БӨРТЭ ЧОНО
Хөшилдөн унасан аварга хөгшин нарсны үзүүрийн хэрзгэр хэдэн мөчиртэй барьцалдан ороолдсон туниа муутай сөрвөгөр ойм бутанд малгайлан духсан цаснаас хумсын чинээхэн ханзрахуй тод улаан навч цусан дусал мэт тодроод ирэв. Үүнийг нүдний үзүүрт өртсөн төдийд анзааран зогтусан навтасхийсэн Балу ард нь тулаад зогссон Харчуд сэрэмжлүүлэн эрүүгээ үл ялиг сэжиж бутны зүг дохиод биеэ хураан, хамраа сарталзуулан, урт хатгуур жадаа өлийлгөн, цахилгаан мэт дүүлэн ирэх шархадсан араатны шийдсэн довтолгооныг тосохоор зэхэв.
Харчуд харин энэ дохисон нь илүүц байжээ. Өндөр дохигор Харчу хэдийнэ Балугийн мөрөн дээгүүр өлийгөөд, нумаа сэмхэн дэлж байлаа. Харчугийн нүд өлөн бүргэдийнх мэт, бас зөн нь хөгшин эвшээс ч үл дутна. Харин намхан бөгтгөр Балугийн хамар талын чонынхоос ч илүү. Балу, Харчу хоёрын гурван өдөр, гурван шөнийн турш үг сүггүй мөшгиж, элдэж яваа өнөөх хүрэн дэлт хөх толбот аварга цагаан саарал чоно тэдний өмнөхөн, ердөө арван алдын газарт, цасанд дарагдан бөгтийсэн бутны цаана отож буйг хашир хоёр анчин мэдэв. Тэр хумсын төдий цас чухам чонын амьсгаанд тогтож тэсэлгүй тасраа биз. Чонын мөр харин тэрхүү унанги нарсны баруугаар дөлсхийн зайдуу гараад тэртээх ойн чөлөөг зорьжээ. Чоно мөрөө буруулж эргэн отоонд орсон нь энэ. Чонын хүүгээс ийм ов заль гардаг бол хүмүүний хоёр хүү түүнээс илүү овтой, сэрэмжтэй, тийм байж л сая энэхүү зэрлэг хэрцгий ертөнцөд амь тэнсэн үлдэх билээ. Үлдээд зогсохгүй анчин хэмээгдэн арван гурван тэргэл саранг барагдтал явж туулах гурван их нуруу, арван хоёр их говь тал, таван их голын хөндийгөө эзэгнэн хашгичих хувьтай буюу.
Цасанд дарагдсан бут, мөчирсийн дээгүүр сэрвийсэн хоёр гурван хүрэн хялгас Харчуд тодоос тод харагдах агаад тэр бол чонын хандгайнх мэт өндөр гүдгэр сэрвээн дээрх намрын дэрсний үзүүр мэт их дэлнийх нь үзүүрийн сор болохыг гарцаагүй таньж байлаа. Дахиад гурав л алхсан бол ганцхан үсрэлтээр өмнө явсан Балуг жадаа өргөхөөс нь өмнө нөмрөн дарж тасар татах байсан нь лав.
Хялгаснаас сайн тохой дор барьж онилвол лавтай чонын хоншоор, эрүү, магад хэнхдэгт сум нь хүрэх биз. Гэвч тэр цасанд хучигдсан мөчир, навчис дотор суманд нь тээг болох бүдүүн гишүү, ороонги өвсны унгирал таарч болох учир Харчу сумаа тавилгүй чоныг үсрэн гарч ирэхийг нь хүлээв. Таамналыг батлах мэт мөчир дундах хэсэгхэн цас захаасаа чонын амьсгаагаар хайлмагтан гялталзав.
