📅

Бага хурлын өмнөх баахан уулзалт

🕔 2017/09/21 13:48

Бага хурлын өмнөх баахан уулзалт

 

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ хурлаас тодрох Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой үйл явдлууд МАН-д өрнөж байна.

 

МАН-ын ахмадууд "дундын хувилбар”-ыг дэмжихүй гэжээ

 

МАН-ын дарга М.Энхболд уржигдар намынхнаа хүлээж авч, нэлээд уулзалтыг хийсэн байна. Хөдөлмөрийн баатар П.Дамдин гуай нарын ахмадууд нь МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж Ерөнхий сайдад хэнийг дэмжих талаар байр сууриа илэрхийлж, зарим зөвлөгөөг өгчээ. Тэд "...У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж намынхаа бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Бид ч дэмжиж байгаа. Дундын хувилбар гэдэг юм яриад байна. Тийм хувилбар явахгүй” гэцгээсэн байна.

 

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад хэнийг дэмжихээ албан ёсоор мэдэгджээ

 

Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан 30 гишүүн бий. Дээрээс нь ээлжит бус чуулган дээр огцруулах кноп дарж гишүүд нэмэгдсэн. Тэгвэл эрхэм гишүүд уржигдар МАН-ын дарга М.Энхболдод дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэмжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн бланкан дээр гарын үсгээ зурж, "...У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн бичгийг намын даргадаа хүргүүлжээ. Уг бичигт 30 дахь Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан Ч.Хүрэлбаатар, мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд нар гарын үсгээ зурсан байна.

 

Их тэнгэрийн "хоол”-ны үеэр ийм яриа болжээ

 

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч уржигдар орой Ихтэнгэрийн аманд Засгийн газрын гишүүдээ, ээлжит бус чуулган дээр засгийг хамгаалж саналаа өгсөн УИХ-ын гишүүдийг хүлээж авчээ. Тэд оройн хоол идсэн нь тэр аж. Улстөрчид ийм арга хэмжээгээ "хоол” хэмээн нэрлэдэг юм. Энэ "хоол”-ны үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч "...Биднийг унагасан хүмүүст хариуг нь барих хэрэгтэй. Одоо бид У.Хүрэлсүхийг унагах ёстой” гэж ярьжээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар "...Ерөнхий сайд аа, одоо шатаад хэрэггүй. Ингэж өс санаж болохгүй. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Хүмүүс таныг яаж буухыг чинь харж байгаа. Энэ удаа юу ч хийгээд нэмэргүй. Тийм учраас гишүүдийн олонх, олон нийтийн дэмжиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжээд явах нь зөв. Нөгөө 33 гишүүн гэхэд л хатуу байр суурьтай хэвээр байна шүү дээ” гэжээ. Дашрамд хэлэхэд уг уулзалтад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт очоогүй байна.

 

"Хоол”-ны дараах тохироо буюу Бага хурал дээр гурван нэр дэвшигч өрсөлдөх нээ

 

Энэ арга хэмжээний дараа гишүүд хотын төвд хэд хэдэн уулзалтыг хийжээ. Эрхэм гишүүдийн нэлээд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг дээр тохирчээ. Ө.Энхтүвшингийн хувьд өмнө нь МАН-ын дарга байсан. Гэсэн атлаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд болно гэж зүтгэж яваагүй. Ерөнхийлөгчид ч нэр дэвшилгүй намынхаа гишүүдэд боломж олгож байсан дарга юм. Мөн УИХ-ын сонгуульд намаа олонх болгоогүй гээд намын даргаа ажлаа өгч байв. Энэ мэт нь Ө.Энхтүвшинг ийм цаг үед Ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн гэсэн сонголтыг бий болгосон гэлцэж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ч "...Би өрсөлдөн” гэж намынхандаа хэлжээ.

