МОНГОЛЫН СОШИАЛ НЭГДЭЛ урьж байна!
Интернэтийн хөгжилд суурилсан фэйсбүүк, твиттер зэрэг сошиал сувгийг хүн бүр эзэмшиж мэдээлэл олж авах хуваалцахаас гадна үзэл бодлоо илэрхийлж, өөрөө мэдээлэгч болж дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа элдэв үйл явдлыг түргэн шуурхай нийтлэн хүргэж байна.
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүдийн санаачлагаар МОНГОЛЫН СОШИАЛ НЭГДЭЛ байгуулагдлаа. Энэхүү сошиал нэгдэлд тус холбооны гишүүн 100 гаруй байгууллага, вэб сайтын твиттер, фэйсбүүкийн пэйж хуудас, группээс гадна сэтгүүлч, нийтлэлч, программистууд өөрсдийн хуудсаар нэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт 10 сая орчим дагагчидтэй 200 гаруй сошиал хөгжүүлэгчид нэгдээд байна.
Сошиал орчныг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудалд нэгдмэл байдлаар зөв гарцыг тодорхойлон нийгэмд дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй хэн бүхэн нэгдэн орж хамтран ажиллах боломжтой бөгөөд фэйсбүүкийн МОНГОЛЫН СОШИАЛ НЭГДЭЛ групп хуудсанд нэгдэж хүсэлтээ илэрхийлснээр бүхий л мэдээллийг авах боломжтой. Мөн гишүүн болохыг хүссэн хүмүүс МҮСХНХ-ны ажлын албаны 80008586 тоот утсанд хандаж өөрийн фэйсбүүк, твиттер, групп, фэйжүүдээ бүртгүүлэн, өөрийн биеэр ирж гишүүнчлэлийн батламжаа гардан авах боломжтой.
Монголын сошиал нэгдэлд нэгдсэнээр сошиал медиаг хөгжүүлэгч, жиргээч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан биенээ дэмжих, зорилтод төсөл хөтөлбөр, нийгмийн хариуцлагын ажлуудыг хэрэгжүүлэх, байгууллагын маркетинг менежментийг сайжруулах, сургалт зөвлөгөөнд хамруулах, хариуцлагатай ёс зүйтэй контент түгээх, санхүүгээ дээшлүүлэх зэрэг олон эерэг хандлагыг бий болгох юм.
ЦУВЖ ЯВСАН БАРНААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР!
МОНГОЛЫН СОШИАЛ НЭГДЭЛ