ЕРТӨНЦИЙН МОДНЫ МӨЧИРТ ЖИРГЭХ ЕР БУСЫН ШУВУУХАЙ БУЮУ КИМ ДАЛЖИН НАЙРАГЧИЙН ШҮЛГИЙН ГЭРЭЛТ МӨРИЙГ АНИРДАХУЙ
Ойн дундах булгийн усыг удаан ширтэн харж ээ суухад
Ойн дундах тэр усанд тэнгэр мэлтийж үүл хөвж салхи урсаж
Ойн дундах бяцхан тэр булаг далай тэнгис мэт томорчихож
Одоо би жижигхэн тэр булгийн дээрээс өнгийж харангаа
Огторгуйд хөвөх бөөрөнхий дэлхийн бяцхан арал дээр сууж байнам
‘Булаг’
Ертөнцийн модны мөчирт жиргэх шувуухай минь
Ер бусын гэрэлтэй ялдамхан салхийг дуулаач дээ...
Ийм нэгэн гэрэлт шад ертөнцийн хаа нэгтээ магадгүй манай энд аль эсвэл хүмүүний хүршгүй нэгэн хязгаарт жиргэх шувуухайн дуунаар ер бусаар гэрэлтэх ялдамхан салхийг авчрах мэт... Яруу найраг гэдэг яасан сайхан юм бэ... Өөрийн эрхгүй ийм бодол төрөх... Энэ бол Солонгосын алдарт яруу найрагч Ким Далжины шүлгийн гэрэлт мөр!
Саяхан монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарсан Ким Далжин найрагчийн ‘Хүсэмжлэх ертөнц байгаа болохоор...’ шүлгийн түүврийг уншиж суухад түүнээс ер бусын гэрэл цацарч зүрхний гүнд шургахыг мэдэрлээ. Найрагчийн төрсөн нутаг, төрөлх хайраа санагалзсан энэлэн шаналан, хаа ч явсан салахгүй дагах ганцаардал, хаа нэгтээгээс бүчин ирэх уй гуниг... энэ бүхний цаана орших бяцхан гэрэлт цэг томрон томорсоор шүлгийн мөр бүрийг бүхэлдээ гэрэлтүүлэх ажээ. Энэ гайхалтай биш гэж үү! Харанхуй шөнө уулын замаар ганцаар алхах найрагч... Түнэр харанхуйн гүнд орших гунигт булш... Найрагчийн билиг оюуны нүд гүн харанхуйн дундаас булшин дээр ургасан хээрийн ганц цэцгийг олж харах агшин. Энэ гэрэл гэгээ найрагчийн ганцаардсан сүнсийг тайтгаруулна. Энэ бол найрагчийн хүсэмжлэл. Түүний ганцаардлыг байгаль дэлхийн юм бүхэн хуваалцах нь гайхалтай. Ганихарсан сэтгэлийг нь усан галваараа юу юугүй дарахаар завдан буй бүүдгэр тэнгэр... гэтэл "дүүрэн устай борооны хар үүл дээврийн ирмэгт хүрээд намдуухан тогтох” агшинд "хаа нэгтээ ногоон мэлхий вааглаж хөнгөн гунигаа нисгэх” нь түүнд тайтгарал авчирна. Гэвч энэ түр зуурын тайтгарал... "Гэрэлтэх зүүдний алтан өнгөт далавчаа алдсан” найрагч маань Тамхиа сорно... Үлээнэ.. Зүгээр л гунихрана. Энэ бол шүлэг төрөхийн өмнөх гэрэлт гунихрал, Би ингэж бодном! Тэвчишгүй уйтгарт гүн шөнөөр "ханын цаасны зурмал бүсгүй халуун хөнжилд нь хамт зүүдэлж хоноод” үүрээр буцна. Алсад суугаа амрагаа санагалзан шөнө дөлөөр анир гүм цэцэрлэгт тэнүүчлэх найрагчийн шаналанг "анивалзан гэрэлтэх хэдэн живаа одод” хуваалцах агшин... нэг тийм цэвэр нандин, ариун тунгалаг мэдрэмжийг төрүүлнэ. Амьдралын өнцөг булан бүрээс өнгө гэрлийг олж харах найрагчийн гэрэлт сэтгэлийг хуваалцах ‘анд нөхөд’ хаа сайгүй. Энэ нь юу ч байж болох... эрвээхийн авгалдай шиг дэрвэлзэх интоорын цэцэгний хоёр гуравхан ширхэг навч, зүүдний орон зай мэт алс тэртээх уулын зэрэглээ, шөнийн ууль шувууны хүйтэн нулимс, бүсгүйн цагаан гарт илбүүлэх хагас дэлгэрсэн яргуй цэцэг, нам гүмийн дунд хаана ч юм бэ вааглах мэлхий, хаа нэгтээ сонсогдох шувуудын жиргээ, оройн нарны туяанд шаргалтан буй намрын навч, тогтоол усны ёроолд атиралдах утсан чинээ улаан хорхой... энэ бүгд түүний уйтгар гунигийг бас зүрхэн чанадад буй нандин бодлыг хуваалцана. Уг шүлгийн түүвэрт ‘Ганцаардмал анд’ хэмээх нэгэн гайхалтай шүлэг байх...
