Э.Энх-Эрдэнэ: Нийтийн дуунууд 100, 200 жилийн дараа ардын дуу болон үлдэнэ гэдэгт итгэдэг
Урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө хэмнэл, өнгө төрхийг нэгэнтээ бий болгосон эрхэм дуучин манай ярилцлагын зочин юм. Монгол түмний цээжинд аялагдаж, зүрхэнд эгшиглэж байдаг олон сайхан дууны эзэн Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнэ. Түүний олон уран бүтээл түмэн олны хүртээл болж чадсан билээ.
Монгол нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист дуу хуураа хүргэсэн эл дуучин маань гурвантаа эх орноо бүтэн тойрох гэж байгаа энэ цагт түүнтэй хэсэгхэн зуур ярилцах боломж олдсон юм. Даруухан ч дайчин, хөдөлмөрч дуучинтай хийсэн энэхүү ярилцлагаа уншигч та бүхэндээ өргөн барья.
-Сайн байна уу? Тоглолтын бэлтгэл гээд ихэд завгүй үед таны цагаас хумслаж байгаадаа эмээж, басхүү таны уран бүтээл, хувь хүнийг илүү таньж мэдэх гэж байгаадаа олзуурхаж байна. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна даа?
-Сайн, сайн байна уу?, Сайхан хаваржиж байна уу? Монголынхоо нийт дуунд дуртай ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тоглолтын маань бэлтгэл эд өрнөж, цаг нартай уралдан бэлтгэлээ хийж явна даа.
-Гуравдугаар сарын 1-нд тоглох тоглолт маш онцлогтой. Учир нь таны Монгол үндэстэн даяар тоглох тоглолтын эхлэл шүү дээ. Тоглолтынхоо гарааг Улаанбаатар хотоос эхэлж байна. Тоглолтын талаар яриагаа эхлэе?
-2018 оны гуравдугаар сарын 1-нд өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийх гэж байна. Мөн Монгол орон даяар тоглох тоглолт маань энэ өдрөөс эхэлнэ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос тоглолтынхоо эхлэлийг тавьж, 21 аймгаар өртөөлнө дөө.
-Зөвхөн дуу хуур эгшиглээд зогсохгүй, олон урлагийн үзүүлбэр багтсан гэж сонссон?
-Би аливаа ажлыг хийхдээ гүйцэтгэл сайтай хийхийг боддог. Гурав дахь удаагийн маань бие даасан тоглолт учраас их л ач холбогдол өгч байна. Иймээс зөвхөн өөрийн дуу хуураа хүргэхээс гадна , хошин үзүүлбэр дуу хуур хослуулан тоглох юм. Нэг ёсондоо дуу хуур, инээд хөөр цангинасан тийм сайхан үдэш болно гэдэгт итгэж байна.
-Та өмнө нь Эх орноо хоёр удаа бүтэн тойрсон. Нэг ч аймаг, сум үлдээгүй гэж хэлж болохоор. Энэ удаагийнх гурав дахь нь болж байна уу?
-21 аймаг 330 сумыг нэг бүтэн, нэг хагас тойрсон. Нийтдээ 900 гаруй тоглолт хийсэн байдаг. Томоохон хэмжээний тоглолтоос дурьдвал 2011 онд "Хайрласанд минь уучлаарай” UB PALACE-ын концертын их танхимд болж байсан. 2013 онд Монгол бөхийн өргөөнд "Амьдрах сайхан” нэртэй тоглолт, 2014-2016 оны хооронд Монгол орныхоо 330 сумдыг тойрсон байдаг. 2017 онд "Жаргалын диваажин Монголд” нэртэй тоглолтоор дахин тойрч нийт долоон аймгийн бүх сумдаар тоглосон байдаг. Энэ удаагийнх 21 аймаг, томоохон сумдад тоглоно. Бараг гурван удаа Монголоо тойрч байгаа гэж хэлж болох юм.
