📅

Тамхины үнэ, татварыг нэмэх үү?

🕔 2018/06/26 09:15

Тамхины үнэ, татварыг нэмэх үү?

 

Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар тамхичидтай эдийн засгийн аргаар тэмцэх нь үнийн хэлбэлзэлд мэдрэг хүүхэд, залуусын худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Ингэснээр тамхины хэрэглээ эрс буурах боломж бүрдэж болох юм.

 

Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Тамхины хэрэглээг бууруулах боломж иргэдэд, төр засагт, олон нийтийн өөрсдийн мэдэлд байна. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890000 нь дам тамхидалтаас шалтгаалж нас барж байна гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд эдгээр хүмүүсийн 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.

Тамхины хэрэглээгээр өндөртэй орны тоонд оржээ

Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна. Дэлхийн эрдэмтэд зүрх судасны өвчлөлийн гол шалтгааныг тамхи гэж үздэг. Тамхинаас татгалзах нь зүрх судасны өвчний тохиолдлыг 80 хувиар бууруулдаг байна.

2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27,1 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1 хувь, эмэгтэйчүүдийн 5,3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 (40,9%) нь гэртээ, 4 хүн тутмын 1 (25,5%) нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байгаа аж. 2015 онд 2186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас баржээ. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1 хувийг харин харвалт 22.2 хувийг тус тус эзэлсэн байна.

Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам

Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад тамхины үнэ хямд, хүртээмж их байна. Энэ нь түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Үнэ хямд нэг хайрцаг тамхи нь нэг савтай сүүний үнэтэй адил болжээ. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2700 төгрөг)-татвар 33 хувь байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн татвар 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурах боломж бүрдэнэ гэсэн зөвлөмж байна.
• Тамхины тухай хуулийн 8.7-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно” гэж заажээ.
• 2015 онд ОАТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулж, татварыг доллараар авдаг байсныг болиулж төгрөг болгосон нь долларын ханшийн өсөлт татварт нөлөөлөхгүй болж, улсын төсөвт орох ёстой байсан орлого үйлдвэрлэгчийн ашиг болж үлдсэн аж.

Долларын ханшийн өсөлтийг дагаж татварын хэмжээг нэмэхгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болжээ.
• Хэдийгээр тамхины онцгой албан татварыг шат дараалалтай нэмэгдүүлж байгаа боловч энэ нь инфляцийн түвшингээс шалтгаалан иргэдийн худалдан авалтад төдийлөн нөлөөлж чадахгүй болжээ.
• Зарим төрлийн зажилдаг, уусдаг, усан, электрон зэрэг тамхинд онцгой албан татвар ногдуулах нь тодорхойгүй байсаар байна.

• 2018–2020 он гэхэд жижиглэнгийн үнийн дүнгийн 33-40 хувьд хүргэх, улмаар 2029 он хүртэл тамхины татварыг жилд 3 хувиар нэмэгдүүлэхээр загварчилж тооцоолол хийсэн болно.
• Одоогоор тамхины онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар нэмэгдүүлж, 100 ширхэг янжуур тамхинд 3830 төгрөг /өмнө нь 3480 төгрөг байсан/ болгосон, өнгөрсөн оны татвартай харьцуулахад 20 ширхэгтэй янжуур тамхинд 70 төгрөгийн татвар л нэмэгджээ.
• Гэтэл тамхинаас шалтгаалсан тархины цус харвалтыг мэс заслаар эмчлэхэд 1 хүнд 45-50 сая төгрөг зарцуулдаг тооцоо гарсан байна.
• Тамхины онцгой албан татварыг нэг жилийн хугацаанд буюу хурдацтай, үр дүн гарахуйц байдлаар 70 хувь хүртэл нэмэгдүүлэх нь тамхины хэрэглээг бууруулахад нөлөөлөх илүү үр дүнтэй арга хэмээн эрүүл мэндийн байгууллагууд тодорхойлж байна.

Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж, олон хүний амь насыг аврах, улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болох боломжтой. Жишээ нь, татварыг 50 хувиар нэмэхэд, улсын төсөвт 190,7 тэрбум төгрөгийн орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтойг НҮБ-ын шинжээчид Монгол улсад ирж тооцоолоод байгаа юм байна.

Тамхи өндөр үнэтэй байх нь хүүхэд, залуусаар зогсохгүй томчууд хорт зуршлаа хаяхад дэмжлэг болж, тамхинд орох явдлыг эрс бууруулдаг нь олон улсын туршлагаар батлагджээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?