📅

У.Хүрэлсүх MCS-т Сангийн яам, ЗГХЭГ-ийг өгвөл Н.Алтанхуягийн араас гарцаагүй орно

🕔 2017/10/02 10:41

У.Хүрэлсүх MCS-т Сангийн яам, ЗГХЭГ-ийг өгвөл Н.Алтанхуягийн араас гарцаагүй орно

 

Англи гамбит…
Хэний Засгийн газар вэ?
Ард түмний ЗГ байгуулагдахаа болиод удсан тул энэ талаар нуршаад ч яах вэ? Өмнөх "мэргэжлийн бус” ЗГ бол яг үнэндээ ХХБ-ны "сахал” Эрдэнэбилэг, Бадамжунай нарын ЗГ л байсан шүү дээ! Энэ холбоосоор Ц.Элбэгдорж аль намын гишүүн байснаа ч таг мартаад МАН-аас дэвшсэн Ерөнхийлөгч аятай бүхий л шийдвэрт нь оролдцоод орооцолдоод харайж явдаг болсон байв. Ерөнхийлөгч "Эрдэнэт”-д очиход Т.Бадамжунай түрүүлж хүрээд тоглох хүмүүсийг нь сонгож байсан даа… Ийм л дотно засаглал жил орчим тогтоод нуран уналаа.
"Эрдэнэт”-ийг аргалж дөнгөсөнгүй, М.Энхболдоос болоод… Түүнийг ялуулах ёстой ЗГ "Эрдэнэт”-ийг тавиад туучихвал уначихна гэж болгоомжилсон хэрэг, ингэж мунгинасаар Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдаад бүр "Эрдэнэт” ч үгүй болов. Монголын экспортын гол бүтээгдэхүүнд хяналт тавих өрсөлдөөн Хятад ба Английн талыг баримтлагч бүлэглэлүүдийн зөрчлийг хурцатгасан юм. Английн тал гэгч нь "Рио Тинто”-д худалдагдсан улстөрийн янхад л даа…
Гайхалтай нь "барууны тэжээврүүд” гэгдэн адлагддаг тэд ч дотроо "АН-ын” ба "МАН-ын” гэсэн хоёр фракцтай, хоорондоо эцэс төгсгөлгүй уралцдаг, бас эзнээ зандрахаар нэгнээ үхэн хаацайлдаг. Гэвч аль алины нь хийсэн үйлдэл бүхэн эзэддээ ашиг орлогыг уул овоо мэт хуримтлуулдаг болчихоод байгаа билээ. Жишээ нь МАН тэгтлээ үзэн яддаг АН-ын ЗГ-ын хамгийн том "шившигт” гэрээ Дубайн гэрээг яагаад одоо болтол ил тод болгохгүй байгааг олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг дэмжигч орны ЗГ-аас асуумаар л байдаг юм л даа… Энэ удаад тэд…
Жинхэнэ урвагчид нь хэн бэ?
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л "Рио Тинто” ба MCS-ийнхэн М.Энхболдоос илэрхий зайгаа аваад эхэлсэн. Тэд Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагах ёстой гэж үзсэн юм. Хямралаас хонжоо хайснаас тэр… Гэхдээ л жишээ нь бүлгээсээ 33 санал авах зайлшгүй хэрэгтэй байсан, лав л М.Энхболдын гомдоосон Даваасүрэн, Болорчулуун хоёр байгаагүй бол хүчний харьцаа нөгөө талдаа үлдээд, "холбоотнуудаасаа” ахиж хоёр гишүүн "худалдаж авах” мөнгө гуйж царай алдахдаа тулах ч байсан юм бил үү? Тэгээд л энэ далимаар "Рио Тинто” ба "MCS”-ийн ЗГ байгуулах гэж шахаж байна.
…У.Хүрэлсүх ба "Зүүний хүчний холбоо” дангаараа МАН-ын бага хурлыг "базсан” М.Энхболд ба хотын фракцыг ялна гэж байхгүй, дээрээс нь Ерөнхийлөгч хамжаад ч дийлэхгүй, учир нь энэ бүх нийтийн сонгууль биш, нам доторх эргэлт байв. У.Хүрэлсүхийг С.Баяр ба Сү.Батболд, MCS дэмжвэл гарцаагүй ялна… Харин энэ дэмжлэгийн хариуд Сангийн яам ба ЗГХЭГ-ийг шаардах төлөвлөгөөтэй байжээ. Нэгэнт У.Хүрэлсүхийг бага хурлаас гаргачихвал Ерөнхийлөгч дэмжиж байгаа тул төрийн зөвшилцөл удахгүй, Ерөнхий сайд болоход ногоон гэрэл асна.
