📅

Засгийг огцруулах бичиг замдаа саатах вий

🕔 2017/08/24 09:13

       

Засгийг огцруулах бичиг замдаа саатах вий

 

        М.ЭНХБОЛД ЗУГТАВ

Т.Аюурсайхан нарын 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгээ өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт хүлээлгэн өглөө.

УИХ-ын дарга М.Энхболд уржигдар гэнэт гадаг­шаа нисчихсэн уч­раас гишүүд саналаа ийн УИХ-ын дэд даргад өгчээ. М.Энхболдын бие мууд­сан гэдэг тайлбарыг өчиг­дөр эх сурвалж өгч байна.

Уг нь УИХ-ын дарга га­даг­шаа, дотогшоо томи­ло­л­тоор нисэхдээ заавал захирамж гаргаж, дэд дарга нартаа ажил албаа гүй­цэтгэхийг даалгадаг байна. Харин М.Энхболд энэ удаад ямар ч захирамж гар­галгүй, хэл чимээгүй нисээд явчихжээ.

Гэхдээ Я.Санжмятав УИХ-ын дэд даргынхаа бү­рэн эрхийн хүрээнд энэ бичгийг хүлээн авч бай­гаагаа хэлнэ лээ.

Эрхэм гишүүд юутай ч санасандаа хүрч, Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгээ өргөн барьж чадлаа. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн яриад байгаа шиг Үндсэн хуульд заасныг баримтлан 15 хоногийн дотор ээлжит бус чуулганыг хуралдуулах болов уу. Энэ эргэлзээтэй байгаа юм.

Хэрвээ М.Энхболд тэгэх байсан бол Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичгийг өнөөдөр өргөн барина гэдгийг мэдэнгүүтээ өмнөх өдөр нь нисээд явчихдаг нь хачирхалтай.

Хамгийн гол нь өөрийн эрх үүргийг хэрэгжүүлэхийг даалгадаг уламжлалт захирамжийг гаргалгүй ниссэн нь анхаарал татаж байгаа юм.

Харин хүмүүсийн ярих нь, М.Энхболд дарга зугтчихлаа гэж байна.

 

                Ц.НЯМДОРЖ БУЛТАВ

Нөгөө талаас огцруулах бичгийг өргөн барьж буй гишүүдийн саналыг УИХ-ын дэд дарга, журмынх нь нөхөр Ц.Нямдорж авсангүй.

Яг үнэндээ хэвлэлээр хэрэлдсэнээс хэтрээгүй байсан Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрын зөрчлийг хурдасгасан "этгээд” бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мөнөөс мөн. Тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын маргааш телевизээр 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш болох тухай, Засгийн газар, намын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой талаар дэлгэрэнгүй ярьж, уугиж байсан цогийг улаан гал болгож орхисон. Араас нь Н.Номтойбаяр сайдын ярилцлага, 60 тэрбумын А.Ганбаатарын мэдээлэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн мэдэгдэл, ингэсээр өчигдөр зөрчил тэмцэл бодитойгоор биежсэнийг баталж 30  гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барилаа.

Харин энэ 30 гишүүн дунд өнөөх Ц.Нямдорж даргын нэр алга. Ер нь бол гарын үсэг зурсан гишүүдийн дийлэнх нь анх удаа, дээд тал нь хоёр дахиа сонгогдож байгаа хүмүүс зонхилжээ. Тулхтай гишүүд яаран сандран гарын үсгээ зураагүй ажээ. Гэхдээ гишүүн л бол гишүүн. Адилхан л бүрэн эрхтэй, кнопын хүчтэй субьект юм.

Гэлээ ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ удаад бултаад үлджээ. Тэрээр энэ санал үр дүнд хүрэхгүй гэж тооцов уу. Аль эсвэл гарын үсгээ үнэд хүргэх гээд гүрийгээд үлдчихэв үү гэдэг асуулт тавигдаж байна.

 

                МАШ "АЮУЛ”-ТАЙ 10 ГИШҮҮН БАЙНА

Ер нь бол Ерөнхий сайдыг огцруулах саналд нэгдэж байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурахаа мэдэгдсэн гэгдээд байсан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, М.Билигт, Л.Мөнхбаатар, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Б.Ундармаа, Л.Энх-Амгалан нарын  арваад гишүүн гарын үсэг зураагүй байна.

