Нам дор мөргөмү
Нам, ном хоёрын аль нь чухал юм бэ… Багахан хошигноход хааяадаа ингэж хашгирмаар, бүр орилмоор санагддаг бол уншигч та энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншаарай. Учир нь, Монгол Улсад намгүй иргэн номгүй хүн мэт үзэгдэх болоод 20 гаруй жилийн нүүрийг үзлээ.
Гэхдээ өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намын ердөө хоёрт нь буюу Монгол Ардын нам болон Ардчилсан намд л гишүүнчлэлтэй байх тохиолдолд дээрх нам, ном хоёрын ялгарал үгүй болно. Мэдээж, улс төрийн наймаанд туслах хүчний үүрэг гүйцэтгэж, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар амь ордог гарын таван хуруунд багтах Иргэний зориг-Ногоон нам, Бүгд найрамдах нам, Эх орон нам тэргүүтэй цөөн намын гишүүдээс удирдлага тойрсон бичил бүтэц нь өөрөө үнэд орох үе бий. Энэ нь л нам, ном хоёрын аль нь чухал юм бэ… хэмээн дахин, дахин хашгирахад хүргээд байгаа хэрэг.
Ингээд асуудлыг тодруулах үүднээс Монголын улс төрийн мэдээллийг шүүж үзэхэд өчигдөр буюу энэ сарын 5-нд Улсын Дээд шүүхээс Дэлхийн монголчуудын намыг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээсэн байна. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гэр хороолол хөгжлийн намыг бүртгэхээс татгалзсан бол Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг шинээр бүртгэжээ. Түүнчлэн МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн батлав, Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв, Үнэн ба зөв намыг бүртгэв гэх мэтээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улсын Дээд шүүхийн албан ёсны вэб сайтдаа оруулсан арван мэдээлэл тутмын нэг нь намтай холбоотой байх юм.
Эндээс харахад нам дагасан улс төр, нам дагасан эрх ашиг, сонирхол Монголд ямар өндөр төвшинд хөгжсөн нь тодорхой болно. Харамсалтай нь, тэрхүү хөгжил нь ном уншсанаас намд мөргөх хувь хүний, тэр дундаа залуусын хандлагаар баяжиж байна. Учир нь, өнөөдрийн байдлаар Монгол Ардын нам 211 мянган гишүүнтэй бол Ардчилсан нам 180 мянган хүнд батлахаа гардуулсан. Бусад намын тухайд 50 мянгаас мянга хүртэлх гишүүнтэй гэж үзвэл энэ нь хүн амын бараг 20 хувьд дөхөж очих тоон үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын 20 орчим хувь нь улс төрийн намын батлах дагаж ажиллах, амьдрах ерөнхий нэг хэмжүүртэй болсон гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь, энэ мэдээллийн наана та бид "Залуус намаас татгалзаж байна” хэмээн олонтаа ярьж, хэлж бүр дүгнэх болсон. Гэтэл ачир дээрээ намд элсэх замаар залуус ирээдүйгээ чирэх нь ч, түрэх нь ч олширч буй. Энэ бол Ардчилсан нам болоод МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын идэвх төв намтайгаа зэрэгцэн сэргэж, улс төрийн шинэчлэлийг хөмсөг зангидаж, хөмхийгөө зуун асар өндөр дур сонирхлоор ярьдаг болсноос илэрнэ. Иймд цаашид "Залуус намаас татгалзаж байна” гэсэн оргүй хоосон дүгнэлтээр улс төрийг ч, улстөрчдийг ч цайруулах хэрэггүй болов уу.
Харин ингэж мэдээлэл хайх зууртаа "Монголчуудад порно үзүүлэх эрхийг нь нээнэ” хэмээн зарлаж байсан Далайн дээрэмчдийн нам Улсын Дээд шүүхээс бүртгэлээ авах нь бүү хэл яриан дундаа алга болсныг тодруулав. Учрыг лавлавал "Намынх нь нэрэнд дээрэмчин гэдэг үг орсон” гэдэг шалтгаанаар бүртгэхээс татгалзаж. Уг нь ийм нэртэй нам дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүр 323 мянган хүн амтай Исланд улсын парламентанд хүртэл 10 гишүүнтэй гэдгийг Улсын Дээд шүүх бодолцож үзэхийг хүсээгүй бололтой юм. Манайд үүсгэн байгуулагч залуус нь "Порно сайтыг нээх” гэдэг ганцхан чиглэлээ ил цагаан хэлсэн болохоос бус цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулах, мэдээллийн эрх чөлөөг хангах гэх мэт өргөн дэлгэр зорилго, зорилтуудтай гэдгийг нь анхаарч үзэж болмоор. Ер нь тэгээд төрийн толгойд сандайлахаас илүүтэй хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах улс төрийн намыг яагаад бүртгэж болохгүй гэж. Энэ бол бас яах аргагүй бодох л асуудал. Насанд хүрэгчдийн хувьд шүү дээ. Тэртээ тэргүй нам бол яах аргагүй насанд хүрэгчдийн тоглоом хойно.
