📅

Ёс зүй, ёс зүй бас дахин ёс зүй

🕔 2018/03/22 08:37

 

"МЭК” судалгааны бай­гууллагаас иргэдэд таалагддаггүй улстөрчдийн нэрийг олон нийтэд зарлаад байгаа билээ. Ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрсдийн санхүүжилтээр гүйцэтгэсэн гэдгийг судалгааны багаас тодотгожээ. Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800 хүнээс 2018 оны гуравдугаар сарын 7-ноос 10-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргаар энэ судалгааг явуулсан байна. Тэгэхээр энэ  судалгаанд итгэхээс өөр аргагүй.  Иргэдэд таалагддаггүй улстөрчдийг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлжээ. Уг нь тэр  ангийн дарга л даа.  Бусад 76-н гишүүндээ  үлгэр дуурайлал үзүүлэх учиртай хүн.  Мөн эрх баригч МАН-ын даргаар ажиллаж байсан.  Араасаа  олон улстөрчийг дагуулж,  хөтөлж яваа эрхэм.  Тийм атал нийгэмд нэр хүндгүй байна гэдэг манай улс төрийн бодлого ямархуу хэмжээнд ялзарч байгааг нэг талаар харуулж байна. Түүний нэрийн өмнөөс сандал суудал наймалцсан гэх 60 тэрбумын асуудал, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн луйвар гэдэг асуудлууд салдаггүй.  Хамгийн сүүлчийн жишээ гэхэд М.Энхболд даргын толгойлдог Морин спорт уяачдын холбоо Говьсүмбэр аймгийн Баянтал гэх газар "Дүнжингарав-2018” хаврын морин уралдааныг зохион байгуулжээ.  Уралдааны  үеэр 18 хүүхэд гэмтээд байна.  Нэг хүүхдийн хөл хугарч, бас нэг унаач хүүхдийн гар хугарсан.  Нэг хүүхэд тархиндаа гэмтэл авч, няцарсан гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.   Уяачид маань хүний нялх  үрсийн эд эрхтэн,  амьд явах эрхээр нь дэнчин тавьж, түүнийгээ  харж сэтгэлийн цэнгэл эдэлдэг яргачид болж хувираад байна.  Мөн уяач Цандэлэг "Хүүхэд гаргаагүй эм, хүнтэй суугаагүй банди нарт морио шүүмжлүүлэхгүй…” зэргээр олон нийтийн сүлжээнд, хүүхдийн эрх ярьсан хүмүүсийг доромжлоод сууж байна.  Иймэрхүү ёс зүйтэй уяачдын холбоог М.Энхболд тэргүүлж байна.  Уралдаанд  морь нь түрүүлсэн уяачдын малгайнаас унждаг  даавуунд хөндлөн зураас нэмэхийн тулд, түрүү морьдын үнийг өсгөж, дэнчин тавьж наадахын  тулд бяцхан хүүхдийн эд эрхтэн, эрх чөлөөг уландаа гишгэж байгаа нь яг үнэндээ М.Энхболдыг нийгэмд хамгийн муухай харагдуулж байна.  Уяачдынхаа, уралдааныхаа дүрэм журамд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол Олон  улсад ч хүний эрхийн хамгийн муу муухай жишээгээр манай  өвлийн морин уралдааныг нэрлэж байна.  УИХ-ын дарга М.Энхболдын  хобби  Монголыг иймэрхүү байдлаар сурталчилж байна.  Мөн хэдэн мянган хүүхдийн эрүүл мэндээр тоглож байна. Энэ байдал чинь иргэдэд таалагдахгүй байгаа учраас энэ судалгааг та тэргүүлжээ.  Цаашид ч тэргүүлэх биз ээ.