Гэхдээ тэд Засгийн газрын талынханд бол маш аюултай хүмүүс. Учир нь нэгэнт зурчихсан 30 гишүүн бол нөгөө талдаа гарчихсан гэсэн үг. Харин дээрх арваад гишүүн яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, эвгүйтвэл түлхээд унагачих гээд байгаад л аюул нь байгаа юм.

УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаад энэ асуудал хэлэлцэгдвэл "...Ж.Эрдэнэбатыг огцруулъя” гээд кнопоо дарахад бүрэн бэлтгэгдсэн гишүүд байгаа юм. Энэ гишүүдийг харвал Ц.Нямдоржийн буюу Увс, Сү.Батболдын, С.Баярын гэгдэх хүмүүс үлдсэн харагдаж байна. Тэд маш хашир байна.

Өөр бас нэг мэдээлэл явж байгаа. Өнгөрсөн баасан гаригаас хойш Засгийн газрын гишүүд дээрх мэтийн аюултай гишүүдийг хуваарилж аваад тулж ажиллаж байгаа тухай мэдээлэл Төрийн ордноос нисээд гадуур яригдаж байна. Товчхондоо, тойрогтоо,  хувьдаа ямар асуудал шийдүүлэх вэ гээд шууд тулсан гэж ярьж байна. Хэрэв энэ үнэн бол дээрх арваад гишүүний зарим нь иймэрхүү "татгалзахын аргагүй санал”-ыг хүлээгээд авчихсан ч байж мэднэ.

 

                ЗАСГИЙН ГАЗАР "ОВОО”-ГОО БОСГОСОН

Ерөөс МАН-ын 65 гишүүнээс 30 нь гарын үсэг зурна гэдэг яалт ч үгүй Засгийн газарт асуудал байна гэсэн үг. Учир мэдэх улсын ярих нь нэр бүхий хэдэн сайд хамаа замбараагаа алдсанаас энэ бүхэн үүдэлтэй гэж байна. Шуудхан хэлэхэд, Засгийн газар зарим томилгоо, сонгуулийн амлалттай холбоотой алдаа, зарим сайдын хувийн эрх ашгийг дэмжсэн шийдвэрүүдээ сайтар бодож хийх ёстой байсан юм.

Одоо хар. Сүүлийн хэд хоногт Засгийн газрын ашиг сонирхол оролцсон гэх хэчнээн ч ордын нэр дуулдав даа. Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ, "Хүрэл үнэг” ордын хөрөнгө оруулалтын асуудал, тогтвортой байдлын гэрээний тухай их яригдаж байна. Бас энэ оны тавдугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны зургадугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд "Эрдэнэс Тавантолгой”, Жижиг "Тавантолгой”-н дундын мөргөцгийг нууцаар олборложээ.  Хөндлөнгөөс харахад хоёр тал хуйвалдаж, үүнийгээ бусдад мэдэгдэхгүйн тулд жижиг Таван толгойн талаас олборлолт хийж, экспортод гаргасан гэж байна.

Гэхдээ энэ ажилд Засгийн газрын зүгээс гар бие оролцсон гэдгийг өчигдрөөс дээр дооргүй л ярьж байна. Тодруулбал, хоёр Тавантолгойн уурхайн хоорондын мөргөцгөөс 260 мянган тонн нүүрс олборлож борлуулсан байгаа юм. Энэ нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 18.980.000 сая ам.долларын нүүрс болно. Гэхдээ энэ нүүрс, энэ мөнгө аль ч уурхайд нь бүртгэлгүй алга болжээ. Бараг 19 сая ам.доллар шүү дээ.

Ер нь Засгийн газарт ажиллаж байгаа зарим хүн уул уурхайтай холбогдсон гэдэг барим тавим асуудлууд жилийн өмнөөс сонсогдох болсон нь нууц биш юм.

Түүнчлэн элдэв ордууд, тэр тусмаа нүүрснээс унадаг тэр их ашгийг ард түмэн бус эрх баригч болж, албан тушаалд хүрсэн цөөн хэдэн хүн хүртдэг болсоор удаж байгааг бүгдээрээ л мэддэг.

Энэ мэтчилэнгийн Засгийн газарт дэгээ болж буй асуудал зөндөө бий. Бичээд байвал гарч ирээд л байна.

