📅

МАН-ын Их хурал дагасан улстөр буюу цаазын ялыг эргэн харсан долоо хоног

🕔 2017/11/25 13:33

МАН-ын Их хурал дагасан улстөр буюу цаазын ялыг эргэн харсан долоо хоног

 

Энэ 7 хоногт МАН-ын XXVIII Их хурал болж өнгөрлөө. Энэхүү хуралдааны гол утга учир нь намын даргаа сонгох байсан. Намын даргын сунгаанд У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар өрсөлдсөн юм.

Их хурлын гишүүдийн дийлэнх хувийн саналаар У.Хүрэлсүх намын дарга болж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн хариуцлагатай албан тушаалыг тэрээр хаших боллоо. Хос морьтой хүн хол явдаг гэсэн үг бий. Нэг ёсондоо бүх эрх мэдэл У.Хүрэлсүхэд шилжсэн. Одоо зорьсноо хийж, хэлсэндээ хүрэх эсэхийг харах л үлдлээ. 2020 онд Монголын ард түмэн У.Хүрэлсүх ба түүний нөхдөд дүн тавина.

МАН-ын  XXVIII Их хурлын үеэр намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн М.Энхболд 2021 онд тохиох МАН-ын 100 жилийн түүхт ойн баяр дээр данагар сайхан зогсож байгаарай хэмээн У.Хүрэлсүхэд тамгаа хүлээлгэж өгсөн юм. Ер нь Ардын Намын Их хурлыг Монголын төртэй холбож харахаас өөр аргагүй. Учир нь тэд 2020 оны сонгууль хүртэл төрийн жолоог атгана. Түүнээс цааш төр улсдаа нөлөөтэй байх эсэх нь тэдний үйл хэргээс 100% хамааралтай. 

Харин МАН-ын Их хурлын үеэр эв нэгдэл гэдэг үгс ой тоонд ортол урссан. Үүнээс цааш 32, 33 гэсэн бүлэг байхгүй. 65 гэсэн ганцхан бүлэг байна. Миний бие эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно гэж У.Хүрэлсүх хэллээ. Одоо МАН-ын цаашдын үйл ажиллагаа болоод Монгол төрөө мандуулах явц цааш яаж өрнөхийг цаг хугацаа харуулна биз ээ.

МАН-ын дүрэм шинэчлэгдэж Бага хурлын гишүүдийн тоо 369 болгож, УЗ-д 29 хүний нэрийг тодрууллаа

Дөрвөн өдөр хуралдсан МАН-ын XXYIII Их хурал Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгосноор өндөрлөсөн. Мөн шинэчлэн баталсан дүрмийн дагуу МАН-ын Бага хурлын гишүүдийн тоо 369 болж нэмэгдсэн юм. Үүнээс гадна МАН-ын Удирдах зөвлөл нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож, удирдах зөвлөлийн гишүүдийг дотоод санал хураалтаар тодруулсан. МАН-ын УЗ-ийн 29 гишүүний нэрийг танилцуулж байна.

  1. Д.Амарбаясгалан
  2. Ц.Бат-Энх
  3. М.Энхболд
  4. Д.Хаянхярваа
  5. Я.Собаатар
  6. Л.Энх-Амгалан
  7. Б.Саранчимэг
  8. Ө.Энхтүвшин
  9. Г.Занданшатар
  10. Ц.Нямдорж
  11. Ц.Цогзолмаа
  12. Ж.Эрдэнэбат
  13. Сү.Батболд
  14. Т.Аюурсайхан
  15. Г.Солтан
  16. С.Бямбацогт
  17. Л.Оюун-Эрдэнэ
  18. Ж.Энхбаяр
  19. Д.Тогтохсүрэн
  20. Ж.Мөнхбат
  21. Ц.Гарамжав
  22. Д.Оюунхорол
  23. М.Оюунчимэг
  24. Г.Мөнхцэцэг
  25. Су.Батболд
  26. Д.Сарангэрэл
  27. О.Содбилэг
  28. Ж.Ганбаатар
  29. Ч.Улаан нар МАН-ын УЗ-ийн гишүүнээр томилогдсон байна.

Хүүхэд хүчирхийлсэн, амь насын хороосон хэрэгт цаазын ял оноодог болгох санал гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Энэ 7 хоногт болсон. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байна хэмээн мэдэгдсэн юм. Хэрвээ энэ санал дэмжигдвэл манай улс цаазын ялыг эргүүлэн сэргээсэн орон болох юм. 

Улсын хэмжээнд зуд болж болзошгүй 11 аймгийн гуравт өвсний түр цэг байгуулахаар боллоо

Өнгөрсөн зун манай орны 80 орчим хувь нь гантай буюу гандуу байсан бол намар цас, бороо холилдон орж, өдөртөө хайлмагтан шөнөдөө хөлдсөнөөс нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт зуд болох нөхцөл хэдийн бүрджээ. 

Иймээс Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулахаар боллоо.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?