📅

ХОРИГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИД, ХҮРЭЛБААТАР НЬ 300-Д ХАМААГҮЙ

🕔 2017/11/01 11:57

ХОРИГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИД, ХҮРЭЛБААТАР НЬ 300-Д ХАМААГҮЙ

 

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуулиараа тунхагласан Монгол Улсыг гадаад, дотоодын Үндсэн хууль судлаачид парламентын засаглалтай улс орнуудын нэгээр нэрлэдэг. Бид нь тэгж итгэдэг.

 

Харин сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа үйл явдлуудаас харахад ардчилсан Монгол Улс автономит дэглэм рүү дөхсөн мэт санагдана. Парламентын Бүгд найрамдах улсын үндсэн зарчим болох Ерөнхий сайд хийгээд сайд нарын томилгоог төрийн эрх барих дээд байгууллага нь хийхэд хэн ч гар дүрдэггүй урьдын сайн цаг эдгээр өдрүүдэд ул боллоо. Сайд нарыг томилсон УИХ-ын шийдвэрт улсын Ерөнхийлөгч хориг тавьснаас харвал шүү дээ. Сайд нарыг томилсон шийдвэрт хориг тавьснаараа Ерөнхийлөгч магадгүй өөрт байхгүй эрхийг эдэлчихээд байгаа энэ үед уг хоригийг хэлэлцэж байгаагаараа парламент ч, спикер ч Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах болзлоо хангалаа гэхэд нэг их хэтийдсэн болохгүй байх. Уг нь Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр Засгийн газрыг бүрдүүлэх асуудал Ерөнхийлөгчтэй хамаагүй болсон билээ. Тэр өөрчлөлтийг батлалцсан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Л.Болд зэргийн гишүүд одоогийн УИХ-д сууж л байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан асууж тодруулбал, яагаад ийм өөрчлөлт оруулсан юм, яаж засаглалын хямралаас сэргийлсэн юм гээд яриад өгчих л мэдлэгтэй хүмүүс.

 

Тэгэхдээ сонины хуудсаар дамжуулан сануулахад 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл түүхэндээ анх удаа засгийн эрх барьж байсан үе. Харин сөрөг хүчнээс нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди Засгийн газрыг бүрдүүлэхэд тээг, чагт тавьж засаглалын хямралыг өдөөж, "Зэлтэрийн гацаа”-г жинхэнэ утгаар нь улс төр рүү авчирч байлаа. Учир нь Ерөнхийлөгчийн зөвшөөрлийн дагуу л Ерөнхий сайдын нэрийг УИХ руу оруулахаар Үндсэн хуульдаа заасан байсан юм. 50 суудалтай Ардчилсан холбоо эвслийнхэн тэр үед Да.Ганболдыг долоон удаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, буцаалгаж, нөгөө нэгийгээ үүрд алдаж байсан юм.

 

Ийм л гашуун түүхийн улбаанд Үндсэн хуулийг өөрчилж Ерөнхийлөгчийг Засгийн газрын томилгооны гадна үлдээж байсан билээ. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхтэй бүх субъектэд энэ асуудлыг нээлттэй орхиод Ерөнхийлөгчийн хоригоос нэг заалтыг нь сугалж үзье.

 

Ерөнхийлөгчийн хоригийг харахаар ерөнхийдөө гурван "үндэслэл" тодорч байгаа юм. Товчхондоо, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг шийдэх, уул уурхайн салбарыг 30 гэр бүл хянадаг, 300 мянган төгрөгийг төрийн албан хаагчдад тараах гэж байна гэх зүйлсийг дурдсан байдаг. Эхний үндэслэл үзүүргүй бүдэг бол хоёрдахь нь зүгээр л хардалт гэж ойлгогдоод байгаа. Харин 300 мянган төгрөгийг төрийн албан хаагчдад Сангийн сайд л "май” гээд өгөх гээд байгаа мэт ойлголт төрүүлэх нь ямар хэрэгтэй байсан хэрэг вэ. Түмний төлөөлөл, төрийн сайдыг нь хийж явсан Ерөнхийлөгч маань Сангийн сайд улсын мөнгийг дангаараа дур мэдэж зарцуулдаггүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Дээр дурдсан үндэслэлүүдээс сүүлийн хэдэн өдөр 300 мянган төгрөгийг нь зохион байгуулалттай ч гэмээр мушгин ойлгуулж байгаа нь зохисгүй байна аа. Энэ намаржин үргэлжилсэн багш нарын цалин нэмэгдүүлэх хөдөлгөөн улмаар эрүүл мэндийн салбарыг хамарсан. Үүнээс үүдэн Засгийн газраас Монголын үйлдвэрчний нэгдсэн эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээний ширээнд суухад хүрсэн юм. Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр төв талбайд жагсч байсан яг тэр мөчид Төрийн ордонд шинэ Засгийн газраа өлгийдөн авч байлаа. Тиймээс ч шинээр томилогдсон гүйцэтгэх засаглалын салбарын сайд нарын эхний ажил гурван талт хэлэлцээ байсан. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой хийсэн хэлэлцээ төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламж болгож өгөх дээр тохиролцоод дууссан. Төсвийн тодотголд суулгуулж төрийн албан хаагчдад өгөх мөнгийг нь гаргах үүрэг Сангийн яаманд оногдож таарна.

 

Гурван талт хэлэлцээрээр хүрсэн шийдвэрийг биөлүүлэх хүрээнд төрийн албан хаагчдад тусламж болгож өгөх 300 мянган төгрөгийн асуудлыг Байнгын хороонд барьж орсон Ч.Хүрэлбаатар сайдыг онилох нь улс төрийн өрөг дээр хэнд ашигтайг харин бодох хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдад олгох гээд байгаа тусламжийг ч зөвтгөж харах хэрэгтэй. Учир нь, 2014 оноос хойш цалин нэмээгүй нь үнэн. Нөгөө талаас долларын ханш энэ хооронд бараг мянган төгрөгөөр нэмэгдчихээд байгаа нь нэгийг хэлнэ. Ийм үед ОУВС-тай 2019 он хүртал цалин нэмэхгүй гэдэг гэрээ хийж хөтөлбөрт хамрагдсан орны Засгийн газар тохиролцсоноо тойрох арга нь 2017, 2018 оны цалингийн нэмэгдлийг жилдээ нэг удаа нэгмөсөн өгөх л юм билээ.


Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?