📅

Монгол Улс тээврийг хөгжүүлэх нээлттэй бодлого барьж байна

🕔 2017/09/29 19:05

Монгол Улс тээврийг хөгжүүлэх нээлттэй бодлого барьж байна

 

Ази-Европыг холбох тээврийн тогтвортой харилцааг бий болгох, тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах, бүс нутгийн стратегийн бодлогын ололт амжилтын талаар хэлэлцэх, шинээр төлөвлөгдөж буй Ази-Европын тээврийн цогц системийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх чухал зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалт Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат тус чуулга уулзалтад оролцож, Монгол Улсад зам, тээврийн салбарт баримталж буй бодлого болон тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлийн эхэнд оршин буй газар нутгийн байршлаас үл хамааран бүс нутаг, улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, харилцан холбогдоход тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг талаар онцоллоо. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн ийнхүү газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд үйлчлэх, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгааг ч дуулгав.

Түүнчлэн далайд гарцгүй Монгол орны хувьд тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой тул Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаагаа танилцууллаа.

Мөн тэрээр "Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээр”-ийг өнгөрсөн оны 12 дугаар сард Москва хотод байгуулсан нь Ази-Европыг холбох бидний үндсэн зорилгын хүрээнд Монгол Улсын оруулж буй чухал хувь нэмэр гэж үзэж байна” хэмээн бүс нутгийн бусад улсын хувьд ч энэхүү хэлэлцээрт нэгдэн орох боломжтойг цохон тэмдэглэв.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр "Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монголын Хөгжлийн зам төсөл, ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын хүрээнд Ази, Европ тив улам ойртож байгааг бид харж байна. Ази, Европ тивийг холбох хамгийн дөт замналтай Монгол Улс нь бусад улс орнуудтай тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тууштай, идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?