📅

Айдас нөмөргөсөн дарангуйлагч Агвааны Энхболд

🕔 2016/02/24 13:05

Модод навчаа гүвэх, одод гэрлээ цацлах есөн сарын сүүлчээр Сэлэнгэ Хондын амралт сэлүүхэн. МАН-аас аймгийн иргэдийн хуралд сонгогдсон 10 шижгэр залуу, намынхаа эрх баригч Засаг дарга, иргэдийн хурлын даргаа татан унагах "хор”-т төлөвлөгөөг найруулан зугаацжээ.

Ерөнхий найруулагчаар Агвааны Энхболд гэгч шазруун нөхөр жорыг нь хутгаж оройлов. Алга урвуулахын хооронд МАН-ын 10 шижгэр залуус эрхэм сонгогч, элэг нэгт нам, эв зузаалах үзэл бодол, нэр төрөөсөө урван тэрсэж нэгэн зэрэг нүүр буруулав. Энд л учир бий.

Олны үг ортой. Их мөнгө халаасалж, эрдэнэт биеэ худалдсан гэж Дархан даяар цуурна. Урвагч бол урвагч. Тэдэнд үнэ цэнэтэй юм нэгээхэн ч байхгүй.  Урваач бол аль цагт хүний ертөнцийн шившиглэл байсан. Тиймээс  өчиггүй толгой өнхрүүлдэг жамтай.  Урваачид, АН, МАХН-ын хэдтэй нийлж намаасаа сонгогдсон орон нутгийн удирдлагыг хөлийн ороолт мэт шавхуурдан унагалаа. Сандал ширээг нь хэмхчин, цоож цуургыг нь эвдлэн орон даяар шившиглэж, орон нутгийг удирдлагыг дээрэмдэн даргаар заларцгаалаа.

Урваачид, ерөнхий найруулагч Агвааны Энхболдоо аймгийн Засаг даргаар тодруулж, хэмжээгүй эрхт дарангуйлагч болох замыг дэвслээ. Үзэж харсаар байж, аймгийн иргэдийн хурлын хууль бус шийдвэрийг Монгол ерөнхий сайд Ч. Сайханбилэг "гэрлийн хурд”-аар батламжилж, өөгшүүлэн гийгүүлэв. А. Энхболдыг тойгон чинээ боловсролтой, тохойн чинээ санаатайг Ч. Сайханбилэг яаж мэдэхэв. Одоо, танай засгийн газрын нэр хүнд, бодлого шийдвэрийг Дарханд уландаа гишгэн тонгочиж байна даа. Нэгийг бодно байгаа. Энэ шийдвэрийг УИХ-ын Д. Хаянхярваа хориод дийлэхгүй харагдана билээ.  

Орон нутгийн удирдлагыг дээрэмдэхэд хавсаадан гавьяа байгуулсан учир АН-ын П. Эрдэнэбатыг аймгийн ИТХ-ын дарга, МАХН-ын дарга Б. Бат-эрдэнэ гэгчийг Засаг даргын орлогч, орлогчийн ээж Ш. Оюунсүрэнг Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргаар томилон санаандаа хүрч цагаандаа гарах аяндаа шуударлаа.

А.Энхболд нь Засаг болонгуутаа өттэй санаа өвөрлөн, өрцөндөө бугшсан өш хонзонгоо гүйцээхийн тулд Монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан олон албан хаагчдыг хоморголон халж, тэдний оронд танил тал, ах дүү, амраг садан, энд тэндхийн хог шаарийг авчирч томилох "Айдас”-ын аянаа хэрэгжүүлж гаарлаа. Манай садан аймгийн Засаг, атаман. Чамайг ховлож ажилгүй гөлөг болгоно гэж эрхлэгч, аргазүйчээ дарамтлаж нохойн чинээ тоодоггүй  цэцэрлэгийн багш даварсан авгайчууд сүүлээ сөхжээ. Ажлаа хийхгүй туслах багш нараа дарлан жанжлах болж. Энэ бол захын жишээ.

Хэмжээгүй эрхт Энхболдтой хариуцлага тооцдог төрийн хууль тогтоомж, дээд шатны албан тушаалтан гэж Монгол төрд алга. Оодорч гүйцлээ. Арай хэтэрлээ. Энэ дарангуйлагчаас айгаад дуугардаг иргэн,  албан тушаалтан Дарханд бараг алга. Тэд айдсаар дүүрэн. Хэвлэл мэдээлэл нүдэн балай чихэн дүлий тэд магтаалын дуучид болж. Аймаг орон нутгийн бүх шатны төрийн алба айдас хүйдсээр дүүрч энэ балмад нөхрийн гарын шүүс боллоо. Балмад нөхрийн цаана Ардчиллынхан, Дашууд байгаа гэж Дарханчууд шүд зуун сонгууль хүлээж байна.  Үнэн эсэхээ олон түмэнд  дуулгаарай Ардчиллынхан, Дашуудаа.

