📅

Сайд нар хаана, юу хийж явна вэ?

🕔 2018/02/21 08:13
 

С.УЯНГА

Сар шинийн баяр болон ажлын эхний өдрүүдэд сайд нар хаана, юу хийж явааг тодрууллаа.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

-Засгийн газрын тэргүүн сар шинийн босгон дээр Хэнтий, Сүхбаатар аймагт сайн малчны шагнал гардуулж, иргэдтэй уулзалт хийгээд иржээ. Харин өчигдрийн байдлаар албан ёсны уулзалт, томилолт товлоогүй ч Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай орон нутгийг зорьсон гэх мэдээлэл байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин

-Сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэрээ тойргийнхоо 1000 ахмадад хүндэтгэл үзүүлсэн байна. Ирэх долоо хоногт Монгол, Оросын Засгийн газар хоорондын даргын хувиар ОХУ-д ажиллах юм.

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

-Сар шинийн өдрүүдэд Баянхонгор аймагт тойрогтоо ажиллаж "Аварга малчин”-ны шагналыг гардуулаад иржээ. Харин даваа гаригаас ЗГХЭГ-ын даргынхаа ажлыг хийгээд Төрийн ордонд байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

-Ц.Нямдорж сайд яаман дээрээ хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа аж. Тэрээр сар шинийн өмнөхөн Хан-Уул дүүрэгт тойргийнхоо иргэдтэй уулзалт хийсэн байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-Ч.Хүрэлбаатар сайд ажилдаа ирж амжаагүй байна. Тэрээр Увс аймагт тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж явна.

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

-Сар шинийн өдрүүдэд Төв аймгийн найман сум буюу тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж Борнуур сумаас төрсөн улсын аварга тариаланч, фермер­чид шагналыг нь гардуулсан байна. Тойр­гийнхоо иргэдэд намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийг танил­цуулжээ. Мөн тойргийнхоо болон Батлан хамгаалах яамныхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлж өчигдрөөс ажилдаа оржээ.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

-Тэрээр сар шинийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан, Шинэ-Идэр, Арбулаг, Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Мөрөн суманд ажиллаад ирсэн. Өчигдөр Тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийсэн юм.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа

-Багануур дүүргийн иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого шийдвэр, Их хурлаар баталсан хууль журмыг тойрогтоо сурталчилсан байна. Харин энэ өдрүүдэд Оюутны хөгжлийн зээл, багш нарын цалин хөлсний асуудал гээд салбартаа анхаарч яаман дээрээ ажиллаж байна.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

-Өчигдрөөс Булган аймгийг зорьжээ. Тойргийнхоо сумдад ажиллаж намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийг иргэдэд танилцуулж яваа юм байна.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

-Сар шинийн өмнөх өдрүүдэд тойрогтоо буюу Хан-Уул дүүргийн I, II, III, XII хорооны иргэдтэй уулзсан. Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар шуурхай ажиллахад Д.Сарангэрэл сайд нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж нөхцөл байдалтай танилцсан байна.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

-Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойрогт ажиллаж иргэдэд хууль тогтоомж сур­тал­чилсан байна. Мөн дүүргийн намын хорооны даргын хувиар дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Харин Д.Цогтбаатар сайд өнөөдөр Япон улсыг зорино. Тэрээр энэ сарын 21-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

-Уул уурхайн сайд сар шинийн өмнөх болон дараах өдрүүдэд яаман дээрээ төвлөрч ажиллаж байгаа аж. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх Уул уурхайн багц хуулийн төслүүдийн Ажлын хэсгүүдтэй хуралдаж байгаа юм байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

-Хөдөө аж ахуйн сайд баярын өдрүүдэд Орхон, Булган аймагт ажиллаж, улсын аварга тариаланчдын шагналыг гардуулж орон нутгийн нөхцөл байдалтай танилцжээ. Мөн Баянзүрх дүүрэгт тойргийнхоо иргэдтэй уулзаж хууль журам сурталчилсан бол өчигдрөөс ажилдаа оржээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

-Сар шинийн өдрүүдэд Өвөрхангай аймгийг зорьж тойргийнхоо долоон сумаар явж Аварга малчин, Алтан төлийн эзний шагналыг гардуулсан байна. Мөн Богд, Нарийн тээл, Баруун Баян-Улаан суманд иргэдтэй уулзалт хийж Их хурлаар баталсан хуулиудыг сурталчилжээ. Ажил эхэлснээр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа аж.

 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

-Х.Баделхан сайд сар шинийн өмнөх өдөр Төв цэвэрлэх байгууламжтай танилцсан бол өчигдөр тойрогтоо ажиллахаар Баян-Өлгий аймгийг зорьжээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

-Сар шинийн өдрүүдэд Увс, Өмнөговь аймагт ажиллаж "Аварга малчин”, "Алтан төлийн эзэн”-ий шагналыг гардуулжээ. Мөн Увс аймагт тойргийнхоо иргэдтэй уулзаж шинээр баталсан хууль журмыг танилцуулсан байна. Харин өчигдөр Ерөнхий сайдтай орон нутгийг зорьжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?