Энхтайвныг эрхэмлэхийг хүн төрөлхтөнд уриалав
1939 оны 9 дүгээр сарын 1-нд Нацист Германчууд Польшийг довтолсноор дэлхийн II дайн эхэлж, Польшийн ард түмэн түрэмгийлэгчдийн довтолгоо, их хядлагын золиос болсон юм. Польшийн өмнөд нутгийн Аушвицын хорих лагерь дэлхийн хоёрдугаар дайны үеийн их хядлага, хүмүүс хүн чанараа гээсний гэрч болон үлджээ. ХОУР-гаас Германд суугаа сэтгүүлч Шюй Дүө Аушвиц-Бэркенаугийн бөөнөөр хорих лагерийн музейн дарга Пиотр Сувинскитай уулзаж, хүн төрөлхтний түүхэн дэх эмгэнэлт цаг үеийг дурсан, түүхээ марталгүй, энх тайвыг эрхэмлэхийг хүн төрөлхтөнд уриалж байна.
1945 оны 1 сарын 27-нд Польшид тэр жилийн хамгийн хүйтэн өдөр болсон юм. Зөвлөлтийн Улаан армийн цэрэг давшсаар, Польшийн өмнөд нутгийн Аушвиц сууринд хүрч, нацистын хорих лагериас амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан 7000 хүний амийг аварчээ. Тэд яс арьс болж, нүүр царай нь хувхайрч шарласныг хараад Зөвлөлтийн цэргүүд тун их цочирдсон гэдэг. Хэдий тийм боловч тэднийг азтай хүмүүс гэж хэлж болно. Учир нь тэдний дэргэд 1 сая гаруй хүн амиа алдсан юм. Зам харилцааны уулзвар болсон Аушвицыг дэлхийн II дайны үед нацистууд "Үхлийн үйлдвэр” болгож, Европын олон газраас авчирсан хүмүүсийг алж хядаж байжээ. Дэлхийн II дайны үед олон сая хүн амиа алдсаны 90 хувь нь еврейчүүд байлаа. Энэ тухай Пиотр Сувинскийн ярианд анхаарлаа хандуулна уу.
"Тэр үед Польшийн шоронгууд пиг дүүрсэн, нацистууд Польшид устгах бодлого хэрэгжүүлж байсны улмаас Аушвицад хорих лагерь байгуулжээ. 1940 онд польшуудыг Тарнов шоронгоос шилжүүлэн авчирсан бол 1942 он гэхэд Аушвиц Европын хамгийн том бөөнөөр хорих лагерь болсон байв. Аушвицыг чөлөөлөх хүртэл нацистууд 1 сая гаруй хүний амийг хороосны дийлэнх нь еврейчүүд байлаа. Хожим Аушвицыг ЮНЕСКО-гоос дэлхийн өвд оруулсан билээ. Ийнхүү Аушвиц хүн чанараа алдсан их хядлагын гэрч болон үлджээ. ”
Польшийн засгийн газар II дайны дараа буюу 1947 онд Аушвицын хорих лагерийг музей болгон өөрчилж, нацистуудын үйлдсэн дайны гэмт хэргийг харуулж, түүхээ санаж, энх тайвныг эрхэмлэхийг уриалах болжээ. Түүнээс хойш жил болгон дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн Аушвицэд очиж, амиа алдсан гэмгүй номхон иргэдийг дурсан санадаг болсон юм. Хэрэг дээрээ Аушвиц бол бөөнөөр хорих лагерийн эхний нэг л хэсэг, гол лагерь буюу Аушвицын нэгдүгээр хорих лагерь гэдэг. Тэндээс 3 км зайд орших Бэркенау бол хамгийн том бөөнөөр хорих лагерь бөгөөд хамгийн ээдрээтэй хэсэг юм. Эргэн тойронд нь амьдарч байсан Польшийн эгэл жирийн ард иргэдийг хөөн зайлуулж, гэр орныг нь нурааж, нацистын цэргүүд боолчлогдон ирсэн хүмүүсийг бөөнөөр нь устгах бааз байгуулсан бөгөөд нас барагсдын дийлэнх нь тэнд амиа алдсан юм.