Миний бие зохиолч уран бүтээлчийн  хувьд дарангуйлагчаас айж хулчийх юм алга. Үгээ хэлж чадахгүй олны өмнөөс хашхирах нь яруу найрагчийн ясны тод зан. Бид эрх чөлөөг эрхэмлэгч шонхорууд, талын хөх чоно гэдгээ давтан хэлчихье. 

Одоогоор 7 хоног тутам нэг удирдах албан тушаалтныг ажлаасаа нь халж амьдрал ахуйгаар тоглож хэвшлээ. Шинээр томилогдсон  дарга нь очсон газраа бас л бөөн халаа сэлгээ. Халагдагсад ихэнхдээ нь шүүхдэж байгаа. Шүүхээр дүүрэн гомдол зарга, хэрүүл маргаан. Шударга албан тушаалтнууд шүүх дээр ялсаар байна.

Юун улсын төсөв хэмнэх татвар төлөгчдийн мөнгө үрэн таран. Тэд шүүхдээд цалингаа нөхөж авна. Нэг ажлын байранд хоёр хүн ажилладаг  жишиг Дарханд бодит байдал болчихлоо. Төрийн бусад байгууллагаас ажлаас халагдсан албан хаагчдийн тоог гаргавал урт дараалал болно.

Зөвхөн А. Энхболдын шийдвэр, балгаар ажлаас халагдасан удирдах албан тушаалтны нэрсийг олон нийтэд хүргэж байна. Нэгийг бодож хоёрыг тунгаах биз.

Албан тушаалтны нэрс

Албан тушаал

Тайлбар

1

Ч. Цэндсүрэн

ИТХ-ын дарга

 

2

С. Насанбат

Засаг дарга

 

3

Г. Баянмөнх

Засаг даргын орлогч

 

4

Б. Мөнхбат

Засаг даргын орлогч

 

5

Ч.Чүлтэмбат

АЗДТГазрын дарга

 

6

Д. Будхүү

АЗДТГазрын дарга

 

7

Л. Алтанчимэг

Хууль зүйн хэлтсийн дарга

 

8

С. Баясгалан

Хөгжлийн бодлогын газрын дарга

 

9

Б. Ганчулуун

 БСГ-ын дарга

 

10

С. Ганзориг

БОАЖ-ын газрын дарга

 

11

Т. Ганболд

Худалдан авах ажиллагааны албаны дарга

 

12

Г. Эрдэнэбат

Дархан барилга захиалагч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга

татан буугдсан

13

Д. Батжаргал

Захирагчийн албаны дарга

 

14

ЖМөнхэрдэнэ

Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга

 

15

Н. Мөнхбаяр

Мэдээлэл Технологийн албаны дарга

тушаал буурсан

16

Д. Жаргалсайхан

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

тушаал буурсан

17

Ш. Эрдэнэбат

Авто тээврийн газрын дарга

 

18

Ж. Дорждэрэм

НААҮГ- ын дарга

 

19

Д. Алтанзул

Дархан Уул аймгийн Төв архивын эрхлэгч

тушаал буурсан

20

Л. Мөнхбаатар

Хүүхдийн номын ордны захирал

 

21

Ж. Маанийдаарий

Энэрэл цогцолбор сургуулын захирал

 

22

Т. Орхонтуяа

Жигүүр цогцолбор сургуулийн захирал

 

23

С. Баттулга

ЕБС-ийн 6-р сургуулийн захирал

 

24

А. Соёлмаа

11-р цэцэрлэгийн эрхлэгч

 

25

Элдэв-сайхан

Аймгийн ерөнхий архитектур

 

26

н. Ундрахболд

Аймгийн ерөнхий архитектур

 

  

Төрийн алба гэж хэн дуртай эрх мэдэлтэн, албан тушаалтан хүйсийг нь тэмтэрч бах таваа хангаж, улс төрийн өш хонзон, шараа тайлж байдаг тоглоом болчихсныг дээр доргүй бэлхнээ харж байна.

Төрийн албан хаагчид гэж хэн дуртай эрх мэдэлтний гарын шүүс болж, ажил амьдралаа самруулж явдаг үйл лайтай албат болчихож. Нөгөө шударга ёст ардчилсан нийгэм хаана байна. З. Энхболдоо, Ч. Сайханбилэгээ, C. Баярцогтоо, Д. Дорлигжаваа... Дарханчууд бид ийм ардчилал, ийм нийгмийг хүсээгүй юм шүү.

  МЗЭ-ын гишүүн, яруу найрагч Ланзадын Мөнхбаатар

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?