***
Эцэс төгсгөлгүй мэт хөөцөлдөөн эхэлсний эхний шөнө дүл өнгөрч байх үед энэ Дэлт толбот чоно гэнэтхэн дайрч, мөшгигчдийн хоёрыг тасар татаж орхижээ. Түүний шүд сайтар билүүдсэн ган сайт чичлүүр хутганаас хурц, зуулт ороо буурынхаас ч хүчтэй, ангайлт нь баруун их далайн аварга махчингийх мэт. Ганцхан сэгсрээд Балугийн дүү, ид жагсаж явсан идэрхэн чийрэг Хутайгийн хүзүүг хуга хазан эргүүлэв. Хутай хашгирч ч амжаагүй юм. Чоно даруй хажуу тийш эргэж хутгаа сугалж байсан Аранагийн баруун далыг ханз татан санжуулаад ойн захын үргэлжилсэн битүү бут руу үсрэн оджээ. Чонын хав халуухан мөрийг даран ааг амьсгаагүй гүйлдэж явахдаа тэд нэн болгоомжтой байсан юм. Гэтэл чоно бүү хэл арга зальтай анчны ч санаанд оромгүй, хар сэр авамгүй нүцгэн энгэрт байх тарваганы дошны цас хонхойлон дотор нь цагираглан хэвтэж байгаад хажуугаар нь өнгөрөн шувтрах үед гэнэт араас дайрсан нь тэр. Сарны гэрэлд дошин дээрх товгорыг мөшгигчид огтхон ч анзаарсангүй, ер ил цагаан газар тул цас хунгарлан энд тэнд гүвдрээтэн бараантаад, толбот саарал чонын өнгөнөөс ялгарахааргүй байв. Анчид ерийн чоноос хэдэнтээ хурдан, хүчирхэг, эрэмгий догшин төдийгүй тийм айхавтар арга зальтай аюулт араатантай хөөцөлдөж яваагаа тэгэхэд л бүрэн дүрэн мэдрэв. Дүүгийнхээ хүзүүг тасчуулсан Балу шүдээ тагшин хилэгнэж, угийн юунаас ч үл халширч буцах Харчугийн нүдэнд гал асаж, золбоо нь улам ч сэргээд "Хо хо” хэмээн хөхөрч, унжгар мөрөө хөдөлгөн, ямар ч хүний толгойг дүүртэл баздаг урт сарвуутай хүчирхэг нударгаараа цээжээ цохилон байв. Харин Горгор л эрхгүй зүрх алдан хулчийж, гайхан алмайрч, ирсэн мөрөө эргэж харан зогсзноход Балу жадныхаа бөгсөөр өгзөг рүү нь нудраад, "Бид түүнийг заавал барина” гэж шүдэн завсраараа сийгүүлэн хэлсэн юм.
Тэгээд цус нөжтэйгээ холилдсон Аранагийн ханзарсан далыг нумных нь гичрээр даран, сайтар боож, отог руу буцаагаад, Хутайн цогцсыг өнөөх чонын хонхойлсон тарваганы дошинд хагас хугас шургуулж орхиод бүрэн бүтэн үлдсэн гурав чонын мөрөөр ухасхийлджээ. Дараах өдөр дунд чонын барааг хальт хараад алдав. Анчид ааг амьсгаагүй гүйцгээсээр байлаа. Ихэнхдээ Харчу түрүүлж, намхан бөгтгөр ч бодон мэт хүчтэй, эцэж цуцдаггүй Балу түүнийг мөр алдалгүй даган, харин Горгор тамирдан сульдаад нөгөө хоёроосоо арай л бараа тасарчихалгүй уухичин явжээ. Ингэсээр орой нар жаргахын хирд тэртээ өмнөх дэл хадат сэрвэнгээр давж яваа Дэлт толботын бараа харагдав. Харчу түрүүлэн гүйсээр сэрвэнгийн энгэр өөд өгсөж явтал гэнэтхэн ард нь бачимдан хашгирах дуун хадаж, эргэж харвал сайн хоёр нумын газарт хоцорч явсан Горгор үхрийн чинээ хадан дээр гараад зогсчихсон, илдээ гялалзтал эргэлдүүлэн, өнөөх гайхал Дэлт толбот эгзгийг нь тааруулан үсрэхээр хад тойрон үсэрхийлэн дэгдэж байлаа. Дэлт толбот дахиад тэднийг хуурчээ. Дэл хадат сэрвэнгээр давж буй харагдаад, аль нэгтээгээр нь тойрон тэдний ард гарч, хоцорч тамирдаж буй Горгор луу тийнхүү дайрч буй аж.
