📅

Пиеррэ Лоринэт: Хүсвэл би “Голомт”-ыг унагааж чадна. Надад хамаагүй

🕔 2016/02/04 20:42
Пиеррэ Лоринэт: Хүсвэл би “Голомт”-ыг унагааж чадна. Надад хамаагүйБанкны систем өөрөө маш эмзэг бас эрсдэлтэй. Санхүүгийн тайлан хийгээд бусад мэдээлэл нь зөрүүтэй гарвал хөрөнгө оруулагчдад сөргөөр тусч, харилцагчид хадгаламжаа татах эрсдэлийг бий болгодог. Үүн дээр хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо сөргөлдөөд эхэлбэл банкийг дампууруулах хэмжээнд хүргэх аюултай. Тэгвэл ийм нэгэн буюу өмч хөрөнгөө буцаацалдсанаас банкиа дампууруулж мэдэх нөхцөл арилжааны банкууд дундаа жин дарахуйц "Голомт”-д үүсч байсан тухай товчхон өгүүлье. "Голомт” банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд "Бодь” цамхагт болсон байдаг. УИХ-ын гишүүн М.Зоригт, Л.Болд, "Голомт”-ын Д.Баясгалан хэмээх гурван томоохон хувьцаа эзэмшигчийн хоорондох үл ойлголцол ид өрнөж байсан үе гэсэн үг. Хуралд "Бодь Интенэйшнл” компаниас Н.Нацагдорж, Трафигура БиХийр БИ.ВИ-гээс Пиеррэ Лоринэт, тухайн үеийн ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг, Гүйцэтгэх захирал Г.Ганболд, Хуулийн хэлтсийн захирал Я.Баяраа, нарийн бичгийн дарга Б.Түвшинзаяа нар оролцжээ. Мөн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн Л.Болдын төлөөлөгчөөр Л.Сарангэрэл ирсэн байжээ.

Н.Нацагдорж: Хурлаа эхэлье.

Л.Болдхуяг: Хуралд дэг журам байдаг. Хүлээж бай, чи даргалаагүй байна, би эхэлнэ. Чи яагаад хүн дайраад тушаагаад байна. Чи тэр бичгээ хар, битгий хурал үймүүлэх гээд бай. Хурал үймүүлэх гээд байгаа бол хурлаас гарах эрх нь надад байгаа.

Пиеррэ Лоринэт: ТУЗ-ийн даргаа, Свисс-МО ирэх үү.

Л.Болдхуяг: Энэ тухай ярилцана, чамд орчуулж өгнө.

Ийнхүү хурал эхнээсээ нэлээд ширүүн байдалтай өрнөжээ. Улмаар ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг, Л.Болдын гишүүний төлөөлөгч Л.Сарангэрэл болон "Бодь Интенэйшнл” компаниас томилогдсон Н.Нацагдорж нарын хооронд маргаан үүссэнээр Л.Болдхуяг, Л.Сарангэрэл, Г.Одонтуул нарын хүмүүс хурлыг орхин гарчээ.

Пиеррэ Лоринэт: Энд шийдэгдээгүй асуудал байгаа нь тодорхой байна. Би яг Абу Даби хөрөнгө оруулалтын газар хийсэн шиг Төв банк руу хандаж удирдлага болон үйл явцыг зохицуулж буй хүмүүсийн үйл ажиллагаанд сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлнэ. Монголбанкны төлөөлөгч үүнийг тэмдэглээсэй гэж хүсч байна. Олон улсын хөрөнгө оруулагчийн хуьд өмнөх ТУЗ-ийн дарга болон удирдлага бидэнд хурал танилцуулга өгсөн байна. Хэрвээ энэ асуудлаа шийдвэрлэхгүй бол би хариуцлага тооцох болно. Үнэндээ бидэнд 15 сая ам.доллар бол их юм биш, надад хамаагүй. Харин энд болж байгаа зүйл ямар ч стандартаар харсан солиотой байна. Үнэндээ энэ бол гутамшиг, та нар бүгд үүнээсээ ичих хэрэгтэй.