Тэр нэгэн хуучирсан номын шүүгээг онгичих үед
Тэндээс мөлхөн гарч ирэх цагаан хорхойнууд!
Тэсгэлгүй, ганцаардан гуниглах сэтгэлээ уудлан
Тэдэнтэй би, хувьдаа зүгээр л аяархан ярина –
Наран гэрэлтэх энэ дэлхий дээр ч хүмүүний амьдрал
Найгүй гашуун гэдгийг сайн мэддэг
балчирхан анд нөхөд минь билээ, тэд.
Нар мандаж, сар гийх энэ үзэсгэлэнт дэлхий дээрх хүмүүний амьдрал үнэхээр гашуун гэдгийг хэн хүнээс илүүтэй сайн мэдэх тэдэнтэй гунигаа хуваалцаж хань татах найрагчийн сэтгэл оюун нэг талаасаа байгальд орших юм бүхэн амьд бодот гэдэг ухаарлыг бидэнд илгээнэ.
Ингэхэд түүнийхээр бодот байдал гэж юу юм бэ... Яг тийм гэж хэлэх боломжгүй ямар нэгэн тогтворгүй, барьцгүй зүйл: - цагаан манжингийн цэцгэн дээр хатан эрвээхий цэцгийн дэлбээ мэт нисэлдэх, ертөнцийн модны мөчирт ер бусын шувуухай жиргэх, гань холын тэнгэрийн хаяа руу чих тавин чагнах, хаялах борооны дусал даган унах ганц хоёр навч, хашааны ёроолд ургасан турьхан өвс, замын хажууд хаягдсан жижиг чулуу, хаа нэг тийш мяу-мяу хэмээн дуугаран одох муур, харанхуй дээврийн дор оддын туяа шиг гэрэлтэх цагаан хулууны цэцэг, илжгэн чих модны мөчир сэрвэгнэх, Энэ орчлонд энд яг одоо шар багваахай дэлгэрч эрвээхий нисэх – энэ бүхэн бодот байдал биш гэж үү! "Тэр нэгэн бүсгүйн үнэхээр тунгалаг нүдэн доторх хөх өнгөт зүүдний бүүдгэр сүүдрийг олж харж чадахгүйдээ”шөнө дөлөөр дэнгийн гэрэлд гунихран суух найрагч – жинхэнэ бодот байдал биш гэж үү? Хүйтэн бороонд бээртэл норсон дээвэр доорхи ганц аалзыг олж харах, тэгснээ энэ хүйтнийг нэвт гэрэлтүүлэх ганц улаан сарнай хаа нэгтээ байгаасай хэмээн хүсэмжлэх найрагчийн сэтгэл... Ийм л гоо сайхан, ийм л бодот байдал бидний өмнө түүний шүлгээр дамжин нээгдэж ажээ. Энэ гайхамшиг харанхуйг гэрэлтүүлж, бидний шальдар булдар сэрэл мэдрэхүйг нам дарна. Бидний нэгэн үеийн амьдрал дуусахад өнгөрсөн цаг хугацаанаас, өнөөдрөөс ирээдүйд үлдэж хоцрох тэр л зүйл... бидний бүх хайраас, бидний бүх үзэн ядалтаас, бидний бүх урвалтаас үлдэж хоцрох ганцхан зүйл энэ байх болно... Энэ гайхамшиг биш гэж үү!