Балу, Харчу хоёр хашгирч гуугачсаар эргэж гүйлдлээ. Бачим болсныг анзаарсан Дэлт толбот чоно үхэр чулууны намхан талаар нь дамжин Горгор луу шуудхан дайрав. Горгор ч хашгиран илдээрээ ширвэн цавчсан ч чоно зог тусан цавчилтыг өнгөрөөгөөд илдээ эргүүлэхээс өмнө хажуугаас нь дайран нударч, түүнийг чулуун дээрээс төө тэнд хийсгэж орхив. Тэгээд өнхрөн унасан Горгорыг хөл дээрээ босох завдал өгсөнгүй, дээрээс нь нөмрөн буулаа.
Харчуг гүйж очиход чоно хэдийнэ баруунтаа сүглийлдэх барсгар хадны зүг хийдгээ хийчихээд тайвуухан цогиж байжээ. Горгорын нүүрний арьсыг эрүүтэй нь хамт ховх хуу татан, дагзан дээр нь овоолж орхисон байв. Хараахан амь тавьчихаагүй Горгорын тагнай ангайн, тасдуулсан хэлний угны цаанаас улаан хоолой нь хоржигнон цусаар тургилна. Харчу өчүүхэн ч эргэлзсэнгүй, Горгорын цээжинд хутгаа дүрж, оволзон байсан зүрхийг нь нэгмөсөн амиржуулжээ. Горгорын илд цустай байлаа. Түүний дэргэдээс явсан чонын мөр даган цусан дуслууд цацагджээ. Газарт унасан Горгор юутай ч илдээ чонын биеийн аль нэгтээд дүрж амжсан аж.
Харчу ойрхон ирж явсан Балугийн зүг дохиод тохуурхан тавлах мэт тайвуухан цогиж яваа чонын хойноос үг дуугүй харайсан байна. Дахиад л эцэс төгсгөлгүй хөөцөлдөөн улам эрчтэйгээр үргэлжилж, цуцашгүй нугарашгүй Балу, Харчу хоёр уул нуруудыг даван, хөндий хоолойг туулан, хөлдүү гол усуудыг гэтлэн өдөр шөнө хоёр чоныг зогсолтгүй хөөжээ. Шархадсан чонын явдал улам бүр саарч, мөр нь улам тодорч, зарим үед мөчийн өмнөхөн явсныг гэрчлэн цасан дээрх мөрний ирмэгийн цас аажуухан хөмрөн унаж байх нь үе үе анзаарагдах болов. Тиймд хоёр анчин улам хянуур, болгоомжтой урагшилж байлаа. Одоо Дэлт толбот чоно эцсийн мэхээ хийх цаг тун ойртжээ. Хурц жад, илд, хөвчит нум барьсан хашир хоёр анчинтай улаан халз тэмцэж хэрхэвч боломгүйг чоно мэднэ. Тэгээд ч тэр хоёр анчны няцаж буцашгүй эрэмгий зориг, эцэж цуцашгүй хатан болд бие, шургуу зуумхай нь чоныг юу юунаас илүүгээр туйлдуулж байжээ.
***
- Балу, чонын мөр дагаад дээшээ гүй. Тэр оёорын орчим очихтой зэрэгцээд чамруу яг үсэрнэ. Би харвая. Чи жадаа бэлээхэн гүйгээрэй гэв.