 

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд бас Ерөнхий сайд болно гэж байгаа юм. Өмнө нь "...Монголд ирлээ” гэж байсан ч ирэхээ хойшлуулаад байсан С.Баяр өөрийн найз Н.Энхболдынхоо дуудлагаар уржигдар "Чингис хаан” ОУНБ-д буусан байна. Үнэнийг хэлэхэд С.Баяр ирээд ч Н.Энхболдыг Ерөнхий сайд болгоно гэдэг тун хүнд болсон аж. Учир нь С.Баярын фракц гэгддэг байсан Сү.Батболд нарын гишүүд Н.Энхболдоос өөр хүнийг Ерөнхий сайдад дэмжихээр болоод байгаа билээ.

 

С.Баяр Монголд буунгуутаа Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын гишүүдийг дуудаж, Н.Энхболдыг Ерөнхий сайдад өрсөлдүүлэх бодолтой байгаагаа хэлжээ. Тэд санал солилцсон байна. Уг нь С.Баяр цагтаа Н.Энхболдыг зүтгүүлж болох бүхэнд нь зүтгүүлж байсан байдаг. С.Баяр нь Н.Энхболдыг УИХ-ын даргад зүтгүүлээд "хор” ихдүүлсэнээс болж, тэр суудлыг нь Д.Дэмбэрэлд алдчихаж байсан түүх бий. Бас Н.Энхболд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлын үеэр Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, Сү.Батболдын оронд Ерөнхий сайд болно гээд явж байсан үе ч байгаа. Дахиад үзэж байгаа нь энэ юм. Түүнчлэн Н.Энхболд МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж "...Би улс төрд удаан явлаа. Өмнө нь УИХ-ын дарга болохоос нэрээ татаж явсан. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Та дэмжих үү” гэжээ.

 

Эндээс үзвэл, МАН-ын Бага хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд өрсөлдөхөөр болж байгаа бололтой.

 

С.Баяр У.Хүрэлсүх хоёр уулзав

 

Уржигдар орой Элчин сайд С.Баяр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй уулзжээ. Тэд ирэх даваа гаригт болох МАН-ын Бага хурлын талаар санал солилцсон гэдэг мэдээлэл байна. С.Баярын хувьд Н.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр Монголд ирсэн гэж байгаа. Гэтэл Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ нийтэд зарлачихсан яваа. Тэгэхээр энэ хоёрын дунд ямар яриа хөөрөө болсон нь сонирхолтой байгаа юм.

 

Д.Хаянхярваагийн санал, М.Энхболдын зөвлөгөө

 

Хэд хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболдтой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уулзсан байгаа юм. Д.Хаянхярваа "... Дарга аа, би Ерөнхий сайдад өрсөлдье. Би чинь Бүлгийн дарга хүн шүү дээ” гэж. Харин МАН-ын дарга М.Энхболд "...Чи өрсөлдөөд хол явахгүй ээ. Бүлэг доторх нэр хүндээ хар” гэсэн хариултыг өгчээ. М.Энхболд даргын энэ үг хариулт гэхээсээ зөвлөгөө болжээ хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.

 

Corporate-ийн уулзалтын төлөвлөгөө хэрэгжээд эхлэв үү?

 

Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнг Баянгол зочид буудлын арын  "Corporate” зочид буудалд дуудаж уулзсан байна. Тэнд бас ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байжээ. Ж.Эрдэнэбат "...Ирэх оны нэгдүгээр сард бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Үнэнийг хэлэхэд бид чадахгүй байсан байх. Хэрвээ сонгуулийн үеэр М.Энхболд дарга шахаж байгаад Хүүхдийн мөнгө тараалгаагүй байсан бол болох л байсан байх. Явж явж манай Засгийн газрыг огцруулсан нь бидэнд зөв юм болчих шиг боллоо” гэхэд Б.Чойжилсүрэн "...Тийм ээ, бид чадахааргүй нөхцөл үүссэн” гэсэн байна.

 

Энэ уулзалтын үеэр "...Хүүхдийн мөнгийг ирэх онд бүтэн өгөх, багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиас доошгүй хувиар нэмэх, УИХ-ын гишүүн бүрийн тойрог бүрт 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөг зарцуулах шийдвэрийг гаргаж орхих хэрэгтэй. Энэ бүхнийг дараагийн Засгийн газар өөрсдөө хасна биз” гэсэн яриа болсон гэх мэдээлэл байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?