📅

“Худлаа ярихаа л байчих л даа, Ч.Сайханбилэг ээ...”

🕔 2016/01/28 10:17


Энэ долоон хоногийн улс төрийн "онцлох” хүнээр "Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг тодорч байна. Энэ нь түүний огцрох эс огцрохтой огт холбоогүй. Өнөөдөр тэрбээр Монгол Улсын "хамгийн худалч хүн”-ээр тодорч байх шиг. Сошиал орчин тэр чигээрээ түүний худалчийг гайхаж байна. "Цалин нэмнэ”, "Татвар нэмэхгүй”, "Ам.долларын ханшийг бууруулж, төгрөгийн ханшийг чангаруулна” гэж ярьсан яриандаа ороогдоод "боож үхдэг” дээрээ явж байгаа сурагтай. Энэ шархан дээр нь Г.Уянга гишүүн ахиухан давс асгаж байгаад үрж орхисон нь Ерөнхий сайдыг маань бүр ч нурмайлгаад авлаа. Бүр сүүлдээ цэцэрлэгийн хүүхэд ааваасаа "Ааваа, Ерөнхий сайд гэдэг чинь худалч хүнийг хэлдэг юм уу” гэж асуусан тухай дам яриа явж байх юм. Хэзээний ч билээ, юуны ч билээ байнгын хорооны хурал дээр С.Ганбаатар гишүүн "Ерөнхий сайд гэдэг мөн ч том албан тушаалыг Ч.Сайханбилэг даан ч жижигрүүлж байна даа” гэдэг үг л үнэн болж таарлаа. Гэхдээ С.Ганбаатар гишүүн бас өөрөө ч тийм "ариухан” хүн биш бололтой.

"Ийгл” телевизийн "Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгт орохдоо сандарч байгаагүйгээрээ сандарч байгаа харагдсан. Анх Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход С.Ганбаатар тун ч ширүүхэн шүүмжилж байсан. Улмаар С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоход ч мөн адил ширүүлж л байлаа. Үүнээс үүдэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Ганбаатар гэсэн гурвалжин хэрүүл болж байсан бол Г.Уянга гишүүн нэмэгдсэнээр дөрвөлжин хэрүүл болсон. Дээрээс нь МАН, АН нэмэгдээд дөрвөлжин байтугай хэрүүл болох шинжтэй байна. Үнэн хэрэгтээ өдрийн хоолоо яая гэж байгаа ард түмэнд улстөрчдийн гурвалжин, дөрвөлжин хэрүүл огт хамаагүй. Өндөр хөгжилтэй улс оронд бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө нэрийг мэдэхгүй байх жишээтэй. Гэтэл манайх эсрэгээрээ... Ерөнхий сайд, Ерөнхийлөгч л болбол жинхэнэ утгаараа од болдог гэж байгаа. Өнөөдрийн хувьд Ч.Сайханбилэг Монгол Улсад жинхэнэ утгаараа од болж байна. Ам.долларын ханшийг сулруулж, төгрөгийн ханшийг чангаруулна гэсэн түүний амлалтад ард түмэн итгэсэн. Одоо итгэл алдарч байна. Түүнийг Ерөнхий сайд байх хугацаанд ам.долларын ханш нэг төгрөг байтугай нэг мөнгөөр ч буурсангүй. Улам л өссөөр, одоо бүр 2003 төгрөгтэй тэнцэж буй. Үүнийгээ дагаад эзэн хааны хөрөгтэй төгрөгийн ханш суларсаар...

Ард түмэн одоо Ч.Сайханбилэгээс ам асуух цаг болсон. Эс бөгөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Ийгл” телевизийн "Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгт оролцож С.Ганбаатар гишүүн шиг хамаг үнэнээ тоочих хэрэгтэй. Үнэхээр л Ерөнхий сайдын алба хашихад мэдлэг чадвар нь дутаад байгаа юм бол сайн дураараа огцорчихож бас болно. Гэхдээ л амь нэгтэй хоёр анд /Ч.Сайханбилэг, С.Баярцогт/ эх орон, ард түмэн хамаагүй. Өөрсдөө л хөлжиж байвал бусад нь хамаагүй гэсэн ахархан бодолтой явдаг нь харамсалтай. Дээрх хоёр андын туйлын хүсэл нь Тавантолгой төслийг хөдөлгөж тэндээсээ хэдэн төгрөг хусчих санаатай явдаг хэмээн шаргал ордныхон сэм ярилцах юм билээ. Үнэн худлыг нь мань мэт нь яаж мэдэх вэ, ямар толгой дотор нь ороод үзчихсэн биш. "Гэхдээ л хүний эрээн дотроо, могойн эрээ гаднаа” гэдэг үг бий дээ. Цаашилбал С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюутолгойг хөдөлгөж дөнгөсөн нөхөр. Одоо бол хамгийн ойрын "анд” нь Ерөнхий сайд байхад Тавантолгойг тавьж туучихад нэг их гайхаад байх зүйлгүй. Хамгийн гол нь Ч.Сайханбилэг огцорчихгүй л бол шүү дээ. Эцэст нь Ерөнхий сайдад өгөх нэг зөвлөгөө байна аа. "Худлаа ярихаа л байчих л даа, Ч.Сайханбилэг ээ...”

С.БУЯН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?