Тэгвэл бүртгэл тойрсон энэ мэт асуудлаас хөндийрөөд Монголын улс төрийн намын үүсэл хөгжил гэдэг өргөн дэлгэр сэдэв рүү орох нь ээ. Анх 1990 оны тавдугаар сард Ардын Их хурлаас Улс төрийн намын тухай хуулийг баталсан байдаг аж. Уг хуулийг 2005 онд шинэчилсэн. Үндсэндээ намуудын тоо нэмэгдэж, намд элсэгчдийн эгнээ тэлж, намаар дамжиж эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хүсэл сонирхол өнгөрсөн 23 жилийн хугацаанд олшрохын дээдээр олширсон ч Улс төрийн намын тухай хуульд салхи оруулсан нэгээхэн ч өөрчлөлт үгүй. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2011 оноос хойш судалж, боловсруулсан гэх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаа 2016 оны эхээр УИХ-д өргөн барьсан. Гэсэн ч түүний уг хуулийн төслийг угшил нэгтэй Ардчилсан намынх нь гишүүд олонхиороо УИХ-аар хэлэлцэхийг дэмжилгүй, татан унагаасан. Агуулгынх нь хувьд нэхэн сануулахад "Улс төрийн намын санхүүжилт ил тод, шилэн байна. Нам дэмжигч болон үндсэн гишүүнтэй байна. Жирийн гишүүний хандив үндсэн цалингийнх нь арван хувиас хэтрэхгүй. Аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсийг 12 дахин өсгөсөнтэй тэнцэхүйц хандив өгнө. Хэрэв тухайн нам өөрийн мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааныхаа эсрэг ажиллавал улс төрийн намын бүртгэлээс хасна. Бүх намын данс улс төрийн санд нэг дор байршина. Тухайн сум 3001-ээс доош хүн амтай бол тэнд намын нэгж, штаб байгуулахгүй. Зургаан жил шат, шатны улс төрийн сонгуульд оролцоогүй бол намын статусыг нь татаж, төрийн бус байгууллагын хувиар ажиллана” зэрэг өөрчлөлт багтаж байсан. Яг энэ агуулгаас нь харвал Ардчилсан намын зүгээс УИХ-аас дэмжин батлуулсан бол өнөөдөр та бид улс төрийн намыг шүүмжлэх, буруутгахаас илүүтэй үйл ажиллагаанд нь хяналт тавих төдийгөөр өөрсдийн сонирхлыг татаж болох байсан. Улс төрийн намыг цэгцлэх боломж байсан гэдэг талаас нь харвал шүү дээ. Гэсэн ч Ардчилсан нам дэмжээгүй. Үүнийг нь мэдээж МАН-ынхан ашиглаж, эсрэг санал өгсөн.
Одоо харин тэд эргээд Улс төрийн намын тухай хуулийг МАН УИХ-д олонхиороо буюу 65-уулаа сууж байгаа дээрээ өөрчлөх хэрэгтэй гэдэг асуудлыг яриад эхэлсэн. Тэр дундаа, Үндсэн хуулийн өөрчлөлттөй хамт сум, багийн улстөржилтийг арилгах санал ч яригдаж буй. Нэг үгээр хэлбэл, намын батлах хамаарахгүй тэд намыг шүүмжилдэг ч, буруутгадаг ч. Гагцхүү өөрчлөх, шинэчлэх, үйл ажиллагааг нь хумих, гишүүнчлэлийг нь нээлттэй сайн дурын болгох гэхээрээ хуулийн дээр намаараа батлахаа тэврээд гараад суучихдаг. Үүний жишээ нь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг унагасан явдал.