Аушвицад үй олон еврейчүүд, эсэргүүцлийн хөдөлгөөний дайчид, дайны олзлогдогч, энгийн иргэдээр түүхий эд болгож үхлийг үйлдвэрлэж байсан учраас "үхлийн үйлдвэр” хэмээдэг. Нацист Германы байгуулсан суварган хэлбэртэй гурван давхар цогцос шатаах зуух хоногт 6000 цогцос шатаах хүчин чадалтай байжээ: Ингээд Пиотр Сувинскийн яриаг үргэлжлүүлэн сонсоно уу.
"Алж хядахаар зорилгоо болгосон нацистууд Бэркенауд хоёр дахь баазаа байгуулж, хорт хийн 4 том камер гаргажээ. Нэг өрөөнд нь нэг удаад 2000 хүнийг хордуулж алах хүчин чадалтай юм. Тэд Европын олон улс орноос авчирсан гэмгүй хүмүүс, ялангуяа еврейчүүдийг хорт хийн камерт оруулж хорлодог. Хядлага дууссаны дараа нацистууд нас барагсдын цогцосноос хэрэгтэй зүйлээ авдаг байсан юм. Алтан шүд, үс гэзэг, шивээстэй арьсыг ч хуулж аваад цогцсыг нь зууханд шиднэ. Хувцсыг нь хүмүүст түгээж, үс гэзгээр нь оймс, хивс нэхэж, өөхөөр нь саван хийдэг байжээ. ”
Аушвицын хөдөлмөрийн 3-р баазын хоригдогсдыг гурван сар ажиллуулж, хөдөлмөрийн чадвараа алдмагц нь Бэркенауд аваачиж, хамгийн сүүлийн удаа ашигладаг байжээ. Мөн бөөнөөр хорих лагерьт олон "эмчилгээний лаборатори” байна. Тэндхийн эмч сувилагчид эмчилгээ бус харин амьд хүнд олон төрлийн туршилт хийдэг байжээ. Аушвицын баазын хаалганд герман хэлээр "Хөдөлмөр танд эрх чөлөө өгдөг” гэж бичсэн боловч тэр нь Бэркенаугийн хорт камер, цогцос шатаах зуух руу хүргэдэг зам байлаа. Хүн төрөлхтний хар дарсан зүүд болсон энэ замыг мартахгүй бол гэрэл гэгээ тусдаг гэж Пиотр Сувински ярьж байлаа.
"Польшийн Аушвиц-Бэркенаугийн үндэсний музейг дайны дараа бөөнөөр хорих лагерийн суурин дээр байгуулсан бөгөөд одоо дэлхийн олон оронд нээлттэй болсон. Энэ хоёр жил музейтэй танилцсан хүний тоо 2 сая хүрэв. Дайны дараа НҮБ тогтоол баталж, аймаглан устгах гэмт хэрэг гэж үзсэн боловч өнөөдрийн бид түүний ач холбогдлыг жинхэнэ утгаар нь ойлгоход бэрх болжээ. Энэ музей түүний агуулга, утга санааг хүн төрөлхтөнд сайн ойлгуулж чадна гэж бодож байна. ”
Доктор Пиотр Сувински: Энх цагт, энх тайван улс оронд амьдардаг хүмүүс дайны хор хөнөөлийг бүрэн ойлгоход бэрх юм. Аушвицын хорих лагераас амьд үлдсэн хатагтай Елзбиета Собсзунска 10 настайдаа хорих лагерьт ирж хоригджээ. Одоо 80 гарсан тэрээр: Дайн хүнд олон талаар нөлөөлдөг. Биеийн зовлонгоос илүүтэй сэтгэлийн шархыг хэдэн үеэрээ хичээж байж эдгээх биз ээ. Дайн дажин миний бага насыг булааж авсан, амьдралыг минь бүхэлд нь өөрчилсөн. Би хувьдаа дайн дажингүй бол аз жаргалтай гэж боддог хэмээн ярьсан юм.
Сарантуяа
ХОУР