Яг энэ моментод У.Хүрэлсүхийг барьцаалахаар шахсан юм. Хэрэв У.Хүрэлсүх намын бага хурлаас дэмжлэг авахгүй бол улстөрийн карьер нь "урвагч, хутган үймүүлэгчээр цоллуулаад” дуусах байв. Чухамдаа Ж.Эрдэнэбатын ЗГ-ийг унагах амархан, харин дараагийн ЗГ-т Ерөнхий сайд болох л хэцүү байв. Эхний нүүдэл хийлээ, У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлэх гэж байна, гэхдээ өрөг дуусаагүй, намын их хурал болтол У.Хүрэлсүх ацан шалаанаас бултах зөв нүүдэл хийх ёстой. Хэрэв алдвал их хурал дээрээ амжилт "олохгүй” огцорч ч магадгүй, намын даргыг хэн авсан нь Ерөнхий сайд болох хуулийн заалттай гэж тайлбарлаад МАН-ын хоёр дахь ЗГ-ийг "түр ЗГ” болгоод, манцуйнд нь боомилчихож чадна.
Хүчний харьцааг тэнцүүлэх гэж оролдож байсан М.Энхболд, сонгуулийн хүндхэн ялагдлын дараа сэдэрсэн "мартаж, санадаг” өвчнөө Хятадад эмчлүүлж ирээд ажилдаа ортол бүхий л санаачлага аль эрт алдуурсныг ойлгосон байна. Эцсийн мөчид "Би Хүрэлээгээ дэмжиж байгаа шүү!” гэж л хэлж амжсан байгаа юм. Ийм тохироон дээр У.Хүрэлсүх гарч ирсэн. Харин Ц.Элбэгдорж түүний ХМХ-үүд өөд уруугүй сурталчилсан Ө.Энхтүвшин бага хурал дотроо "101 цоохор нохойтой” болоод авсан нь гайхмаар. Тэгээд ч У.Хүрэлсүх 64 шахам хувиар гарна гэдэг МАН-д бол их л нам үзүүлэлт. 80, 90 хувиар л ялдаг угшилтай нам шүү дээ! Тиймээс намын даргад цоохор нохойтон аюултай. Тэр нохдын өнгө цайрч ч магадгүй, харлаж ч магадгүй…
Харин М.Энхболд ингэж байж бас хэдэн хүндээ орогнол олохгүй бол хотын фракц бүрмөсөн сүйрэхэд бэлэн байна. Одоо бол М.Энхболд юу ч "мартахад” бэлэн байна. Эцсийн дүндээ энэ нь халз тулаанд орсон М.Энхболд, У.Хүрэлсүхийн фракцийн хамтын үхэл ч болж мэдэхээр болчихоод байсан юм. Тэгсэн бол Монголч биш, нөгөө хэцүү нэртүүд ч биш, хэн нэгэн ялах л байсан юм! Харав уу? Саяхнаас С.Баярын "Оюу толгойн гэрээ бол миний гавъяа” гэсэн увайгүй гарчигтай ярилцлага хаа сайгүй түгэх болсныг…
Сангийн сайд Ерөнхий сайдаас чухал.
Монголын ямар ч Засгийн газар "Рио Тинто”-той байнгын толхилцоонд байдаг шалтгаан бол мэдээж татварын маргаан. Бас Монголын ямар ч ЗГ эцэстээ ялагдаж л дуусдаг нь "Рио Тинто”-гоос Монгол оруулж буй улстөрийн "хөрөнгө оруулалт” юм. 1997 оны хөрөнгө оруулалтын хуулиас хойш Монголд бий болсон үзэгдэл бол тогтворгүй ЗГ-ууд юм л даа!
