📅

362 ЧЕЧЕНИЙГ ЦААШ ХАРУУЛСАН БӨГЛҮҮ ТАЙГЫН АНЧНЫ ТҮҮХ

🕔 2017/10/30 10:58

Володя Якут – Чечений нэгдүгээр дайны домогт мэргэн бууч.

18 настай якут хүү Володя бол алс холын бугын суурингийн анчин- булганы ангууч билээ. Якутск хот руу давс, сумны нөөцөө авахаар ирээд санамсаргүй цайны газрын зурагтаар Грозный хотын гудамжинд хэвтэх Орос цэргүүдийн цогцос, шатаж байгаа танкнуудын тухай харж, "Дудаевын мэргэн буучид” гэх мэт үгсийг олж сонсжээ. Энэ бүхэн түүний тархинд гүн үлдэж, сууриндаа эргэж ирэнгүүт цалингаа бодуулж аваад, өөрт байсан зарим нэг зүйлсээ заржээ. Өвөөгийнхөө хуучин винтов бууг бүх сумтай нь аваад, энгэртээ гэгээн Николайн дүрстэй бяцхан зураг өвөртлөөд тулалдахаар явжээ.

Хэрхэн явж хүрснийг нь дурсах ч хэрэггүй биз ээ. Замдаа баригдаж, хоригдож, олон удаа буугаа хураалгаж явжээ. Тэгсэн хэдий ч сарын дараа якут Володя Грозный хотод иржээ. Чеченьд хамгийн шударга тулалддаг нэг л генерал байдаг тухай сонссон бөгөөд хоёрдугаар сарын бэрх шавартай замаар түүнийг хайж эхэлсэн байна. Эцэст нь якут залууд аз дайрч генерал Рохлины штабыг олж очиж чаджээ.

Түүнд паспортнаас гадна цорын ганц бичиг баримт байсан нь орон нутгийн цэргийн зөвлөлөөс өгсөн гараар бичсэн тодорхойлолт байлаа. Владимир Колотов, анчин мэргэжилтэй, дайнд тулалдахаар явж байгааг тодорхойлоод гарын үсэг зуржээ. Замдаа элэгдсэн тэр цаас нэг биш удаа түүний амийг аварч байжээ. Хэн нэгэн сайн дураар тулалдахаар ирсэнд гайхсан Рохлин генерал якутыг оруулахыг тушаажээ.

– Уучлаарай, та генерал Рохля мөн үү? хэмээн Володя хүндэтгэлтэйгээр асуув.
– Тийм ээ, би Рохлин – гэж нэлээд ядарсан генерал элэгдсэн хөвөнтэй хүрэм өмсч, нуруундаа үүргэвч, винтов буу үүрсэн намхан нуруутай хүнд хариулжээ.

– Таныг дайнд сайн дураар ирсэн гэж надад мэдэгдсэн. Ямар зорилготой вэ, Колотов?

– Би зурагтаар чечень мэргэн буучид манайхныг хэрхэн дуусгаж байгааг харсан юм. Би үүнийг тэсч чадаагүй юм, нөхөр генерал. Ичиж байна. Тэгээд л тэдэнд үзүүлээд өгөхөөр ирлээ. Надад мөнгө хэрэггүй, юу ч хэрэггүй. Би, нөхөр генерал, шөнө анд гарна. Надад хаана сум, хоол хүнс ойртуулж өгч байх газрыг л заагаад өгчих, бусдыг нь би өөрөө хийнэ. Ядарвал долоо хоногийн дараа ирээд дулаан газар нэг өдөр болоод дахиад явна. Богино долгионы станц гэх мэт юм надад хэрэггүй. Хүнд байдаг юм.

Гайхсан Рохлин толгой дохиж байлаа.
– Володя, чи ядаж шинэ СВД буу ав. Энэ залууд винтов аваад ир!
– Хэрэггүй, нөхөр генерал, би өөрийнхөө хадууртай талбайд гарна. Харин та сум өгөхгүй бол надад 30 ширхэг л үлдсэн байгаа.