Балу ч үг дуугүй зөвшөөж, хойш нэг гишгэснээ өмнөх дархин дээгүүрээ дэгдэн гараад чонын мөр даган шогшлоо. Оёорт дөхөв. Харчу сумаа эрхийлээд хүлээнэ. Оёор өнгөрөв. Одоо л үсрэнэ дээ гэтэл үсэрсэнгүй. Анзаарвал өнөөх гурван хялгас үзэгдэхгүй болчихсон байх нь тэр. Сэр авсан Харчу Балуг "Зогс” хэмээн хашгирлаа. Чоно Харчугийн санааг тааварлажээ. Тэгээд отоогоо орхиод Балуг арай алсхан газарт хөндийрүүлж байгаад дайрахаар цааш ухарсан, эсвэл ард үлдсэн өөр лүү нь дайрахаар унанги нарсны цаагуур зүүн талаар нь тойрч буй биз. Хэрвээ тийм бол бачуу зайнд нум сумны хэрэггүй. Ер аль ч тохиолдолд нум сумны хэрэггүй болчихов. Харчу нумаа нуруундаа шидээд, илдээ сугалав. Ширэн хуйнаас нь сугалсан хүйтэн хөх гангын үнэр зэрлэг ойн дунд ханхийв. Яг энэ мөчид унанги нарсны гүвдрээтсэн үндэсний цаанаас хилэнт догшин нүд гялалзуулсаар чоно өндийлөө. Сэрвээнийх нь дэл зараанийх мэт босжээ.
Хүн, чоно хоёрын харц тулмайдан мөргөлдөхөд Харчугийн цээж ирвэснийх мэт хүржигнэн, шүд нь яралзаж, хүзүү цээжээ хүгдийлгээд чонын өөдөөс үсрэх гэж буй миу шиг гэтэнгээ,
- Одоо чи минийх болсоон. Хүрээд ир, гис гис... гис гис. Чи минийх.., гис гис хэмээн баяр бахдалтайяа шившинэ.
Чонын харцан дахь хилэнт догшин очис унтарч, дальдчиснаа тэсэлгүй эргэн зугтав.
- Балу гүйгээрэй хэмээн Харчу хашгираад, чонын мөр даран дахиад л ухасхийлээ.
Энэ удаад чоно үнэхээр сульджээ. Хоёрхон харайгаад тэднийг холоо орхидог нь хэдийнэ больж, дэмий нэгэн цогино. Тэр зууртаа үе үе эргэн хулмагнах нь тамирдаж буйг илтгэх ажээ. Мөр мөрөө даран гүйлдсээр дахиад маар татсан нэгэн их цаст хөндийг туулав. Хүн чоно хоёрын хоорондох зай улам ойртсоор... Харчу үе үе чоныг тавлан гуугачиж, бачимдуулна. Нэлээд хол хоцорсон Балу түүнийг нь түрэн хашгирна. Нэгэн их хусан ойн захруу оров. Ойд болгоомжлох учир Харчу Балугаа хүлээзнээд гүйцээд ирэнгүүт, хамраа сарталзуулан,
- Бавнагдах уу, шийрдэх үү? хэмээн шазав татав хийв.