Хөх сарны туяа төчнөөн хүйтэн агаад
Гялтагнах хулсны навчин дээр салхи хоноглох
* * *
Гүн шөнөөр сүм хийд харлан дүнсийнэ
Аяа бас чив чимээгүй харлан дүнсийнэ
Гүн чагнавал бурхны амьсгал сонсогдох мэт...
* * *
Нам гүмийн дунд хаана ч юм бэ ганц мэлхий вааглана
***
Гэрэлт алсын наагуур хөшиглөх зэрэглээн дунд
Тунчиг хүндхэн зовиур нам гүм хөвөн сүүмэлзэнэ
***
Замын хажуугийн тогтоол усанд
Хоёр гурван мэлхий дэвхэрнэ
Хүмүүс дэргэдүүр нь өнгөрч одоход
Зуурхан нам гүм тэнд дахиад л дүүрнэ
***
Нарсны мөчир дээр овоорсон цас унамагц
Шаазгай цочин нисэв
***
Цагаан цас
Цагаан сарны туяа
Бяцхан цэцэрлэг дэх
Нам гүмхэн шөнө!
Цагаан цас моддыг хучсан өвлийн нам гүм ой, нарны гэрэл цасан дээр ойн гялбах үзэсгэлэн, энэ нам гүмийн дунд салхи үлээх төдийд нарсны мөчир дээр цас унах чимээ, энэ анир гүмээс цочин нисэх шаазгай, тэгснээ шонгийн модон дээр суун жаргах нарны туяа наадах Инсү уулын оргилын салхийг ширтэнэ...
Тэгээд
Нам гүм чимээгүй
гэх тийм ‘нам гүм’-ийн гоо сайхныг өгүүлэх энэхүү номыг унших агшинд мэдрэхүйд хачин гайхалтай сэрэл өдөөгдөж хүмүүний амьдрал, байгаль дэлхийн өнгө төрх тэр чигтээ хурц тодоор гэрэлтэх шиг болж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ үнэн, энэ баяр баясгалан, энэ гоо сайхныг таньж олох шиг болно. Энэ бүхэн шүлгийн ид шид биш гэж үү!
·
Аравдугаар сарын налгар сайхан өдөр хэвийх үдшээр... Навчис моддоосоо тасран унах өргөн чөлөөгөөр бодолд дарагдан алхаж явсан Виржиниа Вүүлфийн[1] цусыг нь булиглуулж, орчноос тасартал хөөрүүлж, дуу аялтал сэрээж орхисон тэр л шалтгаан... Ким Далжин найрагчийн:
Ойн дундах булгийн усыг удаан ширтэн харж ээ суухад
Ойн дундах тэр усанд тэнгэр мэлтийж үүл хөвж салхи урсаж
Ойн дундах бяцхан тэр булаг далай тэнгис мэт томорчихож
Одоо би жижигхэн тэр булгийн дээрээс өнгийж харангаа
Огторгуйд хөвөх бөөрөнхий дэлхийн бяцхан арал дээр сууж байнам...
