📅

ХААНЫ ГЭР БҮЛД БАГТАХЫН ТУЛД ЮУГАА ЗОЛИОСОЛДОГ ВЭ

🕔 2018/02/06 10:25

ХААНЫ ГЭР БҮЛД БАГТАХЫН ТУЛД ЮУГАА ЗОЛИОСОЛДОГ ВЭ

 

Дэлхий нийт жүжигчин Меган Марклыг гүнж болон хувирах үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Ханхүү Харригийн сүйт бүсгүй саяхан олон нийтийн сүлжээгээ устгажээ. Энэ бол түүний хатан хааны гэр бүлд багтахын тулд тавьсан эхний золиос. XXI зуун аль хэдийн болчихсон байхад хааны гэр бүлд хүлээн зөвшөөрдөггүй өөр ямар олон шалгуур байдаг бол?
 

Зөвшөөрөлтэй гэр бүл


XXI зууны хаант засаглал чухам ямар вэ? Нэг талаас ажиглахад ханхүү Харри, Меган Маркл нарын хайр дурлалын асуудал онлайнд олны нүдэн дээр илхнээ өрнөж байна. Тийм болохоор хатан хааны гэр бүлийн гишүүдээс тэдэнд үзүүлэх дарамт бага мэт. Хатан хаан II Елизавета ач хүүгийнхээ сонголтыг сайшааж, тэднийг гэрлэхийг зөвшөөрсөн билээ. Харин зуу орчим жилийн өмнө одоогийн хатан хааны авга ах хайр дурлалаас болж хаан ширээнээсээ татгалзсан түүхтэй. VIII Эдуард хоёр ч удаа гэрлэсэн гэх Уоллис Симпсон хэмээх бүсгүйтэй гэрлэх гэтэл ордны ёс жаягт үл нийцжээ. Ингээд 1936 оны арванхоёрдугаар сарын 11-ний шөнө VIII Эдуард радиогоор "Би хариуцлага үүрэх хүнд даалгаврыг авч, хайртай эмэгтэйнхээ тусламж, дэмжлэггүйгээр хааны албыг гүйцэтгэж чадахгүй гэж шийдсэн” гэж мэдэгдэж байв.

Харри ханхүү ч мөн хайр дурлалтайгаа учран гэрлэж байгаа. Гэлээ гэхдээ тэр Британийн хаант засаглалын дэг жаягийг зөрчих ёсгүй. Тийм болохоор II Елизавета нэг дохилтоор л ач хүүгийнхээ хуримыг хүлээн зөвшөөрөхгүй байж болохоор байв. Хатан хаан салалтыг эрс эсэргүүцдэг англикан сүмийг толгойлдог. Гэтэл Меган Маркл өмнө нь найруулагч Тревор Энгельсонтой гэрлэж байсан түүхтэй. Яг ийм л шалтгаанаар Елизавета хатан хаан 2005 онд хүү Чарльз, нөхрөөсөө салсан Камилла Паркер Боулз нарын хуримын ёслолын иргэний хэсгийг нь орхигдуулсан билээ.

Британийн хатан хааны гэр бүлд хатан хаан өөрөө адисласан цагт гэр бүл хүчинтэй бол Шведэд хаад ноёд нь Засгийн газраасаа зөвшөөрөл авдаг. Хааны угсаа залгамжлагч гүнж Виктория 2010 онд хувийн дасгалжуулагч Дэниэл Вэстлингтэй гэрлэхэд түүний эцэг Карл XVI Густав хаан Шведий Риксдагт халуун дотноор талархал илэрхийлжээ.

Японы гүнж Макогийн түүх VIII Эдуардынхтай төстэй. Японы эзэн хаан Акихитогийн том ач охин өнгөрсөн намар сүй тавьснаа зарласан. Түүний сонгосон хүн нь энгийн харц ард учраас Мако хуримаасаа хойш гүнж хэргэмээ эрх дархтайгаа алдах юм.
 

Инстаграмгүй, хувийн үзэл бодолгүй


Меган Марклын хааны гэр бүлд багтахын тулд тавьсан нэг золиос нь олон нийтийн сүлжээгээ устгасан явдал. Британийн хатан хааны гэр бүлийнхэн амьдралынхаа талаар шууд мэдээлж, гэрэл зургаа тавих эрхгүй. Харин Букингемийн болон Кенсингтоны ордны албан ёсны аккаунтуудаар дамжуулан мэдээлэл хүргэнэ. Мэдээж Меган Маркпын шүтэн бишрэгчид түүнийг Твиттер, Инстаграмдаа эргэн ирнэ гэж найдаж буй. Тиймээс ч "Хаант засаглалдаа шинэчлэл хийж, Меган Марклыг олон нийтийн сүлжээнд нь эргүүлэн авч ирч” хэмээн уриалга хүртэл гаргажээ. Энэ уриалгад 5000 орчим хүн гарын үсэг зурсан байна.