Ийнхүү Володя өөрийн мэргэн буучийн дайныг эхэлсэн юм. Тэр штабын байранд мин дэлбэрэх, шүршин буудахыг эс тоон амарч хонов. Сум, хүнс, ус аваад эхний "ангаа” хийхээр гарчээ. Штаб ч түүний тухай тэгсгээд мартжээ. Харин туршуулууд гурав хоног тутам тогтмол сум, хүнс, хамгийн чухал зүйл болох усыг тогтсон газарт аваачиж тавьдаг байлаа. Тухай бүрт илгээмж алга болсон байдаг байв. Володягийн тухай анхны мэдээг штабын холбоочин дуулгажээ.
– Лев Николаевич, "чехүүд” холбоогоороо сандарцгааж байна. Оросуудад, өөрөөр хэлбэл бидэнд хэн нэгэн хар мэргэн бууч байдаг болсон бөгөөд шөнө ажиллаж, тэдний орон зайд чөлөөтэй холхиж, тэднийхнийг хайр найргүй устгаж байна гэнэ. Тэр ч байтугай Масхадов түүний толгойг 30 мянган доллараар үнэлсэн байна. Түүний гарын үсэг нь чеченүүдийн яг нүдийг нь онодог гэнэ. Яагаад заавал нүд рүү нь гэдгийг ёстой өөрийнх нь нохой л мэдэх байх.
Энэ мэдээг сонсоод штабынхан Володяг санажээ.

– Хоол хүнс, сумаа нуувчнаас тогтмол авч байгаа гэж туршуулын ахлагч мэдээлсэн байна.
– Гэхдээ бид түүнтэй огт тааралддаггүй. Эндээс явсан цагаас хойш. Манай мэргэн бууч тэдний мэргэн буучид тамхилах боломж өгдөг гэсэн. Учир нь Володягийн ажлын үр дүн – 16-30 хүнийг нүдэнд нь оносон байна.
Чеченүүд холбооныхны анчин Минутка талбайд ирснийг гадарлажээ. Тэдгээр аймшигт өдрүүдийн гол үйл явдал яг энэ талбайд болж өнгөрсөн тул мэргэн буучийг барихын тулд чечений сайн дурын бүтэн анги гарчээ. 1995 оны 2-р сард Минутка талбайд Рохлин генералын ухаалаг бодлогын ачаар оросууд Шамиль Басаевын "абхаз” хэмээх батальоны дөрөвний гурвыг буулгаж авсан билээ.

Якут залуу Володягийн винтов буу энд багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Оросын мэргэн буучийн цогцсыг авчирсан хүнийг чечений алтан одоор шагнана гэж Басаев амлаж байлаа. Гэвч шөнө бүхэн үр дүнгүй эрлээр төгсдөг байсан юм. Сайн дурын таван гишүүн Володягийн хэвтрийг хайж, түүний байж болох бүх газарт хаа сайгүй занга тавьсан байна. Энэ үед хоёр тал бие биенийхээ хамгаалалтыг гүнзгий нэвтрэн ордог үе байсан билээ. Зарим үед хэт гүн орсноос буцаж өөрийнхөө нутаг дэвсгэр лүү гарч чадахгүй болдог байжээ. Гэвч Володя өдрийн цагаар байшингийн дээвэр, зоорийн давхруудаар хонодог байв.

Мэргэн буучийн шөнийн ажлын үр дүнг маргааш нь оршуулдаг байжээ.
Шөнө болгон 20 хүнээ алдсаар залхсан Басаев залуу мэргэн буучдын зуслангийн багш, мэргэн бууч араб Абубакарыг дуудаж авчирчээ. Володя Абубакар хоёр шөнийн тулаанд тааралдахгүй байна гэж үгүй бөгөөд энэ нь мэргэн буучдын тулааны хууль билээ. Тэд хоёр долоо хоногийн дараа тааралдсан байна. Тодруулбал Абубакар Володяг овоо хараандаа онилжээ. Афганистанд зөвлөлтийн шүхэрчдийг 1,5 км зайд онож байсан хүчирхэг сум хөвөнтэй хүрмийг нэвтлэн мөрнөөс доогуур гарыг нь шархдуулжээ.

Урсах цусны халуун урсгалыг мэдэрсэн Володя түүний хойноос ан хийж эхэлснийг ойлгосон байна.
Талбайн эсрэг талын байшин, тодорхой хэлбэл нурсан балгас Володягийн овоо хараанд нэг шугамд байлаа. "Юу гялалзав, овоо хараа юу?” гэж анчин бодоод булга наранд гялалзах овоо харааг олж хараад явчихдаг тохиолдлыг санажээ. Түүний сонгосон байрлал таван давхар орон сууцны байшингийн дээвэр дор байлаа. Мэргэн буучид бүхнийг харахын тулд хамгийн дээр байх дуртай билээ. Тэр дээвэр дор цасны ус норгоогүй газарт хэвтэж байлаа.
Абубакар Володяг тав дахь шөнөө л мөрдөж олсон бөгөөд өмдөөр нь олжээ. Учир нь Володягийн өмд энгийн хөвөнтэй өмд байсан юм. Чеченүүдийн ихэнх нь өмсдөг америк цэргийн эрээн хувцас тусгай нийлэг эдийн хольцтой тул шөнийн дуранд ялгарч харагддаггүй бөгөөд орос хувцас тод ногоон өнгөөр харагдаж байжээ.

