📅

УИХ ажилласан дүр эсгэж байна

🕔 2017/10/10 15:34

УИХ ажилласан дүр эсгэж байна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр орон тооны бус зөвлөхүүдийнхээ хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Лу.Болд, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өнөөдөр  мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ:

 

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин шинэ Ерөнхий сайдыг томилоод долоо хонож байна. Үүнээс болж монголын төрийн үйл ажиллагаа зогсож, төрийн бүх шатанд үл үзэгдэх хулгай, дээрэм, хариуцлаггүй үйлдлүүд газар авч байна. "Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй" гэдэг шиг зүйл Монголд болж байна. Тиймээс Засгийн газрыг маш шуурхай байгуулах шаардлагатай байгаа учраас эрх баригчид дотоод хэрүүл, тэмцэл, зодооноо яаралтай зогсоо. Маш хурдан сандал, суудлаа хувааж аваад, ажилдаа ор гэдгийг АН-ын бүлэг анхааруулж байна. Засгийн газрыг байгуулахгүй удааширснаас болоод өнөөдөр УИХ ажилласан дүр эсгэж сууна.

 

Төсвийн тодотгол дээр алдаатай, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаад бид дүгнэлт гаргах шийдвэрт хүрлээ. Дүгнэлтээ УИХ-д танилцуулаад, шинэ Ерөнхий сайдад өнөөдөр албан бичгээр шаардлага хүргүүлнэ. Төсвийн орлого төлөвлөж байснаас оны эцэс гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Тиймээс шинэ Засгийн газрынхан нийгэмд зохиомол  айдас үүсгэх буюу Монгол Улсын эдийн Засаг дампуурах, дефольт боллоо гэдэг үлгэрээр цаашид явж болохгүй. Төсвийн тодотголоор хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэм гэдэг шаардлагыг бид зайлшгүй тавина. Шинэ Засгийн газар эрч хүчтэй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг иргэддээ ээлтэй байлгахыг хүсч л байгаа бол энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Тиймээс шаардлагатай бол төсвийн тодотголыг буцаан татаж аваад, зарим зүйл заалтуудыг өөрчлөх нь чухал. Зардал талдаа бид гурван зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Нэгдүгээрт, хууль нийцүүлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг үргэлжүүлэх, хоёрдугаарт, багш, эмч нарын болон бага цалинтай зарим төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх. Гуравдугаарт, илүү гарч байгаа ологыг үр ашиггүй хөрөнгө оруулалтын зардал болгож байхаар тухайн ологоо өр хаахад эсвэл хуримтлалын сандаа оруул гэдэг шаардлага тавих болно. Үүнийг бид зөв шударга шаардлага гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа бид жилд 2-3 удаа зардал хэлбэлзэх орлого нэмэгдэх болгонд төсвийн тодотгол хийгээд байх нь зөв эсэхийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй байна. Хэрвээ төсвийн сахилга бат, хариуцлагын тухай тодорхой ярих гэж байгаа бол 2018 төсвийг анхнаас нь үл суурьтай зөв боловсруулаад, түүнийгээ сайтар мөрддөг, төсвийн тодотголыг цаашид хийхгүй байх эрх зүйн орчинг шинээр батлах ёстой хэмээлээ. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх процест шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төсвийн сахилга хариуцлага, үр ашгийн зарцуулалтуудыг цаасан дээр бичиж ярьсаар байгаад таарч байна. Тиймээс үнэхээр үр ашигтай, хариуцлагатай төсөвтэй байхыг хүсвэл жил 1-2 удаа төсвийг тодотгоддог хуулиа өөрчлөөд, тодотголгүй болох хэрэгтэй. Учир нь төсвийг тодотгох болгондоо Төсвийн тогтвортой байдлыг хуулиа өөрчилж, хуулиар заасан алдагдал болоод Засгийн газрын өрийн хэмжээнг нэмдэг. Тиймээс бидний нэгдүгээр шаардлага бол төсөв зохиох, батлах, хэрэгжүүлэх бүх явцын эрх зүйн орчинг сайжруулаад, Засгийн газар төсвийнхөө хуулийг мөрддөг систем рүү оруулах шинэчлэл хийх санал гаргаж байгаа.

 

Энэ удаагийн тодотголоор төсвийн орлого буураагүй. Харин ч нэмэгдсэн. Тиймээс төсөв дахин тодотгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар одоо оруулж ирж байгаа төсвийн зардлыг нэмэгдүүлэх гэж байгаа 17 зүйл дотроос төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай ганцхан шийдвэр байна. Тэр нь хүүхдийн мөнгө. Тиймээс энэ тохиолдолд хэрвээ төсвийн жилийн дундуур бодлогын шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх шаардлага хуульдаа байгаа. Энэ мэтээр бид бүх шатандаа бүх хуулиа хэрэгжүүлэхгүй байна. бүр тэр нь хувийн үзэгдэл болчихсон байна. Засгийн газраасаа эхлээд, суурь хуулиудаа мөрдөхөө байчихаад байна. Үнэхээр төсвийн орлого нь илүү гараад байгаа бол эрэмбээр нь дарааллаж байж хуваарилах зарчим руу орох хэрэгтэй. Өнөөдөр шинэ Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал нь юу юм бэ. 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларыг өр, зургаан сард төлөгдөх өр л байгаа. Тиймээс эрэмбэ дарааллыг нь харж байж төсвөө зарцуулдаг зарлагаа нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байна хэмээн мэдээлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тоо баримтуудыг гаргаж тавих шаардлага гарсан. Яг жилийн өмнө 2016 оны 06 дугаар 30 –ний байдлаар Засгийн газрын өр 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2017.06 дугаар сарын 30-ний байдлаар 6 тэрбум 17 сая ам.доллар болж нэг тэрбум гаруй доллараар огцом нэмэгдсэн. Тэрбум гаруй ам.долларыг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Гэтэл АН-ын Засгийн газрын үед Чингис бондоор босгоосн 1.5 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийж болдог вэ гэдгийг бид харуулсан. Харин яг энэ мөнгөтэй дүйцэхүйц гаргасан үнэт цаасаар өнөөдрийн эрх баригчид  яг ямар ажил хийсэн нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байна. Мөн нэг зүйлийг тодруулахгүй бол болохгүй байна.