Н.Нацагдорж: Хурлын дэгийн дагуу явъя. Одоо яах ёстой вэ?

Тэднийг ийн ярилцах зуур гаднаас Л.Сарангэрэл орж ирэн үг хэлжээ.

Л.Сарангэрэл: Та нар хууль бус юм битгий хий. ТУЗ шийдэхгүй, хэзээ ТУЗ ХЭХ-ын асуудлыг шийдэж байсан юм бэ. Хувьцаа эзэмшигчийн 85 хувь нь Бодь. 15 хувь нь хуралдаад явчих гээд байна шүү дээ.

Пиеррэ Лоринэт: Бид энэхүү ширээн дээр сууж буй хүн бүрийг шүүхэд өгөх болно. Ямар ч байсан та нарыг шүүхэд татах болно. Юу ч хамаагүй байна, энэ бол тоглоом болж. Энэхүү хурлын гадна та нар асуудлаа шийдэх хэрэгтэй. Банк бид бүгдийн хувьд маш чухал. Хүсвэл би банкыг унагааж чадна. Надад хамаагүй. Миний хувьд 15 сая ам.доллар юу ч биш. Надад 6 тэрбум ам.долларын баланс байна. Би маргааш балансаа хасч чадна. Та нар хоорондын асуудлаа шийдвэрлээд банкны байдлыг сайжруулах хэрэгтэй. Би аль талыг дэмжихгүй байна. Ямар ч асуудалд санал өгөхгүй. Учир нь би энд ярьж байгаа ямар ч зүйлд итгэл төрөхгүй байна.

Тэрбээр ийн хэлээд "Ямар ч байсан Михаил Зелдовичийг Аудитын хорооноос нэр татуулна. Бид энэ луйврын нэг хэсэг байхыг хүсэхгүй” хэмээгээд гарч оджээ.

Н.Нацагдорж: Бид ажлаа хиймээр байна. Хурлаа хийе.

Л.Сарангэрэл: Ийм байдлаар хурлаа явуулахгүй гэж хэлэх, суух бүрэн эрхтэй хүн би байна. Энэ чинь миний хөрөнгө. Ямар инээдтэй юм бэ. Би хөрөнгийн эзэн, би хүнийг томилж оруулна уу гэхээс биш намайг томилж оруулна гэж ямар юм байсан юм бэ?

Н.Нацагдорж: Голомт банкны хувьцаа эзэмшигч бол Бодь Интернэйшнл ХХК.

Л.Сарангэрэл: Чи боль л доо. Бодь Интернэйшнлийн 33 хувийн эзэмшигч нь би сууж байна.

Маргаан ийн өрнөсөөр санал гаргасны дагуу Н.Нацагдоржийг хурал даргалагчаар сонгож Хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг сонсож зарим асуудлыг шийдвэрлэжээ.

Улмаар 2013 оны тавдугаар сарын 30-нд "Голомт” банкны Гүйцэтгэх захирал Г.Ганболд, Тэргүүн дэд захирал Д.Мөнхтөр, дэд захирал М.Чимэгмөнх нарын гарын үсэг бүхий захидлыг хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-д нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлжээ. Захидалд "Голомт” банк Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа ч Төв банкны Ерөнхийлөгчийн 2011 оны тушаалын дагуу 2013 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 8 хувьтай байгааг 9-өөс дээш, нийт өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 13 хувьтай байгааг 14-өөс дээш байлгахаар шаардлага чангарч байгаа тул эхний ээлжид 15 тэрбум төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай байна гэжээ. Мөн ТУЗ-ийн 2013 оны гуравдугаар сард гаргасан тушаалаар баталсан "Голомт банкны 2013 оны бизнес төлөвлөгөө”-нд 2013 оны тавдугаар сард 30 сая ам.доллар буюу 40.5 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөд нэмж хөрөнгө оруулахаар төлөвлөгдсөнийг арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

http://sodon.mn/news/16195


 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?