Тиймээс Абубакар якут залууг далаад оны үед Английн зэвсгийн үйлдвэрт захиалж хийлгэсэн "Бур” бууныхаа шөнийн дурангаар ялган харж чаджээ. Нэг л сум хангалттай байсан бөгөөд Володя дээврээс нуруугаараа шатан дээр хүчтэй унажээ. "Гол нь буугаа эвдчихсэнгүй” гэж мэргэн бууч тэр үед бодов.

– За ноён чечений мэргэн бууч минь, халз тулаан юм биз дээ! хэмээн ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр якут өөртөө хэлжээ.
Володя хэргээр "Чечений эгнээг” тамгалахаа болив. 200 гаруй хүнийг мэргэн буучийн "гарын үсэг”-ээр тамгалсны дараа нүд рүү буудахаа больжээ. "Намайг алуулсан гэж итгэг” хэмээн Володя шийдсэн байна. Өөрөө ч дайсны мэргэн бууч түүнд хэрхэн хүрснийг шинжиж байв. Хоёр хоногийн дараа Абубакарын хэвтрийг олжээ. Тэр ч гэсэн талбайн нөгөө талд дээвэр дор хэвтэж байжээ.

Арабын мэргэн бууч нэг муу зуршилтай байгаагүй бол Володя түүнийг анзаарахгүй байх байлаа. Хоёр цаг тутамд Володя дурангаараа хөх сүүмэлзсэн утаа дэгдээд салхинд сарнихыг анзаарчээ. "Ингээд би чамайг олчихлоо, абрек минь. Чи хар тамхигүй байж чадахгүй байгаа биз дээ. Сайн байна” хэмээн баяртайгаар бодож байхдаа тэр Абхаз, Карабахын дайныг туулсан арабын мэргэн буучтай халз тулж байгаагаа мэдээгүй юм. Гэвч түүнийг зүгээр л хэвтэрт нь нэвт буудахыг Володя хүссэнгүй.
– За яах вэ, хэвтээд тамхиа татаж л бай. Гэхдээ жорлон орохын тулд босох хэрэг гарч таарна гэж Володя хэлээд хүлээхээр шийджээ.

Зөвхөн гурав хоногийн дараа Абубакар дээврийн хөндийгөөс баруун тал руу гарч хэргээ гүйцээчихээд хэвтэртээ хурдан эргэн иржээ. Дайсныг барихын тулд Володя шөнө байраа солих хэрэгтэй болов. Тэр шинэ байршлаа дахин шинэ хэвтэр хийвэл баригдахаар байсан ба хуучин газраас үл ялиг баруун талд тавиад метрийн зайд хэвтэх хоёр хэсэг мод олжээ. Буудахад эвтэйхэн боловч хэвтэр хийхэд тухгүй газар ажээ.
Дахиад хоёр хоног Володя хүлээсэн боловч мэргэн бууч үзэгдсэнгүй. Тиймээс түүнийг бүр явчихаж гэж бодтол маргааш өглөө нь тэр харагдсан байна.

Хөнгөн амьсгаа аваад гурван секунд онилоход сум байгаа оножээ. Абубакар баруун нүдэндээ тамгалуулсан байлаа. Тэр яагаад ч юм цохилтын хүчний эсрэг дээврээс гудамж руу унажээ. Дудаевын ордны өмнөх талбай дээр анчны ганц суманд араб мэргэн буучийн оногдсон газарт тостой цусан толбо тогтжээ. "Ингээд би чамайг оночихлоо” гэж Володя ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр боджээ. Нэгэнт өөрийн тамгаа харуулсан тул тулаан үргэлжилнэ гэдгийг тэр ойлгож байлаа.
Үүнийг хийснээр тэр өөрийгөө амьд, хэдэн өдрийн өмнө алуулаагүй гэдгээ баталжээ. Володя дурангаараа дайсны хөдөлгөөнгүй биеийг харж байв. Дэргэд нь хэвтэх Бур бууг харсан боловч өмнө нь ийм винтов үзээгүй тул танихгүй байлаа. Тэр чинь нэг үгээр хэлэхэд бөглүү тайгын анчин шүү дээ.
Гэнэт чеченүүд мэргэн буучийн цогцсыг авахаар ил мөлхөн гарч ирсэнд тэр гайхав. Володя онилж эхлэв. Цогцосны дээр гурван хүн тонгойв. "Өргөөд аваад яваг, тэр үед нь буудна” гэж Володя боджээ. Чеченүүд үнэхээр гурвуулаа цогцсыг өргөв.