Харчу бол чонын үүрэнд орж азарган чоныг бавнагдан чирч гаргаж ирэх дуртай юм. Ойн дундуур хэсэг гүйсэнд их цасанд чонын явдал улам бүр саарч, моддын дундуур нэг ил гаран, нэг далд орон, улам бүр ойртсоор байлаа. Явсаар цасгүй бараан томоо ойн цоорхойд гарч ирэв. Гэтэл өмнөхөн нь явсан чоно тэр уудам чөлөөнд огт үзэгдсэнгүй. Тийм хурдан гүйгээд энэ чөлөөг гэтэлж, нөгөө талын ой руу шургачих боломжгүй тул хоёр анчин зогтусан болгоомжилж, ойн чөлөөний аль нэгтээ нуугдах, отож болох дов, сондуул бүхнийг нэгжин харав. Ер тэнд ганц бяцхан өргөст майлзын нялх бутнаас өөр тэрхүү аварга дэлт чоно бүү хэл мануул ч нуугдчихмаар бартаа байсангүй. Хэдий цасгүй ч холилдон ургасан шагай өндөр борог, боролзгоно дунд чонын мөр тодхон дурайж, ойн дундах өнөөх бяцхан өргөст майлзын зүг шулуухан явсан байлаа. Хоёр анчин эргэлзсэнгүй, жад илдээ урдаа бариад бутанд ойртон, бутны хоёр талаар болгоомжтойёо тойров. Гэвч эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Бутны оёорт аварга чоно биш, харин ширэлдэж даахирсан үстэй бяцхан нүцгэн жаал түрүүлгээ харан дөрвөн хөллөөд эвхрэн хэвтэж байх нь тэр.
Харчу хүүхдийг харснаа хүзүүгээ өлийлгөн ойн чөлөөг эргэн тойрон хурц нүрээрээ дахин сайтар нэгжин харав. Харин Балу хүүд алгуурхан ойртож, жадныхаа үзүүрээр хүүгийн сугаруу шургуулснаа олиж, гэдрэг нь харуулсанд хүү тэр жаахан биеэс гарамгүй чангаар архиран жадных нь үзүүрээс хоёр бяцхан можгор гараараа зууран авчээ. Булу бөгтгөр нуруугаа тэнийлгэн ялсан шинжтэй хайваг хайваг алхан дэргэд нь ирээд, хүүг цагираган бэхэлгээт сөмөн гутлынхаа хоншоороор этин өнхрүүлэв. Хүү Харчугийн өлмий дор унаад, цээжээ хүржигнүүлэн, өт мэт биеэ хураан атрилдав.
Булу дөрвөн хөллөөд ахар аргамжын зайтай тойргоор өргөст майлзын бутыг тойрон мөр шиншиж үзсэнээ хүүг шинжин зогссоор байсан Харчугийн дэргэд ирээд,
- Чоно, тэр их дэлт, тод хөх толбот цагаан саарал чоно... энэ мөн. Тэр шидээр хүмүүний хүүхэд болов хэмээн жадаараа хүүгийн зүг чичлэн өгүүлэв.
- Тийм, тэр мөн гэж Харчу зөвшөөрөв.
Гэхдээ тэр илдээ баруун гартаа болгоомжлон барьсан хэвээр байлаа. Балу жадаа арагш нь огцом татаад хүүгийн сүвээ рүү чиглүүлэн дүрсэнд Харчу илдээрээ жадны үзүүрийг ширвэн зайлуулаад,
- Балу, чи азна. Тэр нэгэнт бидний гар дор байна. Түүнийг хэзээ ч бид нэвт сүлбэж, тас татан хаяж, эсвэл газарт дэлүүг нь дэлбэ савж чадна. Гэхдээ чи үүнийг хар гээд түрүүлгээ харан атиралдан хэвтэх хүүг дахин гутлынхаа хоншоороор этин өөд нь харуулаад баруун сүвээн дээр нь гишгэж, илдээрээ гэдэс рүү нь чичлэн заав.
Балу юу ч үл ухав. Дэмий гайхан тонгойн сайтар үзэв. Хүүгийн гэдсэнд ямар нэгэн ор мөр, хонхорхой товгор зүйл үзэгдсэнгүй, хонины гүзээний их булан мэт мөлийж байлаа. Балу гайхан Харчу өөд харвал цаадах нь,
- Үзэв үү? Түүнд хүйс алга. Тэр эгэлээр энд ирсэнгүй буюу гэв.
