📅

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ТЭГЛЭСНЭЭР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ГЭВ ҮҮ

🕔 2018/01/29 09:04

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ТЭГЛЭСНЭЭР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ГЭВ ҮҮ

 

Дэлхийн зах зээл нефть бүтээгдэхүүний үнэ дахин өсөж байна. Өнгөрсөн зун шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр 47 орчим ам.доллар байсан өнөөдөр 70 орчим ам.доллар болоод байгаа аж. Уг нь Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хяналт, тавих чиг үүрэг бүхий төр иргэний нийгмийн хувийн хэвшлийн хамтарсан Үнийн зөвлөл байдаг. Гэтэл энэ зөвлөл өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Үүнээс үүдэн төр нефть импортлогч компаниудын атакт орохоос аргагүйд хүрч байгаа юм. Үүний тод жишээ бол өнгөрсөн долоо хоногт нефть импортлогч компаниуд зохиомлоор хомсдол үүсгэснийхээ шанд онцгой албан татвараа цуцлуулж чадсан. Тэд хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх бус харин ч "шагнал” авлаа. Төрийн толгой дээр гарчихсан эдгээр нефть импортлогч компаниуд дэлхийн зах зээлийн үнийн нэмэгдлийг сонсонгуут л шатахууны литр тутмын үнээ нэмэгдүүлэхээр улайрдаг. Харин эргээд шатахууны үнэ буухад буулгадаггүй. Тэд ийм л жишгээр ажилладаг.  Шатахуун импортлогч компаниуд хэрхэн үгсэн хуйвалдаж, монополь байдлыг бий болгодог вэ, гэдгийг сүүлийн 20 шахам хоногийн гаруй хугацаанд хангалттай мэдрүүллээ. Иргэд өвлийн хүйтэнд хөл дүүжлэх унаагаа шатахуунтай байлгахын тулд 90 он шиг урт дараалалд зогсож, хүлээлээ. Ийм байдалд хүргэхгүй байх алхмыг Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хяналт, тавих чиг үүрэг бүхий төр иргэний нийгмийн хувийн хэвшлийн хамтарсан Үнийн зөвлөл хийх ёстой байсан. Тэд үүргээ гүйцэтгэж чадсангүй. Тэдний зүгээс үнэ тогтворжуулах ямар нэг алхмуудыг хийдэггүй учраас ийнхүү улс орон даяараа дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн савлагаанд "өртлөө”.  Цаашид ч энэ байдал үргэлжлэх магадгүй талаар албаныхан дуулган байна.  Энэ талаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Шатахууны асуудлыг шийдсэн гэж байна. Шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс "Өмнө нь литр тутмаас 270 төгрөгийг алдагдалтай байсан бол одоо А80-аас 65 төгрөг, АИ 92-оос 30 төгрөгийн алдагдалтай борлуулна. Ирэх сард хилийн үнэ нэмэгдэх учраас энэ алдагдал дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр алдагдалтай үнээр борлуулах боломж байхгүй” гэж байна лээ. Татвар тэглэсэн ч асуудал шийдэгдээгүй гэж харж байна. Цаашид хэрхэн анхаарах вэ?” гэх асуултад тодорхой хариултыг албаныхан өгсөнгүй.

Ямартай ч ирэх хоёрдугаар сард хилийн үнэ 24-43 ам.доллараар өсөх таамаг байгаа аж. Үүнээс үүдэн ирэх сард дахин хилийн үнэ нэмэгдэнэ. Нэг үгээр онцгой албан татварыг тэглэснээр асуудал шийдэгдээгүй гэсэн үг.

Уг нь тэд дэлхийн зах зээл дээр үнэ өсөж байхад бага дээр нь барьдаг, эрсдэлээс хамгаалах аргыг хэрэглэх бүрэн боломжтой. Гэвч нефть импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд монголчуудыг үнээр дарамтлахаас өөр зүйлд суралцаагүй байгаа нь харамсалтай.
 
П.ГОО

Оллоо.мн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?