📅

Цагаан сарын зарим ёс заншил

🕔 2016/02/06 15:05

Цагаан cap гэдэг нь бүхэлдээ бүх юм хиргүй ариун байхын бэлгэдэл юм. Өвлийн адаг сарын 29 бол өмнөх оны бүх зүйлээ цэгцэлж, цэвэр сайхан болгож, золгоход бэлэн болж байгаагаараа онцлог. Өнгөрч буй оныхоо ажил төрөл аливаа нэгнээ цэгцэлж, бүх хир тоосноосоо салахыг үнэн санаанаасаа эрхэмлэвэл зохилтой.

Битүүний өдөр

Битүүн гэдэг нь cap бүрийн 30-ны саран үл үзэгдэх өдрийг хэлэх бөгөөд хангирсан одож байгаа жилийн сүүлч, гарах жилийн өмнөх битүүний өдөр гэдэг утга бэлэгдлээр бурхан шүтээндээ идээ цагааныхаа дээж болон зулыг өргөн арц хүжээ уугиулахаас гадна зочин гийчинд зориулсан идээ цай, ууц шүүсийг тусгай журмаар бэлэн болгоно. Битүүний өдөр цагаан сараар дайллагад юу зориулсан тэр бүхнээсээ элбэг дэлбэг өрж дэлгэдэг. Энд ууц шүүсний тухайд бага зэрэг тодруулья. Ууц тэргүүтэн хонины бүх махыг оролцуулах тавихыг их шүүс гэх бөгөөд энд бүх махыг тавихын оронд бусад махаар орлуулж болдог. Халхын өндөр гэгээн Занабазар ууц таллаж буйгаар өөрийн дүрийг бүтээхийг таалсан утга нь монголчуудын амны хишгийг тогтоож байхыг бэлгэдлийг агуулсан гэдэг билээ. Түүнээс заавал ууц тавь гэсэн хэрэг бус. Ууцыг дал дөрвөн өндөр, дал дөрвөн өндрийг шаант орлодог гэдэг нь үүнтэй холбоотой юм. Ууцыг өндөр настан ах зах хүмүүстэй айлууд хэрэглэх нь зохимжтой байдаг бол бага шүүсийг аль ч айл өөрийн боломжоор бэлтгэж болно гэж ойлгоорой. Мөн энэ орой айл гэрийнхэн бүгдээрээ цуглан битүүлэхээс гадна хүүхэд бүрт богтос, үнхэлцэг эмэгтэй хүүхдэд өвчүү зэргийг хувь болгон өгдөг. Мөн банш буузаа чанаад ,хот айлаараа солилцдог ёстой. Ийнхүү солилцохдоо тавагтай идээ цай дагалдуулдаг. Эсвэл бууз, баншин дээрээ ааруул, тос тавьж оруулдаг заншил бий. Ер нь идээ цагаа, сүү, цайныхаа дээжийг эхлэн бурхандаа өргөсний дараа гадаа орон хангайдаа өргөдөг билээ.

Лхам бурхан

Лхам бурхан битүүний шөнө замбуу тивийг нэгэн эгшинд эргэдэг. Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн 1-ний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурхныг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир Монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй” хэмээгээд өргөл өргөж мөргөөд, битүүлгээ эхлүүлдэг заншилтай ажээ. Лхам бурхны зүрхэн тарни "Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум”. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, дагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурхны хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг. Мянган бурхныг ном, номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлол барцад саадыг даран зохиож шашныг сахин хамгаалах тангарагтай хонгор халзан луус хөлөгтэй догшин дүрийг үзүүлсэн нь Лхам бурхан юм.

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ.  Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. 50-иас , дээш настанд архи хүртээдэг учиртай. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлгэддэг. Мөн бууз жигнэж, банш чанан шөлний будаа хийж, айл хөршдөө хүүхдээр хүргүүлдэг.Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Битүүнд цээрлэх зүйл

-Орой үдшийн цагаар гэр орондоо харанхуй байх

-Хувцас эд зүйлсээ гадаа хонуулах

-Айлд хонох, дэмийн явах

-Хэл ам, хэрүүл шуугиан хийх

-Нохой тэргүүтнээ өлсгөлөн байлгах

-Тагнай таших, шогшрон гаслах

-Хов жив ярих

-Хоолны үлдэгдэл, хог зүйлээ хаях

-Уур уцаартай сэтгэл хангалуун бус байх зэргийг цээрлэдэг. Эдгээр нь битүүний үеийн эрхэм баримталдаг ёстой.

Шинийн нэгэн

Энэ өдөр өглөө эрт босох, цайгаа чанан бурхан шүтээн, хангай дэлхийдээ шинээр тахил дээж өргөх зүгээ гаргах, золголт хийх, мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэн баримталдаг ёстой.

Б.Төгөл

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?