📅

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариуцлага тооцох дараагийн албан тушаалтан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үү?

🕔 2017/12/22 08:21
 
 
У.Хүрэлсүх 2017 оны 10 сарын 4-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдмогцоо л авилга хээл хахуультай тэмцэж, сахилга дэг журам тогтоож, шударга бус албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан билээ.

 Тодруулбал тэрээр Ерөнхий сайдаар томилогдмогцоо: "Би сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно...Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна... Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна...

...Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ..." хэмээсэн юм.

Мөн 2017 оны 11 сарын 2-нд  болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад хандан: "Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа." гэсэн билээ. Үнэхээр ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхлээд байна. Тодруулбал хариуцлаггүй, биеэ тоосон гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүдээс олонтаа хүртэж байсан Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга асан Б.Нямаа, Засгийн Газар огцорч, үүрэг гүйцэтгэж байх үедээ яаран томилсон, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын "хүн" гэгдэх  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормаа, мөн Ашигт Малтмал, мөн л элдэв хэл аманд нэр холбогдож байсан  Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Б.Баатарцогт нарыг одоогоор чөлөөлж, хариуцлага тооцоод буй.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариуцлага тооцох дараагийн албан тушаалтан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн байж мэдэх тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. АТГ-ын ажлын хэсгийн дүгнэснээр ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон, тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй гэх мэт үй олон зөрчил гардаг. Мөн 6 сарын 2-нд  ОХУ-ын "RA-2099G” бүртгэлийн дугаартай "TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэхээр 100 метрийн өндөрт хөөрсөнийхөө дараа нь унасан шившигтэй хэрэг гарсан билээ.

Эдгээр нь Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэн огцрох хангалттай үндэслэл мөн боловч тэрээр учир нь үл ойлгогдох шалтгаанаар өдийг хүртэл албан тушаалдаа байсаар байгаа юм. Гэвч шударга ёсыг эрхэмлэж, сахилга хариуцлагыг тогтоох зорилготой Ерөнхий Сайд У.Хүрэлсүх энэ замбараагүй байдлыг тогтоож, ИНЕГ-ын даргаар мэргэжлийн өндөр ур чадвартай, шилдэг залуу менежер тавих цаг нь болсон гэсэн дүгнэлтийг тус салбарын нэр бүхий мэргэжилтнүүд хийж буй аж. Л.Бямбасүрэнг нам дотроо хотын фракц буюу "60 тэрбумынхны нэг" гэсэн яриа МАН-ын зарим гишүүдийн дунд яригддаг юм.

Шинээр томилогдсон Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ч шударга, зарчимч нэгэн тул хариуцлаггүй албан тушаалтнуудыг өмгөөлөхгүй нь бололтой.
 
Ц.Цэрмаа
http://www.sonin.mn/news/politics-economy/85729

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?