Ганцхан жишээ: "Оюу толгой”-гоос Монгол улсад төлөх ёстой 4.1 тэрбум төгрөгийн татварыг Дубайн гэрээний дагуу Татварын Ерөнхий газрын даргын гарын үсгээр хөнгөлөх болсон нь хууль бус тул шийдлээ хүлээж байна. Гадаадын иргэд Монгол ашиг олсон бол 30 хувийг төлөх ёстой хуулийн заалттай, тиймээс хөрөнгө оруулалтын 6 хувь болдог менежментийн зардлын 30 хувийг Монголд төлөх ёстой атал, үүнийг нь нэг агентлагийн дарга дур мэдэж чөлөөлж болохгүй биз дээ? Энэ жишгээр Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед Номтойбаяр, Гарамжил нар ч хэдэн тэрбумын татвараас зугтаж байсан. Энэ бол Дубайн гэрээний нэг л заалт, үүнээс цааш үй олон хөнгөлөлт чөлөөлөлтийг нуун дарахыг "Рио Тинто” хүсэж байгаа ба мөн Монголчууд өөрсдөд нь Дубайн гэрээгээр олгосон хөнгөлөлт чөлөөлтөөсөө буцчих вий гэж тарчилж байгаа юм. Ядаж л ТЕГ-ын даргыг загнаж байгаад үүнийг аваад ирэх Сангийн сайд хэрэгтэйеэ? Ч.Хүрэлбаатар бол улам цааш нь түлхэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Харин Монголын экспортын хоёр баялаг нүүрс ба зэсийг хянадаг "MCS” ба "Оюу толгой” компаниуд холбогдох шалтгаан нь "MCS” нөгөөхтэйгөө ханган нийлүүлэлтийн 800 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Намын бага хурлаас 7 хоногийн өмнөөс хурал болон болтол би өөрийн фейсбүүк хуудаст Ч.Хүрэлбаатараас болгоомжлохыг тувт анхааруулж байсан даа! Учир нь фракцуудын У.Хүрэлсүхэд өгч байсан шахалт нь ганцхан түүний төлөө буюу Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохын төлөө, хэрэв буулт хийхгүй бол Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайдад дэвшүүлэхийн төлөө л байсан юм. Ч.Хүрэлбаатар бол МАН-ын С.Баярцогт болох туйлын хүсэлтэй нэгэн агаад Сингапурт байнга "эмчилгээ хийлгэж байгаа” нэгэн. "Оюу толгой”-д орж буй хөрөнгө оруулалтын 34 хувь Монголоор дамжих хууль гаргах болоход үхэн хатан эсэргүүцэж, хор найруулж, хоёр гурван кноп дур мэдэн дарж байж унагасан энэ этгээд Сангийн сайд болбол "сахил хүртээд шал дордов” гэгч болно гэж гишүүд ярьж байна.
Тэгэхэд Лондонд байгаа элчин С.Баярыг тэнд байдаг "Рио Тинто”-гийн байранд шууд дуудагдаж байсан. Одоо С.Баярыг нь татчихаар энд Сангийн сайдтай болох гэж улайрч байгаа юм. Энэ зорилгод С.Баяр (координатор) ба Ч.Хүрэлбаатар (горилогч) нар идэвхтэй үйлчилж байна.
Чухамдаа ЗГ солигдсоны дараа Сангийн сайдыг Ч.Хүрэлбаатарт өгнө гэдэг хамаг мөнгөө чонын амнаас салгаад барын аманд зуулгасантай ялгаа юун? Чухам ийм шийдвэр гарвал "Монгол ялсан” тухай яриа үлгэр болох юм. Ерөөсөө нийгмийн сэтгэл зүйг МАН дахь эрлийзүүдтэй хийх тэмцэлд чиглүүлж зууралдуулаад араар нь хожоо хайсан нь цэвэр "англи арга барил”… Урьд нь тэгж байсан, цаашид ч тэгнэ. "Гуравдагчид” сүүлийн жилүүдэд Монголчуудын үндсэрхэл, хятадаас болгоомжлох айдас дээр тоглож сурч байна, дээрээс нь нэмээл "руссофоб” дэлгэрүүлэх гэж чармайж байгаа нь хэнд нууц биш!
