон хүмүүс "төрийн эрхийг” барьж байхад ямар сайн сайхан ирээдүй байх билээ? "Манай нэр дэвшигчийг сонгоогүй бол танай хүүхдэд түй ч өгөхгүй!” Өөрсдийн гэм нүгэл өөрсдийг нь яллах вий гэж айхдаа Ерөнхийлөгчийн онц байдлын үед зэвсэгт хүчнийг удирдах онцгой эрхэнд халдатлаа улайрч өсөрхсөн хүмүүс тэнд унтаж, хулгайлж, өөрсдийн өнөөхийг тэнгэрийн өнөөх гэж бодоод оролдож суугаа!
Бүр ялагдаж цөхрөөд шокноосоо гарч, "Ядаж хүүхдийн мөнгийг өгүүлье!” гэсэн М.Энхболдынхоо уриалгыг хүртэл үл тоон гишгэлдэг "реванш” гишүүд өөрийн Засгийн газраа хялайж, адлаж суугаа билээ. "Болохгүй.., хүүхдэд мөнгө өгчихвөл 2020 онд АН ялчихна!” Энэ л тэдний улстөрийн бодлого нь! 
Ахиад нэг л жишээ нэмье! 60 тэрбумын хэргийг хаацайлж, гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ерөнхий сайд асныг дайлж суудаг нэг газрын даргыг л солиулж дөнгөхгүй байна! Авилгын хэрэгт сэжиглэгдэгчийг авилгатай тэмцэх төсвөөр дайлж суудаг ёс суртахуунгүй даргатай АТГ гэдэг шившиг юм. Түүнийг хамгаалж байгаа парламент бол бүр гутамшиг юм аа...
"Хүүхдэд 20 мянга өгснөөс янданд 200 тэрбумыг зарцуулна!” гэдэг шийдвэр МАН-ын өнөө хамтарч тэмцэх ЗГ-ынх. Намдаа найдаж, дэмжинэ байх гэсэн итгэлээр жил явсан У.Хүрэлсүх одоо тэр итгэл найдвараа алдаад уур цухалдаа баригдаж гүйцсэн бололтой! "Таван нохой тууж болдоггүй”-н үлгэрээр л... 
Үнэндээ МАН-ын 40 дээрэмчинд (25-аас бусад) Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хадгалж үлдэхээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг хамгаалж үлдэх нь илүү чухал болчихоод байна. У.Хүрэлсүх Засгийн газраа бөххөн суурьтай байлгах гэж эрээвэр хураавар фракцуудаас бүрдүүлсний гор нь энэ. Тэр ч байтугай Ерөнхийлөгч институцээс үзүүлж буй дэмжлэгийн хариуд, хамтран ажиллах бүх боломжийг үгүйсгэж тэр зүгт салаавч тавьж суудаг, түүнийгээ дотоодын хамгийн адгийн хагарлаар хаацайлахыг оролддог Сангийн сайдтай Засгийн газар аль аль талдаа хэрэггүй болчих шиг амархан юм байхгүй! Засгийн газар солигдлоо гэхэд муу нь цаашид ажиллахаар үлдэж, гайгүйвтэрүүд нь цэвэрлэгдэх нь "теорем” учраас олон нийт шүд зуугаад тэвчээд байгаагаас... 
 
...Эцсийн дүндээ энэ ээлжит бус хурал бол ердөө л Х.Энхжаргалыг "нэг тийш” болгох асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайд нь "Ажлаа өг өө!” гэж зөвлөхөд "Би эхэлсэн ажлынхаа үр дүнг үзмээр байна! Юу хаацайлах гээд намайг шахаад байгаа юм” гэж хээв ярьдаг газрын даргын л асуудал. Ийм л яриа ордонд болж байна.
Энэ ч яахав, мэдээжийн ил юм. Харин энэ хатигны толгой хагарвал цаанаас нь юу бүлт үсэрч гарч ирэх гээд байгаа нь л олон нийтийн сонирхлыг татаж байна. Хэрэв Х.Энхжаргалыг аваад үлдвэл "Али баба 40 дээрэмчин”-ий "баба” толгойлогчийг шахах болох байх. Толгойлогчоо үхэн хамгаалбал 40 дээрэмчинтэй нь хамт шахах л болох байх даа!
Үндсэн хуулийн 27.3-т "УИХ-ын гишүүдийн 1/3-ээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар ээлжит бус чуулган чуулж болно” гэсэн байна. Гишүүд амрахаар ажил хийгээгүй, ер нь ийм улс оронтой УИХ амрах ч хаашаа, тиймээс хурдхан хуралдаад шийдвэрээ гаргах шаардлагатай УИХ тулгарчээ! Х.Энхжаргалыг огцруулна уу, эсвэл хамтдаа огцорно уу хамаагүй ямар боловч асуудал шийдлээ хүлээж байна.
25 гишүүний шаардлага, эсхүл Ерөнхийлөгчийн шаардлагын нэг нь л чуулган зарлахад хангалттай. 200% бүрдсэн нөхцөл. ЗГ шаардахад тоохгүй байж болно, томилдог учраас! Ерөнхийлөгч шаардахад тоохгүй байж болно, реванш загнаад, харин өөрөө өөрийнхөө хуульд нийцсэн шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ өөрөө тарахаас өөр гарцгүй болох нь дээ!
 
А.Баатархуяг
ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://www.sonin.mn/news/politics-fb-bot/93187
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?