-"Жаргалын диваажин Монголд” тоглолтын нэрийг уншихад сайхан мэдэрж төрж байна. Монгол нутгаараа бахархах, омогших гээд л... Их утга агуулгатай нэр юм?
-Яг тийм. Надад яг л тийм сэтгэгдэл төрж байсан. Тоглолтын нэр ихэд учиртай. Би олон хоног, өдрөөр Монголынхоо бүх сум аймгуудаар аялан тоглолтоор явж байхад Миний Монгол шиг сайхан, диваажингийн орон хаа байна вэ? гэдгийг сэтгэл зүрхээрээ, биеэрээ мэдэрсэн. Тиймдээ ч би өнгөрсөн 2017 онд "Жаргалын даваажин Монголд” нэртэй дууг санаачлан, захиалан хийлгэж билээ. Өнгөрсөн жил энэ дуу маань үзэгч, олны таашаалд нийцэж, түмэн олон минь сайхан хүлээж авч байсан юм. Ялангуяа орон нутгийн маань сонсогчид илүүтэй сонсож, дуулах дуртай дууны нэг болсон. Дуу маань жилийн дөрвөн улирлын өнгө аясыг тодотгож харуулсан шүлэг аялгуутай.
Тоглолтоор хоёр сар гаруй явах ч тохиолдол байдаг. Гэртээ ирээд долоо хоног амарчаад л буцна. Монголын минь хаана ямар сайхан байдгийг, юу нь хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөж байдгийг илүүтэйгээр мэдэрсэн. Иймдээ ч тусгайлан уран бүтээл болгохыг хүссэн түүхтэй юм.
-Дууны төрөх цаг хугацаа байдаг гэдэг л энэ байх?
-Жаргалын Диваажин зөвхөн Монголд л байдаг гэдгийг Дэлхий даяар тархсан монголчууддаа дуу хуураараа дамжуулан хүргэх гэж зорьж буй төсөлт ажлын маань эхлэл юм. 21 аймгаараа тойрсны дараа Халимаг, Буриад, Өвөрмонгол, Тува, Солонгос, Америк зэрэг орнуудад ажиллаж амьдарч буй Монголчууддаа ая дуугаа өргөнө. Хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Өнөөдөр хүн бүхэн жилийн дөрвөн улирал ээлжлэн өнгөрдөг Монгол Эх орноороо бахархдаг. Энэ дэлхийн хамгийн сайхан орон бол миний Монгол гэдгийг соёл урлагаар дамжуулан хүргэхийг зорьсон. Тиймдээ ч Эх орны сэдэвтэй дуунууд тоглолтод дуулагдана. Монгол түмний сүлд дуу "Халуун элгэн нутаг”, Монгол түмний хайртай дуучин МУГЖ С.Жавхлан ахын дуулж олны хүртээл болгосон "Монголын үнэртэй салхи”, Монголоороо, амьдрах сайхан, Жаргалын диваажин Монголд гэх зэрэг олон сайхан эх орны сэдэвтэй дуунуудыг дуулна.
-Монголчууд бид диваажин гэдгийг өөрөөр төсөөлдөг. Гэтэл үнэндээ диваажинд амьдарч байна шүү дээ?
-Монголчууд бид их азтай улс. Хөдөө орон нутгаар явж байхад манай ард түмний нүүдэлчин соёл, энэ их уудам газар хэний ч сэтгэлийг хөдөлгөж чадна. Тоглолтоор явахад жилийн дөрвөн улирал ээлжлээд цас орж, хавар төлийн дуу цангинаад л, зун нь цэцэг ногоо дэлгэрч, эрийн гурван наадам болж, намар нь тариа ногоогоо хураагаад л тэр мөч үнэхээр үгээр хэлшгүй. Жинхэнэ урлагийн гайхамшгийг л харна даа. \инээв\
Яг л Жаргалын диваажин. Манай ард түмэн их аялгуулаг ард түмэн. Бид эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ардын дууны хөг аялгууг орчин үеийн дууны урлагаар дамжуулан хүргэж байгаа. Магадгүй миний дуулж байгаа дуунууд 100, 200 жилийн дараа ардын дуу болоод үлдэнэ гэдэгт итгэдэг.