- Тийм байна. Гэхдээ муу шидээр бий болсон биш үү? Доголдор их бөө чухам түүнийг эс алваас бидний отог сүүлчийнхээ хүүхдийн элгийг шарж идээд өөрсдөө гал руу үсэрцгээх болно гэсэн биш үү? Тиймээс отгын маань хамаг чадалтан эрс энэ Дэлт толботын араас гарцгаасан. Цуварсаар эцэст нь бид хоёул л тэсэж үлдэн, гурван их нурууг даван энэ хүртэл харайлдсан биш билүү? Одоо бид хоёр л...
- Тэр их хүрэн дэлт, хөх толбот, цагаан саарал аюулт чоно одоо байхгүй болсон.
- Тэр чоно энэ бидний хөл дор байна биш үү?
Тэр хоёр хүү рүү зэрэг харав. Хүү тэдний өөдөөс нүдээ гурвалжлуулан ширтэнэ. Түрүүхэн дархины үндэсний цаанаас өндийж ирсэн чонотой харц тулган ширтэлцэж, халираан мохоож байсан Харчу хүүгийн өөдөөс харцаа хурцлан удаанаар тас ширтжээ. Харин энэ удаад хүү өчүүхэн ч дальдчисангүй.
- Тэр чоно биш ээ. Тэр хүн байна. Тэр тэнгэрээс заяасан биз, магад. Манай отог аймагт зорьж ирсэн биш үү. Харин бид түүнийг таньсангүй, түүнийг алах гэснээс өөрийг бид сэтгэсэнгүй.
- Тийм, гэхдээ их бөө Доголдор юунд ...
- Доголдорын үгэнд итгэсээр бид өдийг хүрлээ. Итгэх хэрээр биднийг тэнгэр мартаж, гэсгээж ирэв. Магад энэ чоно биднийг гэсгээлгэхээр ирүүлсэн, эсвэл сануулахаар илгээсэн ч билүү?
- Чи юу өгүүлэв?
- Балу, чи сонс. Аан, уун гээд сонс. Бид Доголдор бөөгийн үгээр Хэсүг аймгийг хүйс тэмтэрсэн. Хэсүгчүүд эртний их аймаг билээ. Тэдний өтгөст дээд тэнгэрийн буулт цацлага бий гэм. Гэтэл бид нялхас, өтгөсийг ч үлдээлгүй хядаж, тэдний цусаар найр хийсэн. Тэгээд ард нь гурван зуны ганг хатингардан давж, гурван өвлийн зудыг хангирсан гэтлэв. Бид модоо барьж, нохой явган, гахай нүцгэн болж хоцров. Тэгээд нохдоо ачаад, тал хээрээс нүүж, тайгад ирж, гөрөөлөн, хэрэмний шөл ууж тэсэж үлдсэн.
- Тэгсээн гээд Балу шүүрс алдав. - Гэхдээ Хэсүгчүүдийг бид дарах л байсан.
- Бид Хэсүгчүүдтэй өчүүхэн хулангийн зүлднээс болон архиралдсан. Түүнийг тэнгэр лав таалаагүй биз.
- Тийм гээд Балу дахиад шүүрс алдав.
- Бид Хөх чоно шүтээнтэй Чинос овогтон билээ. Тийм атал бид тайгад ирж, ан гөрөөсөө харамнахдаа энэ их тайгын чоныг алж барав биш үү? Балу. Чи бид мөн ч олон чонын арьсыг амьдаар нь хуу татан тавьж, арьсгүй болсон нүцгэн мах хэрхэн татвалдан, хөрсжихийг гайхан хараагүй билүү? Арьсгүй болсон чоно хэрхэн таталдан гүйлдээд, хамар давалгүй шурган унахыг бах болгон харж, баясаагүй билүү? Биднийг тэнгэр лав таалаагүй биз.
- Таалаагүй биз ээ.