Н.Алтанхуягийн ЗГ-ийг унагаж, Ч.Сайханблэгийн ЗГ-ийг шахаж Дубайд хийлгэсэн гэрээгээ  хадгалж үлдэхийн тулд яахаас буцахаа байсан МАН-ын бүлэглэл ба ЗГ-ийн баталгаагаар асар их зээл аваад түүнийгээ ЗГ-аар төлүүлээд өөрсдөө мултарч гарах гэсэн хувьцааны хяналтын багцуудаа гадныханд алдсан том компаниудын улангаслыг давж гарч гэмээ нь Монгол дахин ялах болно, "Монголын ялалт” тэгж л үргэлжилнэ. Хэрэв тэгэхгүй бол…
Барьцаа…
Хэрэв У.Хүрэлсүх үгэнд орохгүй баялгийн үндсэрхэл гаргаад "англи” улстөрчдийг хоолноос нь салгах гээд байвал Н.Алтанхуягийн ЗГ-ийн хувь тавиланг онооно гэж төлөвлөх болжээ. Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийн дараагийн Ерөнхий сайд нь ЗГХЭГ-ын дарга эсвэл Сангийн сайд нь байх болно. Яаж авсан, тэгж алдана гэсэн үг.
Тиймээс ЗГХЭГ-ийн дарга, Сангийн сайдаа У.Хүрэлсүх хамгийн найдвартай, өөрөөс нь урвахгүй, аль нэг фракцид ороогүй хүнээр тавьж чадах эсэхээс ирээдүй нь хамаарна. Хэрэв англи нохдод, MCS-т Сангийн яам, ЗГХЭГ-ийг өгвөл Н.Алтанхуягийн араас гарцаагүй орно. Энэ бол өмнө амжилттай туршсан ажиллагаа!
Тиймээс ЗГХЭГ ба Сангийн яамыг хяналтандаа байлгах шаардлагатай! Бусдыг нь бол чухам бялуу мэт хуваасан ч ярих зүйлгүй. Тэр бол "хүүхдүүдийн ширээ”.
Хэрэв У.Хүрэлсүх Сангийн яамаа, ЗГХЭГ-тайгаа өгөхгүй бол "хуйвалдагчид” намын их хурлаар өөр дарга сонгуулахаар зүтгүүлэх болно. Бага хурлыг хотын фракцаас цэвэрлээд оронд нь хэнд ч салаавч тавихад бэлэн өөрийн хүмүүсээр дүүргэх болно. Нэмээд намын УЗ-ыг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхийн зорино. Үүний дараа У.Хүрэлсүхийн ЗГ-ийг унагалаа гэхэд ахин их хурал зарлахаас түдгэлзэж болох бөгөөд дор хаяж онцгой нөхцөлд хоёр жилийн завсарлага байх ёстой гэж үзнэ. Тиймээс дараагийн ЕС-ын асуудлыг их хурлаас хамааралгүй (намын нийт гишүүдийн, олон нийтийн дарамтгүй) явцуу хүрээнд шийдвэрлэх боломжтой.
ЗГ-ыг унагаахад МҮЭХ-г идэвхтэй оролцуулна. Цуврал ажил хаялтууд, гудамжны тэмцэл шатлан өргөжих нь дамжиггүй. Энэ нууцыг романтик Ж.Мөнхбат тэсэлгүй алдаж орхисон хэрэг. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр холбоотноо болгосон МАХН ба С.Ганбаатарыг энэ зорилгод ашиглахаар бэлтгэж "Баярлалаа” аяныг орон даяар эхлүүлээд байна.
Татварын асуудал сөхөгдвөл ЗГ-ын гадаад өрийн үйлчилгээг хүндрүүлэх, ОУВС-ын дарамтыг чангатгах замаар урагшгүй алхам руу түлхчихэж чадна. Тэд У.Хүрэлсүхийн ажлын арга барилыг ч сайтар судалсан бөгөөд популист удирдлагыг эрхэмлэж, нэр хүндээ босгоход анхаараад салбарын удирдлагыг сайдууддаа бүрэн итгэж хариуцуулах нь гарцаагүй гэж тооцсон байна.
