📅

Ц.Нямдорж ба Н.Лүндэндорж

🕔 2017/11/09 11:18

Ц.Нямдорж таван жилийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар эргэж ирлээ. Тэр ажлаа авснаас хойш цагдаа, прокурорын байгууллагад бүтэц, боловсон хүчин, чиг үүргийн зарим өөрчлөлтийг хийв. Бас Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг "явуулсан” гэгдэж байгаа. Гэхдээ Ц.Нямдорж сайдын хийж буй өөрчлөлт нь хуулийн салбарыг хуучин хэвэнд нь оруулж байна гэдгийг салбарынхан нь ярьж байгаа юм.

 

Ц.Нямдоржийн дараагийн бай нь Шүүхийн ерөнхий зөвлөл болоод байгаа ажээ. Шүүхийн ерөнхий зөвлөл бол Дээд шүүхээс бусад шүүхийн төсөв хөрөнгийг шийддэг, шүүхийн боловсон хүчний асуудал буюу шүүгчдийн томилгоог хариуцдаг байгууллага юм.

 

Одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгах, эрх үүргийг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчид шилжүүлэхээр ярьж байгаа гэнэ. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг "явуулах” зорилготой. Эцсийн дүнд Н.Лүндэндорж гэдэг хүн ажлаасаа гарч байж л асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

 

Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хоёр маш тааруухан харилцаатай. Хувийн ч юм шиг, хувьсгалын ч юм шиг шалтгаантай харагддаг тэдний харилцаа Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайд байсан цагт төрийн ажилд гай болж мэдэхээр хэмжээнийх гээд хэлчихэд буруутахгүй л болов уу.

 

Энэ хоёр өмнө нь Төрийн ордонд, чуулганы танхимд нэг бус удаа муудалцаж байлаа. Хамгийн дуулиантай нь 2014 оны дөрөвдүгээр сард болж байв. Тэр үед чуулганаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байсан юм. Энэ үеэр шүүгчдийн цалингийн асуудал хөндөгдөж, Н.Лүндэндорж түүнийг хамгаалахаар орж ирсэн нь Ц.Нямдоржийн унтууг хүргэж орхисон байх. Тэрээр "….Лүндэндорж оо, чи 2.7 хувийн согтолттой байх үедээ хүн дайрч, чирч алсан хүн шүү, чи. 2.7 гэдэг бол 2-3 шил архийг ганцаараа уусан гэсэн үг. Гэтэл хэргийг шүүх будилуулсан. Ц.Элбэгдорж шударга байцгаая гэсэн шүү. Шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг дан ганц би яриад байгаа юм биш. Монголд дархлагдсан нэг хүн бий болчихоод зэвүү хүргээд байна. Үндсэн хуулийн дээр сандайлаад гараад суучихсан нэг ийм этгээдтэй боллоо. Хэн юм, юу юм чи. Тэгж ярих юм бол чи хуульч биш. Чи философийн багш төдий. Чамайг хуульч гэдэггүй юм. Тиймээс шүүгчийн цалингийн асуудлыг шийдэх ёстой. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй.  Арай дэндэж байна. Ядаж хүн дайрч алаагүй хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдуулаач ээ. Лүндэндорж оо, чи өргөдлөө өгөөд зайл. Чи яасан их сандал ширээтэй зууралддаг юм. Энэ ариун явдал уу” гэсэн юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хоёр маш тааруухан харилцаатай. Хувийн ч юм шиг, хувьсгалын ч юм шиг шалтгаантай харагддаг. Энэ хоёрын харилцааны дүнд Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх данхар, тансаг байгууллагын асуудал нэг тийш болж магадгүй нээ.


 

Энэ талаар Н.Лүндэн­дорж сүүлд хэвлэлд "…Уул нь уг асуудлыг мэдэх л хэмжээний хүн л дээ. Мэдээлэл нь буруу байж магадгүй. Бас улс төр байж болзошгүй” гэсэн богинохон тайлбар хийж байв.