Дээр нь, яг өнөөдрийн хувьд Ардчилсан нам, Монгол Ардын нам хоёрын санал нэгдэж, эвийн цавуугаар наасан мэт нэгдэж буй өнцөг бол гуравдагч хүчний орон зайг хазаарлах. Үүний жишиг нь ХҮН-ын сүйрэл. Байгуулагдлаа, сүйрлээ гэдэг хоёрхон үгний хооронд жил хүрэхгүй цаг хугацаа байсан гэдгээс нь харвал цаашид ч гуравдагч хүчинд орон зай одоогоор бүртгэлтэй байгаа бусад 26 нам болон шинээр бүртгүүлэх намд ч олдохгүй нь тодорхой. Зөвхөн ХҮН ч бус. Иргэний зориг-Ногоон намын 20 орчим жилийн сул дорой улс төр, АН-ын хатавчинд наалдаж, салж, хөөгдөж, туугдаж явсан хатуу түүх, Бүгд найрамдах намын ганц хүнээр дамжсан амжилттай, амжилтгүй улс төр, Эх орон намын мандан бадралаас уруудан доройтсон сургамж гээд энэ бүхэн өөрөө гуравдагч хүчний орон зайг МАН, АН хоёр шахаж, шавхуурдсаныг нотолно. Гэхдээ энд тус хоёр намын гэмийг цайруулах нэг үндэслэл бол зөвхөн ганц Монгол гэлтгүй дэлхийн улс орнуудын улс төр ийн хоёр том намын тоглолтод дагаар орсон явдал юм. Тиймээс улс төр судлаачид ч энэ өөрчлөлттэй эвлэрч "Монголын улс төрийн зах зээл хоёр гол намдаа ханачихаад байна. Гуравдагч хүчин одоо дахин гарч ирэхэд хэцүү, ер нь боломжгүй” гэх утга нэгтэй, сул дорой дүгнэлтээс хальж гарахаа байжээ. Тэр ч бүү хэл "Улс төрийн намуудад бодлогын ялгарал байхгүй боллоо. Зүүний, барууны гэдэг улс төрийн бодлогын ялгарлаа УИХ-ын сонгуулийн амлалт төдийгүй үйл ажиллагаагаараа үгүй хийчихлээ” гэдэг хэвшмэл, нэг утгатай, зогсонги тайлбараас ч улстөрчид татгалзахаа, ичихээ байжээ. Бүр сүүлдээ, улс төрийн намуудын уналт нь өөрөө улс төр судлалыг ч үгүй хийв үү гэлтэй.
Магадгүй судалгааны дүн үүний хамгийн том нотолгоо байж мэдэх учир МЭК судалгааны төвөөс сүүлийн гурван жилийн хугацаанд гаргасан улс төрийн барометрийг тоймлон хүргэе. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намаа удирдаж байх хугацаанд Ардчилсан намын рейтинг 27 хувьтай байсан бол УИХ-ын дарга асан З.Энхболд намын дарга, УИХ-ын гишүүн асан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор ердөө гурван сарын дараа рейтинг нь 14 хувь дээр унаж байж. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын рейтинг 48 хувьтай байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 30 хувь болж унасан. МАН-ын тухайд 2015 оны арванхоёрдугаар сард 34.2 хувь болж, рейтинг нь арав гаруй хувиар өссөн. Харин өнгөрсөн оны долдугаар сард 21 хувьтай байсан рейтинг нь өнгөрсөн оны сүүлчээр 16 хувь болж унасан байх жишээний. Энэ бол тоон үзүүлэлт. Ардчилсан нам ч, МАН ч дор бүрнээ бодох цаг болсны дохио. Тэр дундаа, намд үл итгэгчдийн тоо 40 хувьд ерөнхийдөө хэлбэлзэх болсон нь өөрөө дээрх хоёр намын гэхээс илүүтэй монгол төрийн эрсдэл болж унах аюултай гэдэг талаас нь харж үзвэл шүү. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар гэхэд нийтдээ 99 мянган сонгогч цагаан сонголт өгч, гурван нэр дэвшигчийн хэнийг нь ч дугуйлахаас татгалзсан гэдгийг бодолцох хэрэгтэй.
Гэсэн ч нам дагасан залуус ч, улстөрчид ч намаа шүтсэн хэвээр. Яг үнэндээ дээрх агуулгыг судлаач ярьсан ч, сэтгүүлч бичсэн ч, олон нийт итгэлээ харамласан ч нам бол намаараа л дуусна. Төрийн эрхийг барих сонгодог утга нь өөрөө намаар дамжиж хэрэгжихээс хувь иргэний хүсэл тэмүүлэл, шударга ёсны мөрөөдлийг тулахгүй. Энд л "Нам дор мөргөмү” гэдэг утга оршино. УИХ-ын сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албаны орон тоо дунджаар 50 мянган хүнээр нэмэгдэж, АН 100 мянга байсан төрийн албан хаагчийг 140 мянгад хүргэж, МАН 140 мянга байсан тэднийг 181-үүлээ болгосон. Бараг л сайн дурын нөхөн үржихийн сэтгэл, сэтгэгдэл хоёроор тайлбарлачихмаар. Ерөөсөө намд элсэхийн ач холбогдол нь энэ. Ном уншсанаас нам дагасан нь дээрээ гээд дахиад нэг хашгирчих уу!
Харин төгсгөлд нь, өлгөж ялгах нэг сэдэв нь МАН-д үе солигдож, АН-д үе мөргөлдөх явдал л юм даа. Нам дор мөргөмү.
Үндэсний шуудан сонин