📅

ЗҮРХ /СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ\

🕔 2018/03/23 13:55

ЗҮРХ /СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

 

Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь хархүүгийнх гэж дуу нэгтэй шагшилдана. Залуу ч үүгээрээ ихэд бахдан, аз жаргалд умбан гэрэлтэж байлаа.

Гэтэл гэнэт цугласан олны дундаас нэгэн өвгөн гарч ирээд:
-Чиний зүрх сайхан ч минийхийг үл гүйцнэ гэв.
Ийн хэлэхэд хүмүүс бүгд өвгөний зүрх рүү харав. Үрчийж хорчийсон, шарх сорви болсон, зүрхний зарим хэсэгт огт таарахгүй өөр зүрхний хэсгээс наасан байх аж. Түүгээр ч үл барам зүрхнийх нь зарим хэсэг нь бүр огт байхгүй байв. Өөрийнх нь зүрх хавьгүй сайхан гэж тэр яаж хэлж чадав аа? Хүмүүс гайхан алмайрав.

Залуу хархүү өвгөний зүрх рүү хараад доогтой инээмсэглэн "Хөгшөөн, та тоглосон байлгүй. Өөрийнхийгөө минийхтэй харьцуулаад хар л даа. Минийх төгс. Харин таных нулимс шархаар дүүрсэн байна шүү дээ" гэх нь тэр.
"Тиймээ, чиний зүрх төгс харагдаж байна, гэхдээ би хэзээ ч чамтай зүрхээ солихгүй байхсан. Хар л даа, зүрхэнд минь үлдсэн шарх сорви бүр миний хайраа өгсөн хүний үлдээсэн ул мөр. Би тэр хүнд зүрхнийхээ хэсгийг өгч, харин тэр оронд нь надад өөрийн зүрхнийхээ хэсгийг өгч байсан юм. Тэр зүрхний хэсэг миний зүрхэн дэх хоосон орон зайг нөхөж байлаа. Гэхдээ өөр өөр зүрхний хэсгүүд нэг нэгэндээ яв цав тохирдоггүйн учир зүрхний минь хэсгүүд урагдсан байгаа юм. Гэхдээ энэ нь бидний хайрыг санагдуулдаг тул би ихээхэн нандигнадаг. Хэн нэгэнд зүрхнийхээ хэсгийг өгсөн ч тэр хүн өөрийнхөөсөө хуваалцахгүй байх үе байсан. Тиймээс л зүрхэнд минь хоосон нүхнүүд байгаа юм. Хэн нэгэнд хайраа өгөхөд чамайг буцаагаад хайрлана гэсэн баталгаа хаа ч үгүй. Хэдийгээр энэ нүхнүүд намайг шархлуулдаг ч миний хэзээ нэгэнтээ өгч байсан хайрыг санагдуулдаг, нэгэн сайхан өдөр зүрхний минь энэ л хэсгүүд эргээд ирнэ гэдэгт би итгэдэг юм. Үгүй юм аа гэхэд би дурсан санах зүйлтэй хүн. Эдгээр дурсамж надад хүнд хэцүү санагддаггүй ээ, жаахан ч гэсэн сайн талтай, түүнгүйгээр амьдрал бүрэн дүүрэн байхгүй байсан шүү дээ. Одоо жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу болохыг ойлгож байна уу?"

Саяхан л ам амандаа хархүүгийн зүрхийг магтан шаагилдаж байсан хүмүүс ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болов. Залуу хүү ч гайхаж бахадсандаа дуугаа хураан зогсоно. Нүднээс нь нулимс урсах аж. Залуу өвгөнд ойртон очиж, зүрхээ гаргаж ирээд хэсгийг нь тасдав. Чичирсэн гараар зүрхнийхээ хэсгийг өвгөнд өглөө. Зүрхний хэсгийг бэлгэнд авсан өвгөн хариу болгон урагдаж шаналсан зүрхнийхээ хэсгийг аван хүүгийн зүрхэнд тавилаа. Энэ хэсэг мэдээж төгс таарсангүй, зарим хэсгээрээ илүү гарч, нөгөө хэсгээрээ урагдсан харагдана. Залуу зүрх рүүгээ харав. Одоо зүрх нь тийм ч төгс харагдсангүй, гэхдээ үнэн хэрэгтээ урьд өмнөхөөс ч үзэсгэлэнтэй болсон байв.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?