 

Гэхдээ Н.Лүндэндорж үүнээс нэг жилийн өмнө 2013 онд Ц.Нямдорж сайдын яриад байдаг хүн дайрч алсан тухайгаа, Ц.Нямдорж сайдтай ямар харилцаатай талаараа нэгэн сонинд ярьсан байдаг. Тэрээр "…Осол гарахаас хоёр гуравхан хоногийн өмнө нэг танил эмчтэй уулзсан. Миний пульсны тоо олширч, түүний улмаас даралт ихсдэг, аттенол гэдэг эм ууж байна гэхэд нөгөө эмч маань "Та энэ химийн гаралтай шохойн эм ууж байхаар ургамлын гаралтай уламжлалт эм болох долоогонын ханд ууж бай” гэж зөвлөсөн. Тэгэхээр нь "Тавин ус” эмийн сангаас эхнэр бид хоёр тус бүр хоёрыг аваад цүнхэндээ хийчихсэн байлаа. уух санаатай. Үүний дараа өнөөх аймшигт осол гарсан даруйд миний зүрх салгалж, шоконд ороод хамаг бие минь хийлчихсэн юм шиг болчихсон байсан. Ямар ч байсан газар дээрээ үхэхгүйн тулд долоогонын хандаасаа уусан. Ам руугаа дусаах гэтэл гарч өгөхгүй болохоор нь шүдээрээ тагийг нь авч байгаад уучихсан” гэсэн нь бий.

 

Мөн "…Ц.Нямдорж бид хоёр нэг ч уулзаж байгаагүй. Нараа багштай харилцаа муу байсан болохоор нь би ч хол байсан. Нэг ч удаа ам мурийж байсангүй. Харин МУИС-д хамт ажиллаж байсан хүмүүсээс түүний тухай элдэв юм сонсдог байсан. Хүмүүс түүний нөлөө байсан, "Хэрэгтэй танилцсан, зүгээр өнгөрүүлж болохгүй” гэж үүрэгддэг байсан гэж хэлдэг. Олон жил энэ салбарт байсных миний чих бас "урт” болсон байна. Гэвч би үүнд ач холбогдол өгч байгаагүй. Хуульч хүний хувьд, хувь хүн талаасаа ч арай тэгээгүй болов уу гэж итгэж явдаг. Гэхдээ намын нөлөө, даалгавраар тэгсэн байхыг бас үгүйсгэхгүй. Тэр хүнийг ажаад байхад намдаа дэндүү хайртай нь харагддаг. Гэтэл намыг гишүүн нь тэгж их хайрлах бус, нам нь гишүүнээ тэгж хайрладаг байвал  зөв юм шиг байгаа юм” гэж байсан юм.

 