- Бид аймаг хотлоороо тэнгэрт тахил өргөхөө больж, Доголдор бөөгийн чулуун онгонд итгэн бишрэх болсон. Бид алс замын аянчин нүүдэлчдийг уулгалан цөлбөдөг болсон. Бид ихсээ сонсохоо больж, үрсээ сургахаа мартсан.
- Тэгсээн гээд Балу бас л шүүрс алдав.
- Бид тэнгэрийн ёсыг өглөө оройгүй сануулан дуулах Эвшээн өтгөсийн үгсээс залхахдаа хар нутаг дээр хар ус утгах аяга ч үгүй хаяж нүүгээд харангадааж үхүүлсэн. Бид их тэргүүн Төмөртийг эндсэний ард түүний эдлэл гэрс, унах моринд тачаан, үрсийг нь алж, угийг нь тасалсан. Тэгээд бид тэргүүнгүй болж, адгийн зальхай Боголху Тарчааныг ихэнх маань дагасан. Үл дагаснаа бид мөн л хядсан биш үү. Бид сайныг мартаж, саарт баясдаг болсон. Бид их далай руу нулимж, эргүүлэгт гол руу сарьдаг болсон. Эртний их Чинос аймаг маань хэдэн хэсэг тасран, өнөө бид өчүүхэн отог болон хүчтэний үлдээсэн цөвдөлд баярлан цуглах цөөвөр болсон... Бид...
Балу чанга гэгч найтаагаад,
- Харчу, одоо зогс. Энд энд... гээд өвчүүгээ цохиж, - энд хатуу байна. Би бүгдийг санана, мэднэ. Тэнгэр биднийг гээснийг... гэв.
- Энэ жир бус их хүрэн дэлт хөх толбот цагаан саарал чоно лавтайяа бидэнд нэгийг сануулав. Жир бус энэ хөвүүн магад биднийг ивээх биз. Эс бол бид цөөвөр мэт явсаар үр үртэсгүй болон хайлах биз гээд хүүг дахин этиж түрүүлэг нь харуулав.
Хүүгийн туранхай чөргөр хонгоноос хоёр далных нь хоорондуур дээш өлийтөл үргэлжилсэн тодоос тод толбо хөхөртөнө. Хальтхан харах аваас хүү хөх нуруутай мэт үзэгдэх...
Гайхсандаа шогшрохоо ч мартчихсан Балугийн дээрээс Харчу тонгойн - Балу, чи бидэн нэгэн хачныг хэдэнтээ гайхан хэлэлцсэн дээ. Бидний багад үрс нөжөөтсөн хөх нуруутай эхээс унадаг байв. Яг энэ хүү шиг. Өнөө байгаад, нялхас ахар сүүлнийхээ уг дээр л алгын төдий хөх толботой болчихсон. Яагаад ийн болов хэмээн бид хэлцээд ухаан маань үл хүрсэн. Харин одоо нэгэн сэжүүр энэ өвчүүн цаана минь сөхөгдөв. Бидний хөх зөн бүдгэрчээ. Бид тэнгэрийн ёсыг мартжээ. Тиймээс Тэнгэр хэрэв биднийг гэсгээх гэмтэн гэвээс гэсгээнэ биз, аврах аваас аврана биз. Энэ хүүг юутай ч элгэндээ авсугай. Элгийг маань сорж идэх араатан, эсвээс элгийг маань дэвтээх тэнгэрийн үр алин болохыг бид өнөө эс мэднэ. Юу болохыг Тэнгэр мэдэг...
Харчугийн эргэлт буцалтгүй энэ шийдвэрийг Балу үг дуугүй зөвшөөн нүдээ анив. Тэгээд арьс, яс, шөрмөс болсон биетэй хэрзгэр өндөр Харчу, намхан бөгтөр Балу хоёр даахирсан үст бяцхан хөвүүнийг ээлжлэн өвөртлөөд таван хоног сөхөртлөө зүтгэсээр гархилсан нүдтэй, ээгэж ороолдсон хөлтэй амьтад арай чүү амьсгаатай отогтоо иржээ. Тэдний замд хэрэмний нөөш элбэг таарсан ч тэнгэрт сүсэглэх нь сэдэрсэн тэд өчүүхэн төдий хөндсөнгүй, ганц чандгаар гол зогоожээ.