гэсэн шад шүлгийг анирдах агшинд намайг бас эзэмдэж, сэтгэл хөдлөлийг минь сэрээх нь тэр! Солонгосын алдарт яруу найрагч Юнь Дунжүгийн "Худаг дотор сар гэрэлтэж, үүл нүүж, тэнгэр цэлийж, хөх салхи үлээж, намар цаг бас дурсамж мэт хөвгүүн байна” гэсэн шүлгийн гэрэлт мөрийг анирдах үед автсан баяр хөөр дахин намайг эзэмдэх нь тэр... Гэхдээ энэ баяр хөөр, энэ сэтгэл догдлол, энэ мэдрэмж илүү гүнзгий аж... Ойн дундах булгийн усанд тэнгэр мэлтийж, үүл хөвж, салхи урсаад л... тэр бяцхан булаг яруу найрагчийн оюун бодолд тэнгис далай мэт агуужим болж өөрөө огторгуйд хөвөх бөөрөнхий дэлхийн бяцхан арал дээр сууж буй мэт сэтгэгдэнэ... ердөө тавхан мөр шүлэг ийм гүнзгий утга санааг илэрхийлэх ажээ. Худаг дотор харагдах үүл, тэнгэр, салхи, намар цаг бас дурсамж мэт хөвгүүн... Ким Далжин найрагчийн бяцхан булагт урсаад л урсаад л... тасралтгүй хөврөх энэ урсгал хаман одох бүхнээ агуужим болгоно. Яагаад ч юм энэ шүлгийг унших агшинд яруу найрагч Ж.Баяржаргалын "Хөвж яваа үүлэнд хөлөө дүрэн сэрүүцэж хөрж цантсан дэлхийд хөлстэй зулайгаа нааж...” алс сансраас эх дэлхийгээ, өвөлжөө хаваржаагаа тольдон суугаа нүүдэлчин монгол хүний аугаа их сэтгэлгээний нэг илрэлийг олж харах шиг болов. Ойн гүнд шоржигнон урсах бяцхан булгийн ус тэнгис далай мэт агуужим болж нар сар, тэнгэр, од, салхийг багтаахдаа найрагчийн оюун бодлыг сансар огторгуйн чинээ томруулан аугаа ихийн сэтгэгдэл түүнийг эзэмдсэн байх хэмээн сэтгэгдэнэ. Нэг нь өргөн уудам тал нутагт морь малаа адуулж явахдаа оюун бодлоор сансар огторгуйд хүрч түүний гүнээс эх дэлхийгээ тольдох, нөгөө нь уулын бяцхан горхины хөвөөнд сууж байхдаа бодол санаагаараа огторгуйд хөвөх бяцхан арлаас тэнгис далай мэт агуужим бүхнийг тольдох ажээ. Яруу найргийн хэл өөрөө хил хязгааргүй оршдогийн илрэл болсон сэтгэлгээний эрх чөлөө энэ буюу... Тэгээд л энэ жижиг шүлэг аугаа ихийн сэтгэгдлийг бий болгосон болоод тийм гүнзгий мэдрэмж төрүүлсэн биз! Энэ яруу найргийн эрх чөлөө биш гэж үү!
·
Хэн хүний олж харамгүй эгэл жирийн энгийн жижиг байгалилаг зүйлээс амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээ, шаналан гуниг тэгээд нууцлаг үнэнийг олж хардагт Ким Далжин найрагчийн шүлгийн амь оршиж буй мэт сэтгэгдэнэ. Энэ тухай утга зохиол судлаач Ким Дунри "Гарамгай бичигч Волхагийн шүлгүүдийг товчхон илэрхийлбэл байгалийг шүтэхүй юм. Ёс зүйн хувьд бодот байгаль гэхээсээ илүү нүднээ тусах баясгалант байгаль гэх тал нь дийлнэ... машид энгийн даруу байгалийн хүрээлэл дотор түүний шүлгүүд оршдог юм”[2] хэмээжээ. Үнэхээр тийм ажээ... баяр баясгалан гэрэл гэгээг байгалийн өнгө гэрлээр амилуулж хүний сэтгэлийн шаналан гуниг, санаашрал, санагалзал, хүсэл тэмүүлэл, нандин бүхэнтэй сүлэлдүүлэх нь уран зургийн туурвил мэт өнгө гэрлийг цацруулна. Машид энгийн байгалийн хүрээлэл түүний шүлгийн ундарга, түүний шүлгийн амь, амьсгал, агаар, түүний шүлгийн гоо зүй гэлтэй. Энэхүү байгалилаг шүлгүүд нэг их сайхан уран зураг хараад хүний ядарсан