📅

У.ХҮРЭЛСҮХ: НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч ӨРШӨӨХГҮЙ

🕔 2018/02/27 07:01
 У.ХҮРЭЛСҮХ: НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч ӨРШӨӨХГҮЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй тус намын удирдлагууд өнөөдөр анхан шатны үүрийн дарга нартай "Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийлээ.

"Эх орончдын баяр”-ын өдрийг угтан зохион байгуулсан уг арга хэмжээнд МАН-ын даргаас гадна ЕНБД Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. Тус намын анхан шатны үүрийн дарга нар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар асуулт асууж, хариулт авлаа_

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "МАН-д нэг л эрх ашиг байдаг нь "Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. МАН-ын их хурлаар намын дарга болсоноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна" гэдгийг онцолж байв. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдээлсэн. 2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан. МАН төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрсэн гэлээ. 

Засгийн газраас Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах, Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Нөгөө талаар "Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын анхан шатны гишүүдтэй уулзахдаа хэллээ. Түүнчлэн  Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай МАН салшгүй холбоотой. Тиймээс ч "Эх орончдын баяр”-ын өдөр бол Монгол хүн бүрийн баяр гэдгийг онцолсон юм.


 
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ "Нийслэлийн МАН-ын хороо 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө  бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын эдийн засаг сэргэж эхэлсэн. Өмнөх удирдлагуудын "Концесс” нэрийн дор  140 гаруй тэрбум төгрөгний өр үүсгээд байсныг 2018 онд барагдуулж дууслаа.  Өргүй хот болж чадсан. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 27 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газрын дэмжлэг аваад байгаа нь Улаанбаатар хотын хөгжлийн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа ололт" гэдгийг онцоллоо. Монгол Улсын Засгийн газар, Нийслэл хот, МАН-ын удирдлагын баг өнгөрсөн хугацаанд  хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал болон намын анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах талаар энэхүү уулзалтаар санал солилцлоо.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?