Гурав буудах чимээ гарав. Абубакарын цогцосны дээр гурван хүн үхэтхийн уналаа.
Дахин сайн дурын дөрвөн чечень гарч ирээд нөхдийнхөө цогцсыг хажуу тийш нь болгоод мэргэн буучийн цогцсыг авах гэж оролдов. Хажуу талаас оросын пулемёт шүршиж эхэлсэн боловч дээгүүр онилсон тул чеченүүдэд ямар ч гэмтэл учруулсангүй. Энэ үед бараг нэг зэрэг дөрвөн удаа буудах чимээ гарав.

Тэр өглөө Володя 16 дайсныг алсан юм. Басаев юу ч болж байсан харанхуй болохоос өмнө араб эрийн цогцсыг авч ирэх тушаал өгсөн гэдгийг тэр мэдээгүй байлаа. Түүнийг нар мандахаас өмнө уул руу аваачин хүндэтгэлтэй нэр хүндтэй моджахедын ёсоор оршуулах ёстой байжээ. Маргааш нь Володя Рохлины штаб дээр эргэн иржээ. Генерал тэр дор нь түүнийг хүндэт зочны хувиар хүлээн авсан байна. Хоёр мэргэн буучийн халз тулааны тухай яриа арми даяар таржээ.
– За Володя, чи ямархуу байна даа, ядарч байна уу?

– Нөхөр генерал, би өөрийн ажлаа хийчихлээ, одоо харих цаг боллоо. Сууринд хаврын ажил эхэлж байгаа. Цэргийн зөвлөл намайг хоёр сарын хугацаатай л явуулсан. Энэ бүх хугацаанд миний оронд хоёр дүү минь ажиллаж байсан. Одоо явах боллоо гэхэд Рохлин ойлгон толгой дохиж байлаа.
– Сайн винтов буу ав. Миний штабын ахлах чамд бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
– Яах юм бэ, надад өвөөгийн буу байгаа.
Генерал юм асуух гээд удаад байв.
– Чи яг хэдэн дайсан устгав, тоолсон биз дээ?

Чеченүүд зуу зуугаар нь гэж ярилцаж байсан.
Володя нүдээ эргэлдүүлэн бодов.
– 362 дайсан, нөхөр генерал.
– За тэгвэл гэртээ харь даа. Бид өөрсдөө болчихно.
– Нөхөр генерал, хэрэг болбол намайг дуудаарай. Би ажлаа зохицуулчихаад дахиад хүрээд ирнэ.
Володягийн нүүрэн дээр бүх Оросын армийн төлөө санаа зовсон шинж илт байлаа.
– Намайг хүрээд ирнэ гэдгийг бурхан мэднэ.

Эр зоригийн одон Володя Колотовыг хагас жилийн дараа олсон байдаг. Медведевийг ерөнхийлөгч байх үед Колотов богино хугацаанд мэдээллийн хэрэгслийн од болжээ. Оросын ерөнхийлөгчтэй уулзах гэж Кремльд ирснийх нь улмаас Оросын хэвлэлийн анхаарлын төвд түүний нэр оржээ. Хуучны мэргэн бууч Володя ерөнхийлөгчид Якутын нэрийн өмнөөс буга бэлэглэжээ. Хойд нутгийн ард түмнээс өгсөн бэлэг. Ёс заншлын дагуу буга Медведевийг эзэн нь ирж автал тосгондоо хүлээж байсан боловч Медведев бугаа очиж аваагүй ажээ. Кремльд В.М.Колотовд байлдааны шагнал гардуулжээ.

Ийм шалтгаанаар нэгдэл даяараа баярлан тэмдэглэсэн бөгөөд цэргийн зөвлөл мэргэн буучийг Якутск руу шинэ гутал худалдан авахаар явахыг зөвшөөрчээ. Хуучин гутал нь Чеченьд их муудсан байна. Анчин ямар нэгэн төмөр дээр гишгэсэн гэдэг. Генерал Лев Рохлин амиа алдсаныг орон даяар мэдсэн тэр мөчид Володя ч гэсэн радиогоор сонсжээ. Тэр гурав хоног спирт уужээ. Түүнийг урцанд согтуу байхыг нь бусад анчид олжээ.
Володя согтуу, нэг үгээ давтсаар байжээ.
– За яах вэ, нөхөр генерал Рохля. Хэрэгтэй бол хүрээд очно, та хэлэхэд л болно.
Владимир Колотовыг явсны дараа офицер цолтой урвагчид генералын байршлын тухай, хаана байгаа, хаашаа явж байгаа гэх мэт мэдээллийг чечений алан хядагчдад худалджээ.
Владимир гэрийнхээ гадаа түлээ хагалж байгаад 9мм-ийн гар бууны суманд оногдон алуулсан байдаг. Энэ хэрэгт эрүү ч үүсгээгүй байна…

Ш.Батзориг
Эх сурвалж: https://www.facebook.com/batzorig.sh.9

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?