оюун ухаан тайвширдаг шиг тийм сэрэл мэдэрхүйг өдөөх нь гайхалтай. Ким Далжин найрагчийн шүлгийг өнгөөр дүрсэлбэл гэрэлт цох шиг гялтганах гэгээн өнгүүд зонхилно... гэхдээ тэнд бас өөр олон янзын өнгө бий. Уйтгар гуниг түүний хувьд үдшийн бүрий мэт өтгөн саарал ажээ... "Хаврын манан хөвөлзөн хөшиглөхийн цагт харанхуй шөнө гудамжны гэрэл бүүдгэр гунигтай”, "Харуй бүрийн замаар сул холхих цагаан хувцаст сүүдэр. Халуун залуу гучтай зүрхэнд бүдэг бадаг санагдах өвгөдийн сүүдэр” , "Өнгө нь бүүдийсэн энэ хаврын харуй бүрий дундуур өнөө л хойд уулын жаварт салхинд ар нуруунаасаа хөөгдөнө”... энэ нь өөр өөр шүлгийн мөрүүд боловч манан хөвөлзсөн хавар цаг харанхуй гудамж, бүүдгэр гунигт дэнлүү тэр л замаар бэдрэх өтөл настан найрагчийн залуу халуун зүрхэнд сүүдэр мэт үзэгдэх гунигт агшин... өнгө бүүдгэр хаврын үдэш хүйтэн жаварт туугдан уруудах найрагчийн гунигт дүр, гунигт ганцаардлыг төвөггүй харуулна. Энэ шаналан, энэ ганцаардал, энэ гуниг хавар цагийн хөвөлзөх манан шиг өтгөн, хүйтэн бас бүүдгэр!
Энэхүү шүлгийн түүвэрт орсон анхаарал татах бас нэгэн шүлэг бол ‘Харуй бүрий’ юм. Үгийн сонголт, зүйрлэл адилтгал, бэлгэдэл имиж төгс шүлэг...
Хөх туяат бяцхан цэцэрлэгт харуй бүрий бууж
Хөөрхий зүрх минь тэнд санамсаргүйг тэмтэрнэ
Сэлүүхэн ойн дундах үдийн сүүдэр шиг хоосон урам зориг
Сэтгэлийн түгшилд автсан саарал агаараас ч хөнгөн бүүдгэр
Гарын салаа шиг үндсэнд хөөрхий үс ширэлдэн ургаж
Ганцаардлыг тэврэх хайрын шархны шаналан нэн хурц...
Аяа, Энэ дээврийн доор ганц аалз хүйтэн бороонд норно
Аяа, Энд хаа нэгтээ ганц улаан сарнай байхгүй л байх даа?
Хүйтэн бороо шаагих харуй бүрий цаг, итгэл найдваргүй хайрын шаналанд автан буй залуу... Цэцэрлэгт харуй бүрий буух үес хөх туяа татан юм бүхэн бүүдийж агаар хүртэл сааралтаж түгшилд автана... гэтэл өгүүлэгчийн сэтгэл түүнээс ч гүн, түүнээс ч бүүдгэр, түүнээс ч хөнгөн сиймгэр. Магадгүй энэ хэзээ ч зүгээр болохгүй өнө мөнхийн шаналан, өнө мөнхийн ганцаардал биз... Энэ бүхэн хэдий чинээ хурц, хэдий чинээ гүнзгий болохыг гарын салаа шиг үндсэнд хөөрхий үс нь ширэлдэн ургатал ганцаардлыг тэврэх хайрын шархных нь шаналан илтгэнэ. Итгэл найдваргүй хайрын шаналанд автан буй залуу, дээвэр доорхи норсон аалз хоёр угтаа адил. Гэвч нь Ким Далжин найрагчийн шүлгэнд ямар ч бүрхэг саарал мананг нэвтлэх гэрэл гэгээ заавал байдаг. Тэр нь хүйтэн бороонд бээрсэн аалз шиг итгэл найдвараа алдсан ч харанхуйг нэвтлэх гал улаан сарнайг эрэлхийлэх өнө мөнхийн гэрэлт хүсэл... Шүлгийн эхний хэсэгт бүрэнхий үдэш, бяцхан цэцэрлэг, манан будан, залуугийн сэтгэлийн шаналан түгшил... гээд ойн дундах бяцхан цэцэрлэгт үйл явдал өрнөж буй мэт сэтгэгдлийг уншигчдад төрүүлнэ...тэгснээ төгсгөлийн хоёр мөрөнд хүрч очиход хүйтэн бороо, дээвэр доорхи норсон ганц аалз, байшингийн гонхонд зогсоод бодол санаа нь өмнөх цэцэрлэгт тэнүүчлэх залуугийн дүрээр солигдоно... ийм гайхалтай, ийм гэнэтийн юунд ч баригдамгүй эрх чөлөөт шийдэл шүлгийг амь оруулна.