Түүнээс гадна Ц.Нямдорж 2017 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын нэр дээр нээлттэй захидал илгээж байсан. Утга нь С.Зоригийн хэрэг бол хэлмэгдүүлэлт боллоо, захиалагчийг нь илрүүл гэсэн байсан юм. Түүний захидалд "…Та бүхний удирддаг байгууллагууд гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэн С.Зоригийн амь нас хохироосон хэргийг "эзэнжүүлж” хэрэг дээрээ жинхэнэ захиалагч, жинхэнэ гүйцэтгэгчийг 25 жилийн хугацаагаар нуух ажиллагааг зохион байгууллаа гэж хардах хүн газар сайгүй байна. Хуулийнхан жирийн иргэдийг хэтэрхий дээрэлхэж өмгөөлөгч нарт нь "нууц”-ын скоч нааж төр, ард түмнийг хэтэрхий басамжлаад байгаа учраас би та нарын өөдөөс ийнхүү өрвөлзөөд байгаа юм. Хуульчдын энэ захиалгат шийдвэрээс шалтгаалж мөрөөрөө амьдарч байсан жирийн монгол эхчүүд насны эцэст дээлтэйгээ хатаж, төрүүлсэн хүүхдүүд нь шоронд биеэрээ хатаж, ард нь үлдсэн үр хүүхдүүд нь хагас өнчирсөн зүрхээ тэврэн нулимсандаа дэвтэж явааг, зарим нь харамсалтайгаар амь үрэгдсэнийг та нар хүнийхээ хувьд харахгүй, мэдрэхгүй байна уу? Миний та нараас асуух гээд байгаа гол юм энэ. Захиалагчийг олоогүй, шүүх хурлыг нээлттэй хийгээгүй, Б.Булганы үгийг сонсоогүй цагт хуульчдын энэ шийдвэрт хэн ч итгэхгүй дээ. Энэ бүхнийг зохион байгуулсан хүн тун удахгүй "энэ бүхэн надад хамаагүй хуулийнхны хийсэн ажил” гэж хэлчихээд явна. Ард нь үлдэх та нар яаж хүний нүүр харж амьдрах юм бол. Энэ хэргийн талаарх миний байр суурь, хэлсэн зүйлс та нарын дургүйг дээд зэргээр хүргэж араа шүд чинь хавирч, болж өгвөл "Ц.Нямдорж Хятадын тагнуулч” гэх зохиомол хэргээ сэдрээж, шүүхийн ажилд хөндлөнгөөс оролцлоо гэж ял асуухыг чинь ч мэдэж л байна. Буянаараа л болцгоо. Хуульчдын "нөр их хөдөлмөр”-ийн үр дүнд зовлондоо хэтэрхий цадсан жирийн хүмүүсийн өдрөөс өдөрт сүйрч буй гунигт амьдрал, Үндсэн хуулийн суурь зарчим нуран унаж нэг хүний дур зоргын засаглал тогтож та бүхэн үүний гар хөл, эрэг шураг, залхаан цээрлүүлэгч нь болж байгааг харсаар үзсээр байгаад би дуугүй сууж чадахгүй нь. Бүх юм цаг хугацааны болон үнэний шалгууртай байдаг. Хариуцлага нэхэх өдөр тун удахгүй ирнэ гэдгийг битгий мартаарай” гэсэн байв.

 

Харин энэ захидлын хариуг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсоор өгсөн байдаг. Ц.Нямдоржийн захидал хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнд тавигдсаны дараахан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "…Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой. Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна” гэж албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Түүнээс хойшх хэдэн сарын хугацаанд бие биеэ хэвлэлээр дайраагүй ч Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Ц.Нямдоржийн бодон бодон хийх хэдэн өөрчлөлтийн нэг нь Н.Лүндэндоржийг "зайлуулах” ажил мөнөөс мөн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ийм ажлын сураг нь ч дуулдаад эхэллээ. Ц.Нямдоржтой муудаж, түүний зуултад орвол хэцүү гэж ярьдаг хүн олон. Тэгэхээр тун ойрын үед Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний дарга Н.Лүндэндоржтой холбоотой өөрчлөлт хийгдэнэ гэсэн үг.

 

Н.Лүндэндоржийг явуулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хариуцуулахаар өөрчлөх магадлал өндөр. Учир нь түүнийг солихыг Ерөнхийлөгч Х.Баттулга үг дуугүй дэмжинэ. Бас Ц.Нямдорж сайдын хийж буй өөрчлөлт нь хуулийн байгууллагыг хуучин хэвд нь оруулж харагдаад байгаа юм.

 

Ер нь ч тэгээд Шүүхийн ерөнхий зөвлөл гэж овойж оцойсон их төсөв хөрөнгө зарцуулаад сууж байдаг, шүүгчдийн сонгон шалгаруулалт хариуцсан, бас шүүхүүдийн "хадны мангаа” болсон хэдэн хүний ажлын байр болоод байгаа гэх шүүмжлэл байдаг. Төсөв ярихаар дарга нь гарч ирээд "…Шүүгч нарт өндөр цалин өгөхгүй бол шударга ажиллахгүй” гээд байлгаад суучихдаг. Тиймээс Ц.Нямдорж, Н.Лүндэндорж хоёрын харилцааны дүнд Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх данхар, тансаг байгууллагын асуудал нэг тийш болж магадгүй нээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?