-Таны олон уран бүтээл, дууг хүмүүс мэддэг атлаа хувь дуучны талаар төдийлөн сайн мэддэггүй шүү дээ? Та яагаад дуунд хайртай болов?
-Урлаг авах хүнээ авдаг гэж би боддог. Авъяастай, хөдөлмөрч бүтээлч залуус гараад ирэхэд урлаг шууд өлгийдөөд авна. Миний хувьд багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Багахан авъяас байсан юм шиг байгаа юм /инээв/. Тэр авъяасаа өөрийнхөө хэмжээнд хөгжүүлж, хичээл зүтгэл гаргасны дүнд урлаг хэмээх том айлд зохих хэмжээний орон зай бий болгож, бүл нэмсэндээ баярлаж явдаг.
-Нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг шүү дээ?
- Яг үнэн. Хүн хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргавал хэзээ нэгэн цагт үр шимийг нь амсаж л таарна. Хүн хэдий чинээ сайн хөдөлмөрлөж чадна төдий чинээ л аз дагуулдаг аа гэж би ойлгодог. Үүнийг дагаад олон боломжууд нээгдэж, цааш цаашдаа улам сайхан замууд бий болдог.
-Та уран бүтээлтэй холбогдоод 10 орчим жил болчих вуу?
-Би 2009 оноос эхлэн уран бүтээлээ эхэлсэн юм. "Зүүдний бороо”, "Хайрласанд минь уучлаарай”, "Хоёр амьдрахсан хорвоо” зэрэг дуунууд маань 2010, 2011 онд төрж билээ. Ингээд тухайн дуугаараа өөрийнхөө өнгө аясыг олж, уран бүтээлээ хийж эхэлсэн юм. Энэ уран бүтээлүүд маань тухайн үедээ сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээл болсон гэж бодож явдаг.
-Олон хүн таны дууг дуулж, хайрлаж хүндэлдэг. Дуучин хэмээх нэр алдарыг нэр хүндтэй авч явна гэдэг бол хэцүү шүү?
-Уран бүтээлч хүн тэр олон хүний итгэл сэтгэлийг дааж явах нь хийснээсээ илүү хэцүү гэдэг. Уран бүтээл, дуучин хүн хаана ч дуулдаг, зөв замаар, зөв л явах учиртай. Тэгж байж олон хүний хайр хүндлэл, дуучин хэмээх нэр алдрыг унагахгүй авч явж чадах байх аа. Олон мундаг дуучдаас суралцаж, тэр хэмжээнд мөр зэрэгцэн алхаж явах юмсан гэж дотор хүндээ байнга хэлж чанартай бүтээл гаргахыг хүсдэг. Уран бүтээл хийхэд маш их цаг хугацаа, маш их хөдөлмөр шаарддаг. Чанартай сайн уран бүтээл ч гаргахын төлөө хичээн чармайж ажиллана аа.
-Чанартай сайн уран бүтээл хэдэн жилийн дараа ч шинэхэн мэт байдаг шүү дээ?
-Тийм л уран бүтээлийн эзэн нь байхыг хүснэ. Уран бүтээлч байна гэдэг шинийг эрэлхийлж шинийг санаачлах нь ажлын онцлогтой юм уу даа.
-Та уран бүтээл туурвиад багагүй хугацааг элээжээ. Энэ хугацаанд олон залуус таниас суралцаж, шавь орж байна уу?
- Миний хувьд шавь төрүүлэх хэмжээнд хүрээгүй л байна. Өөрөө бусдаас суралцаж байна. Гэхдээ хэдэн дүү нар бий. Тэдэнд өөрийн мэдэх зүйлээ зааж, зөвлөлдөж, хуваалцаж, чадахаараа тус дэм болох юмсан гэж бодож явдаг.