Үүнээс гадна Меган Маркл хатан хааны дресс кодонд захирагдаж хувцаслах ёстой. Түүний хувьд нэг бус удаа энэ дүрмийг зөрчсөн. Тухайлбал сүй тавьснаа зарласны дараах эхний гэрэл зурагт сэтгүүлчдийн өмнө хөлөө ил гаргаж гарч ирсэн байна. Үүнийг хатан хааны гэр бүлд хатуу хоригложээ. Уг нь биеийн өнгөтэй трико өмсөж байж л гарч ирэх ёстой.

Энэ дүрэм Испанид ч үйлчилдэг. Европын хамгийн загварлаг хатдын нэг Летиция 2015 онд богино хар даашинзны доор хар трикотой гарч ирж шүүмжлэлд өртөж байсан түүхтэй.

Меган Маркл одоо улаан хивсэн дээгүүр алхахдаа өмсдөг хувцаснуудаасаа татгалзахаас өөр аргагүй болж байна. Түүний хувьд хамтдаа авахуулсан албан ёсны хөрөг зураг дээрээ Британийн "Ralph & Russo” дээгүүрээ хагас гэрэлтдэг даашинз өмсөн гарч ирсэн билээ. Хүмүүс түүний өмссөн даашинзыг 56 мянган фунт стерлингийн үнэтэй хэмээн шагширч, эсэргүүцлээ илэрхийлж байв. Кенсингтоны ордноос ч хурдан хугацаанд тайлбар хийж, даашинзыг хувиасаа мөнгө төлж авсан гэжээ.

Түүнчлэн Меган Маркл хаашаа ч явсан хар даашинз авч явахаа мартаж болохгүй. Хатан хааны гэр бүл гашуудлын үеэр л хар өнгийн хувцас өмсөх эрхтэй. Гэхдээ хаа нэгтээ аялж байх үед нь хааны гэр бүлийн гишүүн нас барах юм бол хар хувцас бэлэн байх ёстой.

Хатан хааны гэр бүлийнхэн мөн үслэг эдлэл өмсөх хориотой. Энэ дүрмийг XII зуунаас III Эдуард хаан гаргажээ. Сонирхолтой нь энэ дүрмийг одоогийн хатан хаан их зөрчдөг. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сард Зул сарын ёслол дээр үслэг захтай пальто өмсөн гарч иржээ. Үүнээс хоёр жилийн өмнө Норфолк гүнлэгт ч мөн үслэг эдлэл өмссөн. Тухайн үед амьтны эрхийг хамгаалагчид хатан хааныг шүүмжилж байлаа.

Хувцаснаас гадна хааны гэр бүлийн гишүүд сонгуульд санал өгөх эрхгүй. Виндзорынхон ч, Шведийн хааны ордныхон ч адилхан улс төрд төвийг сахисан байр суурьтай байна. Харин Испанийн хаан VI Филипп улс төрийн байр сууриа илэрхийлэхээс санаа зовдоггүй. Тэрбээр өнгөрсөн намар Каталоны бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн үзэл бодпоо илэрхийлж байлаа.
 

Хамтдаа Зул сар тэмдэглэж, хатан хааны амьтан руу дуугаа өндөрсгөхгүй


II Елизаветагийн ойр дотныхон Зул сарын баяраа тэмдэглэх улсаа сонгох эрхгүй. Шинэ жилийн баярыг нэг газраа буюу Сандригем харшид л өнгөрүүлнэ. Мөн Зул сард эртнээс бэлтгэнэ. Зуны амралтаас эхлэн баярын мэндчилгээн дээр гарын үсэг зурах ажиллагаа эхэлнэ.

Түүнчлэн Виндзорын ордонд хэрэглэж болохгүй үг хэллэг гэж бий. Одоо Меган Маркл posh буюу "чамин дэгжин” гэдэг үг хэлэх бөгөөд "couxh” буюу буйдангийн оронд "софа”-н дээр сууж, "toilet" гэдэг үгийг мартах ёстой. Энэ үгийг оронд "lavatory" гэдэг үг хэрэглэнэ.

Хатан хааны гэр бүлийн гишүүдийн бас нэг санах ёстой хориг бол II Елизаветагийн хайртай нохдод хүрч болохгүй. Ноход руу нь дуугаа өндөрсгөж, буйдан дээрээ хөөж болохгүй. Үүнийг зөрчвөл ордны эзэн, хатан хааныг зориуд уурлуулах гэсэн хэрэг болно.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?