📅

Шаварт унасан шарын эзэн...

🕔 2017/10/19 11:23

Эргэлт буцалтгүй хоёр хуваагдсан МАН-ынхны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх үүрэг парламент дахь АН-ын есөн гишүүнд оногдоод байгаа. Тэдэнгүйгээр УИХ-аас шийдвэр гарахад хэцүү болж, МАН дотоод хагарлаа даван туулахад нэн шинэдэх байв. Ямартай ч өнөөхөндөө МАН-ын хагарлыг улстөржүүлэн ашиглаж, төрийг гацаанд оруулахаас татгалзаад байгаа АН-ын бүлэг хэзээ сөрөг хүчний байр суурин дээрээс сөрөг дайралт хийхийг таахад хэцүү.

 

Тус намынхны өнгөрсөн хугацаанд олсон олз гэвэл фракцуудын ноёрхлоосоо бүрэн утгаараа ангижирч чадсан явдал юм. Бүх гишүүнийхээ саналаар АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнэ З.Энхболдын үед сайхан мэдэгдэл төдий байсан "АН фракцгүй боллоо" гэх үгийг бүрэн утгаар нь тунхаглал болгож чадлаа. АН-ын тархийг атгадаг асан Үндэсний зөвлөлдөх хороо 220 гишүүнтэй, фракц болгон хүнээ шургуулдаг байсан бол эдүгээ эл удирдах байгууллага Үндэсний бодлогын хороо нэртэй болж, анхан шатны байгууллагуудаас сонгогдсон 400 гаруй хүнээр эгнээгээ бүрдүүлжээ.

 

Мөн АН-ын гишүүд жил бүр 1000 төгрөгийн хураамжтай болсон бөгөөд, үүгээр дамжуулан бүртгэлээ баталгаажуулжээ. Одоогоор 180 мянган хүн энэ намын гишүүн гэдгээ нотлон татвараа төлчихөөд байна. Үндэсний бодлогын хорооны гишүүн жилд 3,0 сая төгрөг намынхаа дансанд байршуулах ёстой гэх юм билээ. Ялагдсан намын даргаар сонгогдон, шаварт унасан шарын эзэн болох хувь тохиосон С.Эрдэнийн хийж буй энэ мэт дүрмийн шинэчлэл хуучин фракцын тогтолцооны үеийн ноёдод таалагдсангүй. Тиймээс Үндэсний бодлогын хорооны гишүүнчлэлийн хураамжаа бөөнөөрөө төлөхгүй байхаар шийдэн эсэргүүцэл зарласан гэх.

 

Л.Болд, Г.Батхүү нарын зарим гишүүн тэр дүүргээ надад өгчих, энэ аймгийг чинь авъя гэхчлэн С.Эрдэнэ рүү мөнгө барьж гүйсэн сураг ч байгаа юм. Анхан шатны байгууллагын гишүүдтэйгээ ойрхон ажиллаж, тэндээсээ сонгогдохоос өөр гарц байхгүй гэдгийг АН-ын хуучин овгорууд ойлгох дургүй байгаагийн илрэл энэ болов уу. Хэдхэн хүний нам байсан АН ийнхүү 180 мянган эзэнтэй болов. Гэвч өнөөхөндөө шаварт унасан шарын эзэн л хоосон, лидергүй үлдсэн энэ намын буурийг сахиж байна.

 

Хуучны лидер гэх ялсан үеийн ялгуусан баатрууд ялагдсан намаа орхин Х.Баттулгыг даган зөвлөх, туслах нэртэй намирч явна. Магадгүй тэд 2020 оны сонгуулийг угтан үүрээ эргэдэг нүүдлийн шувууд шиг үүдээр нь хөлхөлдөх буй за. Тэр үед л фракцгүй АН хэрхэн нягтрахыг харах боломж гарах юм. Эсвэл задрахыг үзэж таарна. Хэдхэн хүний ноёрхлоос ангижирч чадсан нь тэр үед нотлогдвол МАН ч бас тэдний замналыг хуулбарлахад яагаад болохгүй гэж? Шаварт унасан шарын эзэн өөртөө шанаа бэлдэв үү, шагнал зэхэв үү, цаг хугацаа аяндаа харуулна...

 

Р.ЭМҮЖИН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?