- Та одоо өөрийн гэсэн продакшнтай гэж сонссон?
- Продакшн гэхээс илүү дуу бичлэгийн студи гэж хэлж болно. Ахынхаа студи дээр очоод яг л өөрийн юм шиг юмаа хийдэг, чөлөөт цаг заваараа Сайхан дуучдын хоолой бичиж зохих хэмжээний найруулга талд өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ тэр бүр зав болохгүй юм аа.
-Та 2009 онд их сургуулиа ямар чиглэлээр төгссөн бэ?
-Хүмүүс намайг СУИС-ийг төгссөн байх гэж ойлгодог. Миний хувьд МУИС-ийн компьютерын инженер мэргэжлээр төгссөн. Хэдийгээр дипломыг нь аваагүй ч гэсэн СУИС-ийг суралцаж төгссөн үеийн залуусын адилаар мэргэжлийн багшаар дасгал сургуулилтаа хийж, урлагийн сургуульд бие даан суралцаж явсан. Олон сайхан багш нараар дуулах эрдэм, арга ухааныг заалгасан юм. Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн дуу хөгжмийн багш н.Цэнгэл багш маань маш сайн суурийг нь тавьж өгсөн гэж боддог. Мөн их сургуульд орсны дараа Ардын жүжигчин Д.Ичинхорлоо багш дээр бие даан суралцаж, дасгал сургуулилалт авдаг байлаа. Түүнчлэн зав л гарвал өөрийгөө дайчилж суралцахыг эрмэлздэг байлаа. Надад зааж зөвлөдөг олон сайхан ах эгч нар байдаг. Тэд нараасаа л өдөр бүр суралцаж явна даа.
-Та Баянхонгор нутгийн хүү. Багадаа их чармайлттай, чадахгүйгээ чадахын төлөө хичээж явдаг хүүхэд байсан гэж би сонссон юм байна?
-Миний бага насны амьдрал бусдын адил хөдөө нутагт тоглож торниж өссөн. Баянхонгор аймгийн Жинст сумынх. Ёстой л хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Багадаа их сэргэлэн хүүхэд байсан гэж ах, эгч нар минь ярьдагсан. Чадахгүй зүйлээ заавал чадахыг эрмэлздэг. Чадахгүй спортоо заавал чадахын төлөө өөрийгөө дайчилдаг, Урлаг спорт зэрэг бүх зүйлд өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй хүүхэд байсан даа.
-Урлагийнхны амьдрал хэцүү л дээ. Хэдэн сар өдрөөр хөдөө тоглолтоор явна. Өдөр бүр шахуу тоглолт, арга хэмжээнд уригдана. Гэтэл энэ бүхний ард гэр бүл арын албыг хамгийн сайнаар авч явдаг. Та гэр бүлээ танилцуулаач?
- Миний ханийг Уянга гэдэг. Говь-Алтай аймгийн уугуул бүсгүй бий. Улаанбаатар хотод бага насны амьдрал нь өнгөрсөн. Одоо бид хоёр хүүхэдтэй. Том хүү маань нэгдүгээр анги, бага охин маань 5 настай. Ам бүл дөрвүүлээ өнөр өтгөн, жаргалтай аж төрж байна. Гэр бүлийн хүн маань миний урлагийн амьдралыг маань маш сайн дэмждэгт баярлаж явдаг шүү.
-Энэ их хөдөлмөрч залуугийн аав ээж нь ямар хүмүүс байдаг бол?
-Манай аавыг Эрдэнэ-Очир гэдэг. Залуу халуун насандаа адуу мал маллаж, эмнэг хангалын зоон дээр эрхийн хийморьтой явсан гэж би боддог. Ээж маань улсад 30 гаруй жил багшилж тэтвэртээ гарсан сайхан хүн бий. Би аав, ээж хоёрынхоо хүүхдээ хүмүүжүүлэх арга ухааныг их л биширдэг. Хүүхдэд хайр энэрлийг харамгүй хайрладаг, хатуу үг ган хийж байгаагүй ээ. Тэр хэрээр хүүхэд уян зөөлөн болж хүнийг хайрлах ухаанаар хүмүүждэг болов уу гэж боддог. Тэглээ гээд хүүхдүүд нь эрх болж хүмүүжээгүй, харин ч сэтгэл нь зөөлөн , үйлс нь цагаан болдог юм билээ.
-Аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэм гэдэг дээ?
-Өнөөдөр би нас биенд хүрсэн ч гэсэн аав, ээжийнхээ надад захидаг захиас, хэлдэг үг бүрийн сэтгэлдээ тээж, түүгээрээ тэжээгдэж явдаг. Миний аав зөв яв, зөөлөн бай гэдэг үгийг байнга хэлдэг. Тэр үг миний өдөр тутам үйлдэл бүрт бодогдож, аавынхаа хэлснээр зөв явж зөөлөн сэтгэлтэй байх мөн чанарыг өөртөө байнга хэлдэг дээ.. Учирсан хүн бүрт сайхан сэтгэл төрүүлж яв, хүнтэй бүү шөргөөцөлдөж яв гэх үг алхам тутамд минь мөрддөг шүү.
-Олон сайхан дуун дунд тань сэтгэлд хөдөлгөсөн торгон мөч үлдээсэн уран бүтээл бий юу?
-Нэрээ тийм шүү. Тийм дуу надад байдаг. 2012 онд гаргасан, клипжүүлээгүй нэг дуу бий... "Чамайгаа жаргаана” гэж...
Хайрлан дуулаад чамайгаа саналаа
Хагацашгүй сэтгэлээр нарыг жаргаанаа
Сэтгэлийн сайхнаар хайрлах юмсан
Итгэлийн галаар дулаацуулна даа
гээд их сайхан үгтэй. Тэр уран бүтээл гараад удаагүй байхдаа шинэ дуугаа эхнэртээ сонсгож билээ. Машины хөгжим чангалаад сонсгоход эхнэр маань сонссон даруйдаа мэлмэртэл уйлж билээ. Уянгын, хайрын олон дуу дуулсан ч энэ дуу эхнэрийн минь зүрхэнд тодоос тод мөр үлдээсэн дээ.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Хамгийн сүүлд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар ахын тоглолт дээр "Монголын үнэртэй салхи” дууг дуулсан юм. Энэ дуу маань сонсогчдоос багагүй шүүмжлэл, мөн таашаалын сайхан үг хослуулсан даа. Хэдийнэ хүний сэтгэлд хүрсэн дууг дахин дуулах хэцүү л дээ. Анх дуулсан дуучнаар нь хүлээн авдаг. МУГЖ С.Жавхлан ах энэ дууг үнэхээр хүн бүрийн сэтгэл зүрхэнд нь хүргэж чадсан. Тиймдээ ч өнөөдөр энэ дууг сонссон хүн бүр сэтгэл нь өмөлзөж, зүрх нь догдлож сонсдог. Нэг ёсондоо ард түмний хайртай дуу болжээ. Ийм сайхан дууг би ч ард түмний нэг хэсэг, учраас дуулсан нь тэр юмaa. Тэрнээс биш хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах гэж, арцалдах гэж дуулаагүй юм шүү. Зарим хүмүүс маань ойлгоосой гэж хүсэж байна. "Халуун элгэн нутаг” дууг өөрийнхөө өнгө хэмнэлээр дуулж байгаа. Цаашид ч Монгол түмний бахархалт уран бүтээлүүдийг өөрийн өнгө аясаар дуулна аа. Тоглолтонд ирсэн хүмүүс Эх орноороо омогшиж , сэтгэлийн таашаал аваасай гэж бодож дуулж байгаа.
- Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг мэргэн ардын үгийн үнэ цэнэ л энэ биз ээ. Таны хүсэл юу вэ?