Харин хүүг үзмэгц Доголдор бөө цусаар тургиж гарсанд ард үлдэж хоцорсон анчид, эмс хүүхэд хүртэл бүгдээр архиралдан, хутга, сум, сүх, бороохой, чулуу, мод, гох дэгээ гээд гартаа таарснаа шүүрэн, өчүүхэн хөвүүнийг тасар татахаар бүчин ирэв. Гэвч Харчу, Балу хоёр хүүг дундаа аваад, жад илдээ шүүрэн тэдний урдуур хөндөлдлөө. Хэзээ ч, юунаас ч үл халирч байсан Харчу, бодон гахай мэт зөрүүд муйхраараа залхаам Балу хоёроос отгынхон бүгд илтэд болгоомжлох учир яаж ч эс чадаад, дэмий л сиймхийг анаж, сэмээр эргэлдэнэ. Аюул ойрхон буйг мэдэрсэн хүү ч Харчу, Балу хоёрын хормой дороос үл цухуйж, хааяа хамраа гарган тэдний зүг архирах аяс үзүүлэх ажээ. Доголдор бөө тэдний муу хар модон урцыг тойрон цусаар тургин гурван өдөр, гурван шөнө зогсолтгүй дэвхчиж, эцэстээ гулдайн унасанд чирсээр холдуулжээ.
Хоёр анчны хатингар цээжин дэх хөх мах нь чимчигнэж, бэлтрэгээ харамнах чоно мэт хүүг аньсага хамхилгүй ээлжлэн сахиж, хандгайн уруул хөхүүлж, хушны самар цайруулан нунтаглаад буцалган угжиж гарав. Тэгсээр хавар айсаж, цас хайлах үест л нэг өглөө Доголдор бөө сураггүй болж, эрж үзвээс тахилгат урцны цаана байх бяцхан хонхрын голд бөөгийн гархит малгай нь үлдэж хоцорсон байжээ. Малгайн дор харин хөлгүй хар намгийн хааш хааш хоёр тохойн чинээ бяцхан өрх ил гараад, өмхийгээр тургин байлаа. Тэр цагаас хойш сая нэг Чинос аймаг отгынхон хүүг үзэхээрээ шархадсан баавгай мэт байж ядан аашилдгаа татаж, аядуу зөөлнөөр сонирхон харцгаах болов.
Нэгэн өдөр Харчу, Балу хоёр бяцхан хөвүүнээ хаврын илч суун ядах наранд гарган, гүзээ болоод нуруу юуг нь бозлогны тосоор тосолж суухуй тэдний дэргэдүүр өгцөгнөж явсан Хүтү хэмээх эмгэн үзээд гайхан хашгирчээ. Тэр дуунаар ойр хавийнхан цуглан хөвүүний нурууг туушдаа дүүргэх тодоос тод хөх толбыг баахан шагшран гайхацгаагаад, даруй өөрсдийн хэдэн нялхсынхаа нурууг нэг бүрчлэн үзсэнд ормын төдий байжээ. Тэгээд чухам юуг мэдэрснээ ч үл ухах атлаа, ямар нэгийг анзааран ихэд аюун түгшицгээсэн байна.
Хүүг Бөртэ чоно хэмээн нэрлэв. Мөн Дээд тэнгэрээс заяат төрсөн хэмээлдэх болов. Бөртэ чоно уулын буга мэт чилгэр гоо, усны тул мэт чилдгэр чанга эр болон өслөө.
.
"АУГАА ЭРИН" түүхэн цувралын II дэвтэр. "ХӨХ ТЭНГЭРИЙН ҮРС" романы хэсгээс.
.
Б.Номинчимэд