‘Сартай шөнө’хэмээх шүлэгт - цав цагаан цас, сарны цагаан туяа тусах нам гүмхэн бяцхан цэцэрлэг... орчин тойронд чимээ аниргүй гүн шөнө... гэтэл хаа нэгтээгээс мяу-мяу гэсэн дуу гарч энэ нам гүмийг эвдээд хаа нэг тийш явж одно... энэ шөнийн анир гүмийг эвдэн амь оруулж буй тэр зүйл нь ‘муур’, хэдийгээр нүдэнд харагдахгүй боловч түүний дуу амьд зүйл оршиж буйг илтгэнэ, тэр дуу явж одно... дахиад л нам гүм. Шүлгийн эхний дөрвөн мөрөнд уншигчдад бий болсон ойн гүн дэх цэцэрлэгийн нам гүм шөнийн төсөөллийг шүлгийн төгсгөлд өгүүлэх "Хаа нэгтээ муур мяу-мяу дуугарна. Хаа нэг тийш муур мяу-мяу дуугарч одно” гэсэн мөрүүд эвдэж энэ нь хөдөөгийн бяцхан суурингийн бяцхан цэцэрлэгт өрнөж буй үйл явдал болохыг тодотгоно. Энэ бүхэн өнгө будаг ая дан нийлсэн яруу найргийн эгшиглэн биш гэж үү!
·
Яруу найрагч, хувраг, буддын гүн ухааны судар хөрвүүлэгч, нанхиад судлаач, бичгийн эрдэмт хүмүүн Волха[3] Ким Далжин 1989 онд 82 настайдаа амьдралынхаа хуудсыг хаасан билээ. Тэрээр эгэл байгалийн хүү. Тэрээр "дорно дахины сонгомол шүлгийн аястай гүн ухаанч байгалилаг даяанч шүлэг туурвигч”[4]. Тэрээр ертөнцийн модны гэрэлт мөчирт ер бусаар аялгуулан жиргэх шувуухай... билээ хэмээгээд эгэл байгалийн хүү мэт эх дэлхийдээ ирээд эх байгальдаа буцан шингэсэн, чингэхдээ өнөөг хүртэл ертөнцийн модны гэрэлт мөчрөөс ер бусын туяа цацруулсаар буй түүнийг илүүтэй тодотгох ‘Гэрэлт хөшөөний бичээс’ шүлгээр нь энэхүү туурвилаа жаргааж байна...
Эндэхийн нэгэн байгалийн хүү
Энэ чигээрээ л энд ирээд
Энэ чигээрээ л энд амьдраад
Эх байгальдаа буцаж шингэлээ
Өвс минь униартанхан байг!
Нар минь гэрэлтэнхэн гийг!
Өнөө л байгальд байдгаараа...
Ертөнцийн модны мөчирт жиргэх шувуухай минь
Ер бусын гэрэлтэй ялдамхан салхийг дуулаач дээ!
МЗЭ-ийн шагналт яруу найрагч,
Утга зохиол судлаач Гомбажавын БЯМБАЖАВ
Монгол улс, Дархан-Уул аймаг,
2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр,
21 цаг 40 минут