-Түмэн олон жаргалан дундаас эрүүл энх байх нь чухал. Иймээс хүн бүр эрүүл энх, Монголчууд маань бүгд амар амгалан байх болтугай гэж дотроо залбирдаг. Өнөөдөр хийж, бүтээж байгаа уран бүтээлээ төгс хийж, оргилд нь хүрэх юмсан гэсэн хүсэл тэмүүлэл байнга миний дотор оргилж явдаг даа
-Урлаг хүнд баяр баясал, ухаарал, хүмүүжил олгохын зэрэгцээ, тэр хэрээр хүн хөглөгдөж байдаг шүү дээ? Та урлагтай холбогдоод юу "авсан” бэ?
-Галзуу барын ам руу гараа хийхээс буцахгүй тийм үе надад зөндөө байсан. Нэг үе хүмүүсийн өөдөөс чаг чаг хийчихдэг, саваагүй үе надад байсан. Гэхдээ урлагт холбогдож, урлагийн сайхныг мэдэрснээс хойш миний сэтгэл зүрх, доторх хүн маань өөр болж ирснийг би одоо ч анзаардаг. Магадгүй урлагийн хүмүүсийн үйлдэл, үг хэллэг бүр хөг аялгуугаар хөглөгдөж ариусдаг байх. Урлаг бол цэвэр намайг ариусгаж байгаа гэж боддог доо.
-Аялгуу сайхан дууг сонссон хэний ч сэтгэлийн утас хөглөгдөж, уйтгар, гуниг, баяр баяслын аль алиныг нь мэдэрдэг. Өөр юу таны доторхыг эзэмддэг бол?
-Дуучин хүний жаргал нэг л зүйл дээр илэрдэг байх. Уран бүтээлийн тоглолтоо хийж, дуу хуураа хүргэхэд халуун дотно алга ташилт огшоогоод л явчихдаг. Хүнд өгөх хамгийн сайхан, бас үнэгүй бэлэг чинь алга ташилт шүү дээ. Алга ташихад асар их энерги хуримтлагдаж байдаг. Тэр бүгдээс эрч хүч авч, энергээ сэлбээд дуугаа дуулаад явж өгнө дөө /инээв/ Монголын түмний хайртай дуучидтайгаа нэгэн тайзан дээр гарч өөрийн уран бүтээлээрээ ая дуугаа өргөх ерөөлтэй хувь завшаан надад олдсонд гүнээ их талархдаг.
-Та залуу хүн. Олон хүсэл мөрөөдөл, тэмүүлэл таны цээжинд багтан ядан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна?
-Магадгүй би өөр замаар явах байсныг үгүйсгэхгүй юм. Гэхдээ надад заяагдсан хувь тавилан, ерөөл байсан учраас би урлагийн замыг сонгож, энэ замаар жигүүрлэн явна. Хүн бүхэн сэтгэлдээ сайхан мөрөөдөл тээж явдгийн адил миний мөрөөдөл , дуу хуураар сэтгэлийг нь засдаг бол цаашлаад олон хүний ар гэр амьдралыг цэцэглэх гүүр болох юмсан гэж боддог. Нийгэмд хэрэгтэй зүйлүүдийг хийх хүсэл байнга оргилж байдаг.
-Бидэндээ ярилцсан таньд маш их баярлалаа. Дуучин гэдгээс бусдаар таныг таньж мэдэж чадлаа? Таны цаашдын уран бүтээл, их хүсэлд таньд амжилт хүсье?
-Баярлалаа. Дуунд дуртай Монгол түмэн минь бүгд эрүүл энх байж, хөг аялгуугаар өөрийгөө тайвшуулж, сэтгэл зүрхээ ариусгаж яваарай гэж хүсье. . Гуравдугаар сарын 1-нд болох Жаргалын диваажин Монголд тоглолт, Монгол үндэстэн даяар өртөөлөн урлагийн их аялалын нээлтийг тоглолтыг хүрэлцэн ирэхийг уншигч олноосоо хүсэж байна. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: ТӨР.мн