 

Өнгөрсөн жил 580 сая ам.долларын "Евро” бондын төлбөрийг "Хуралдай” бонд гаргаж  төлсөн. "Евро” бонд гэдэг бол 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр   МАН-ын Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан өр. Түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хаасан. Зарим улстөрчид Чингис бондын мөнгө гэж ташаа ярьж байна. Монгол Улсын Засгийн газрын залгамж халаагаар Сү.Батболдын Засгийн газрын тавьсан 2012 оны өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн жил төлсөн гэсэн үг. Харин 2018 оны нэгдүгээр сард "Чингис” бондын 500 сая ам.долларын зээлийн өрийг төлөх хугацаа. Үүнийг улсын төсөв, иргэдийн нуруунд дарамт ачаа үүрүүлэхгүйгээр  зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөх бүрэн төлөх боломжтой. Харин Чингис бондын дараагийн төлбөр 2022 онд төлнө. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Самурай бондыг  гаргасан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эхний төлбөр нь 2023 оны 12 дугаар 25-ны өдөр. Үүгээр Чингис бонд иргэд олон түмэнд, улсын төсөвт  дарамт учруулж байна гэдэг нь худлаа яриаг энэ баримтуудаар няцаахыг хүсч байна гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн  Лу.Болд:

 

-Улс оронд үүссэн улс төр нийгмийн нөхцөл байдлаа юуны өмнө харах ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод нэг сар болж байхад шинэ Ерөнхий сайд томилогдоод 7 хонож байна. Монгол Улс Засгийн газаргүй маш олон хонолоо. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилогдсоноос хойш Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал таамаг явж байна. Бүрэлдэхүүн томилох тухай хуульд заасан хугацааг хамгийн сүүлийнх нь  хугацаагаар нь авч нийгмийн амьдралыг хойшлуулж болохгүй.

 

Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг харахад Монголд анх удаагаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулагдах гэж байгаа шиг харагдаж байна. Гэтэл нэг намын эвслийн Засгийн газар гэж хаа ч байхгүй. Өмнөх Засгийн газрыг огцруулсан шалтгаануудыг бүгд мэдэж байгаа. Маш тодорхой шалтгаан байсан. Гэтэл огцруулсан  Засгийн газрын оруулж ирж байгаа төсөвт нь  алдаагаа зассан зүйл нэг ч байхгүй. Хууль зөрчсөн асуудлуудаа хуулиар хамгаалуулах гэж орж ирсэн. Ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохдоо хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан наймаа багц бүрдүүлээд байгаа нь өмнөх Засгийн газрын адил  "насгүй” болгох ирээдүйг бүрдүүлж байна. Дотроо наймаалцаж, бөөн хүмүүсийн нэрсийн  жагсаалтыг харанхуй шөнө бүх албыг унтсан хойно, чоно борооноор гэдэг шиг  хуралдаж, томилдог нь хулгай дээрмийг зогсоох чадваргүй, ард түмний эрх ашгийг уландаа гишгэх байх нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Одоо бид төрийн өмнө ард түмний өмнө хариуцлага хүлээх сайд нарыг  гэгээн цагаан өдрөөр томилмоор байна. Засгийн газрын бүрэлдэхүүн шинээр томилогдох сайд нар ямар байх вэ гэдэгт манай бүлэг  маш тодорхой шаардлагуудыг өгсөн. Монголын ард түмэн Монгол  Улсын Засгийн газар бүрдэхийг хүсч, хүлээж байна гэсэн юм. Тэд мэдээлэл хийсний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Шинэ Засгийн газрын сайд нар бүгд "давхар дээл"-тэй сайдуудыг оруулаад ирвэл яах вэ?

 

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ Засгийн газрыг 100 хувь "давхар дээл"-тэй байна гэсэн мэдээлэл маш их цацагдаж байна. Бид Ерөнхий сайдад маш тодорхой саналуудыг өгсөн. Энэ саналуудаас эхний зургаан саналыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнийг дахиан сануулмаар байна. Тодруулбал, хүүхдийн мөнгийг хуулийн дагуу хүүхэд бүрт олгох, багш, эмч нарын цалинг нэмэх, шүүхээр буцаан томилогдохоор шийдвэр нь гарсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилох, ерөнхий чиг үүргийн сайд нараас бусад бүх сайд "давхар дээл"-гүй байх, дэд сайдгүй байх, ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч сайдыг томилохгүй байх гэсэн саналууд дээрээ хатуу байгаа.

 

-ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг уялдуулах боломж байгаа юм уу ?

 

-У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-тай улс орныхоо бодит байдлыг харгалзан үзээд, дахин уулзах ёстой гэж харж байгаа. ОУВС-гийн даалгавараар явах, явахгүй зүйлүүд байх нь ойлгомжтой. Ялангуяа цалинг царцаах асуудлыг анхнаасаа Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдрийн дундаж цалин инфляцын өсөлтөөс болж, иргэдийн энгийн хэрэглээг хангаж чадахгүй болсон гэдгийг энэ төр нь ойлгох учиртай. Тиймээс бид цалин нэмэх шаардлага тавьсан. Тэгээд ч ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд цалин нэмэх боломж байгаа.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?