"МЭК” байгууллагаас явуулсан судалгааны хоёрдугаар байрт УИХ-ын гишүүн Д.Гантулга оржээ.   Тэр эхний  гурван байрт багтахаас ч өөр аргагүй.  МАН-ын залуу улстөрч, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн.  Д.Гантулга  энэ жил анх удаа УИХ-д сонгогдсон.   Гэхдээ энэ суудлынхаа утга учрыг ч  мэдэхгүй, дураараа дургиж, дуртай  зүйлээ хийж байна. Дэлхийн нийтээрээ  хүчирхийллийн эсрэг дуугарч, энэ байдлыг жигсэн зэвүүцэж байгаа.  Ийм үйлдэл хийсэн хүнийг цаазлах ёстой гэсэн уриа лоозонг дэвшүүлж байна.  Саяхан гэхэд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэдэг нь тогтоогдсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин  амиа хорлосон асуудал гарлаа.  Мөн эмэгтэй хүнд хүч хэрэглэх байтугай харц шидсэнийхээ төлөө, уулзсаныхаа төлөө уучлал гуйгаад хариуцлагатай албан тушаалаа өгдөг байдал олон  улсын улс төрийн жишээнд бий.  Харин манай улс төрд эсрэгээрээ байна. Ёсзүйгүй  үйлдэл гаргаж, оймс  бандаашаа хаа газар хаяж гээгдүүлснээ Төрийн сүлднийхээ өмнө сийх юмгүй мэдээллэж байна.  УИХ-ын гишүүний бандаашны хэргийг Монголын хууль хяналтын байгууллага, шалгаж байгаа. Хохирогч болох эмэгтэй аргаа барсандаа энэ  үйл явдлаар сэдэвлэсэн кино хийхээр Д.Гантулгын дүрд тоглох эрэгтэй жүжигчин хайж байгаа гэж мэдэгдсэн. Энэ байдлаараа Д.Гантулга монголын улс төрийн  түүхийн нэгэн хэсгийг харлуулж, баллуурдаж орхисон.  Харин тэр үүнийгээ  ч мэдэхгүй төрийн суудалд шигдсээр байна.  Улстөрчийн ёс зүй хаана байна.

Судалгааны гуравдугаарт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  бичигджээ.  Яагаад олон таалдаггүй улстөрчдийн жагсаалтын эхний гурван байрт багтчихав, учиргүй шударга яриад байдаг биш бил үү гэж гайхах  хүн бий байх.  Цаг хугацаа өнгөрч, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх тусам Ц.Нямдоржийн үг,  үйлдэл хоёр зөрдөг болох нь ил болж байна.  Ард түмэнд ашиггүй болсон гэх Оюутолгойн гэрээ,  Арбитрт дуудагдаад байгаа "Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудалд тэр одоо хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Мөн хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн уяачдын эмх замбараагүй байдлыг цэгцэлж, УИХ-ын гишүүдийг ёс зүйг ч тэр ярьж суух учиртай. Тэр Монголын хуулийн байгууллагыг олон жил толгойлсон, "түүхэн” гэрээнүүд хийгдэж байхад хажуугаас нь зөвлөж байсан нэгэн. Ярьж, хэлдэг шигээ учиргүй  шударга нэгэн байсан бол энэ  асуудлуудад аль эрт дуугараад, үнэний талд ад үзэгдээд,  явж байх байлаа.  Гэхдээ тэр тэгсэнгүй. Харин ч  сайдын суудалтайгаа үлдэж,  ШШГЕГ-аар тендер зарлаагүй, үнэтэй  машин авахуулчихаад "Яадаг юм.  Би тэр машиныг унаж байгаа” гэж яриад сууж байна.  2008 онд Оюутолгойн гэрээг батлахад тэр С.Баярын стандарт бус Засгийн газарт  Хууль зүйн сайдаар ажиллаж байв.  Оюутолгойн гэрээг Швейцарийн шүүхээс "Монголын ард түмэнд ашиггүй, луйврын гэрээ болсон гэдгийг тогтоолдоо тусгажээ.   Тэр үед Монголын хууль байгууллагыг толгойлж байсан Ц.Нямдорж сайд юу хийж байсан бэ.  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар энэ талаар "Яг ярих юм бол.  Тухайн үед Ц.Нямдорж  сайд дээр нэр бүхий зарим хүн Оюутолгойн гэрээний анхны хувилбарыг барьж очсон байдаг.  Тэгээд засуулаад Монголын хуулийн нөхцөлд ингэж болно гэсэн хуулийн гэрээг УИХ, Засгийн газраар оруулж байсан” гэж хэлж байгаа юм.  С.Ганбаатарын хэлснээр бол гэрээг  хуулийн талаас нь гардан "зассан” хүн нь Ц.Нямдорж болж байна.  Есөн жилийн өмнө Оюутолгойн  гэрээг АТГ-аас анх удаагаа  шалгаж эхэллээ.

Хэрэв энэ нь хууль бус, Монголын ард түмнийг луйвардсан гэрээ болсон бол Ц.Нямдорж ч хариуцлага хүлээлцэж таарах болов уу. Тэр ард түмэнд таалагддаггүй улстөрчийн жагсаалтад дээгүүр давхиж байна.   Иргэд эдгээр улстөрчийг  таалахгүй байгаа нь тэдний  үг үйлдэл  хоёр зөрж байна, ёс бус үйлдэл гаргаж байна, хийж байгаа үйлдэл нь хүний эрхийн эсрэг байна. Ёс зүй ёс зүй бас дахин ёс зүй. Тэднээс ёс зүй нэхэх эрх бидэнд бий.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?