Ийм Ерөнхий сайдтай үед өөрийн нь талын хүн Сангийн сайд болбол улс орны санхүүгийн эрх мэдлийг бүрэн авна гэж тооцож улайран зүтгэж, шахалт дарамтаа тасралтгүй эрчимжүүлж байна. Ингээд яг Ч.Сайханбилэгийн замаар явж, Таван толгойг зараад (газар доорх нүүрсийг тонныг нь 10 ам.долларт тооцож зарах тухай асуудлыг Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед ярилцаад бараг шийдсэн) Дубайн гэрээг ягштал мөрдсөний хариуд ОУВС-ийн тусламжаар эдийн засгийг түр тогтворжуулах арга хэмжээ авахаар тооцсон байна. Ингээд 2020 оны сонгуулийн өмнө МАХН-тай нэгдэх хэлэлцээрийг ажил хэрэг болгож, нэгдмэл фронтоор сонгуульд оролцох ажээ. Харин У.Хүрэлсүхийн алхам бүрийг хянахын тулд ЗГХЭГ-ийг давхар барьж байх нь тактикийн зөв хувилбар л даа!
Энэ явцад эсэргүүцэл үзүүлбэл Ерөнхий сайдыг дангаар нь солих замаар эрх мэдлийг авна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийг "тоглоомын” Ерөнхий сайд, Монгол хүүхэлдэй болгохоор нарийн нямбай тооцжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ба түүний дараахь улстөрийн хүчний өөрчлөлтийн явцаас "Рио Тинто” ба "MCS” хамгийн их хожоо олохыг эрмэлзсээр байна. Тэнд л өнөө алдарт МАНАН суунаглаж байгаа билээ. Сая У.Хүрэлсүхийг дэмжсэн нь нэгд олон нийтийн дунд нэр хүндтэй байсанд, хоёрт ЗГ-ыг унагах халз тулаан орох зоригтон түүнээс өөр байгаагүй юм. Тиймээс У.Хүрэлсүхийг унагахын тулд эхлээд нэр төрийг нь дэвслэх хугацаа хэрэгтэй!
Английн төлөөний фракц С.Баяр, Ч.Хүрэлбаатар, MCS-ийн гишүүд, УИХ дахь МАН-ын том бүлэглэл, ТЕГ-ын дарга Б.Хурц (Дэлхийд алдартай Английн тагнуулын байгууллага түүнийг зүгээр л тавиад туучихсанд итгэдэг тэнэг байх уу?), Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нам дамнасан бүлэглэл, англи, АНУ-д төгссөн либерал улстөрчдийн хаалттай клубууд, тэднийг дэмжигч ОУ-ын байгууллагууд санаачлага авахыг оролдож байна.
Монголчууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа биднийг үл тоон дэвслээд сонгодог л юм байгаа биз, дандаа хамт байх аргагүй бол тэднийг "уутанд” хийчихээ мэдэхтэйгээ гэж шоолон инээлдэж байгаа юм.
Тэд "Оюу толгой”-н ("Рио Тинто”), MSC-ийн экспортыг таатай болгохын тулд Өмнөд хөршид дараалсан буулт хийлгэх хандлагатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж болзошгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.ЭНхболдоос урваж далдуур дэмжлэг үзүүлж байсан нь, Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад хамжин оролцсон нь энэ зорилгод хүрэх эрмэлзлийнх…
Харин У.Хүрэлсүх тэгээд дэвслүүлээд байх уу? Үгүй юу? гэдэг өөрөөс нь шалтгаалах асуудал. Ер нь хананд зураг болохгүй гэж байгаа Ерөнхий сайдад хөшөө болох ганцхан зам бий. Гадаадын хөрөнгө оруулагч нэртэй хэт ашиг олдог компаниудтай хатуу ярьж авах ёстой татвар түрээсээ бүрэн аваад, мөнгийг нь эдийн засгаараа гүйлгээд дээр нь ЗГ-ын нийт өрийн 2/3-ыг эзэлдэг томоохон банк, компаниудын өр зээлэнд гаргасан баталгаагаа татаж, авсан эздэд нь хариуцуулчихвал яадгаа алдчихаад байгаа эдийн засаг сэвхийгээд л босоод ирнэ.
Үүнийг Сангийн яамаа, ЗГХЭГ-аа (Зөвлөх Н.Алтанхуягаас туршлага сонсож болно) Уул уурхайн яамаа яг өөрийн талд зогсох, компаниудаар болоод гадныхнаар угжуулдаггүй, найдвартай түшиг болох хүмүүсээр бүрдүүлэхээс л эхлэх ёстой доо! 
А.Баатархуяг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?