         

                МАН-ЫНХАН ЗАСГИЙН ГАЗРАА УНАГАЧИХААД АН-ТАЙ ХАМТРАХААР ТОХИРСОН УУ?

Сөрөг хүчин, АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын дэд дарга болсон Я.Санжмятав хүлээж авлаа. Тэр тун баяртай байна лээ. Т.Аюурсайханаар тэргүүлүүлсэн МАН-ын арваад гишүүнийг ороод очиход суудал дээрээ тогтож сууж чадахгүй гэгэлзээд л...

Яагаав, удтал хүлээсэн хүн яаж догдолдог билээ дээ. Я.Санжмятав яг л тийм байсан.

Энд нэг зүйлийг заавал хэлэх хэрэгтэй. МАН УИХ-д 65 суудалтай. Төрийн эрхийг үнэмлэхүй баригч нам. Гэтэл энэ намын гишүүд өөрийнхөө Засгийн газрыг огцруулна гээд УИХ-д есхөн суудалтай сөрөг хүчиндээ өргөх бичиг бариад зогсож байх ч тоогүй л харагддаг санж. Хөөрхий дөө, энэ намын эр бяр, ид хав "нет” болсон харагдана лээ.

Ер нь МАН-ынхан намаа 90 гаруй жилийн түүхтэй өвгөн нам гээд сурталчилаад байдгаас асуудал тарьдгаараа АН-аас дээрдээд байх юм алга. МАН-д болж буй үйл явдлууд ихэвчлэн АН-д болоод өнгөрсөн юмнууд байдаг.

Засгийн газраа унагаадагаараа АН зартай. 2014 онд тэвчилгүй хэл амтай л болохоос хийгээд байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасныг хүмүүс мартаагүй байх. Олон нийт АН-ыг Засгийн газраа унагалаа гээд байдаг юм. Гэтэл МАН-ынхан огцруулах санал өргөн бариад АН-ынхан өөрсдөө огцруулчихсан юм.

Энэ удаад ч ялгаа алга харагдаж байна. МАН-ын гишүүд өргөн барилаа. Харин Ж.Эрдэнэбатыг хэрхэхийг АН-ынхан шийдэхээр дүр зураг харагдаж байна.

Тиймээс МАН-ын 30 гишүүний өргөх бичгийн хувь заяа хэрхэх талаар бас нэг мэдээлэл гарч ирэв.

МАН-ын 30 гишүүн АН-аас томилсон УИХ-ын дэд даргад хандлаа. Угаасаа МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулж дөнгөхгүй. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг нь АН-ын найм орчим гишүүн болно. АН-ынхан зүгээр л дэмжээд өнгөрөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эцсийн дүнд МАН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар тохирцгоосон байна гэсэн тооцооллыг зарим хүн хийжээ.

Энэ бас л үгүйсгэж болохооргүй магадлал. Хамаг боловсон хүчин нь гудамжинд гарчихсан АН-д энэ бол тэнгэрийн умдаг л гэсэн үг.

 

                65-ЫН БҮЛЭГ АЛБАН ЁСООР ЗАДАРЛАА

Үйл явц цааш хөвөрнө. Харин ямар үр дүнд хүрэхийг одоогоор тааж хэлэх арга алга. Бодит байдлыг, өрнөсөн үйл явдлуудыг дээр тоймлов.

Гэхдээ үйл явц үргэлжилж л байгаа хойно ямар нэг байдлаар үр дүн гаргаад л явж байна гэсэн үг.

МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулах санал өргөн барьсан. Огцруулж чадна. Аль эсвэл "...Алаагүй ч гэсэн айлгалаа” гэдэг шиг үлдээнэ.

Харин тун бодитойгоор УИХ дахь 65-ын бүдүүн бүлэг задарсныг өчигдрийн явдал зарлалаа. Одоо бол огцруулах бичиг өргөн барьсан 30, дунд нь аюулын дохио хангинуулаад зогсож байгаа 10, М.Энхболд болон Засгийн газрыг тууштай хамгаалагч 25 гишүүн гээд гурван бүлэгт хуваагдаад байна.

Ийм хуваагдалтай­гаар ирэх 2020 оны сонгуульд орвол МАН навс ялагдана. Одоо ч болзлоо хангачихаад байгаа. Тиймээс энэ намынханд ганц л зам бий. Тэд Засгийн газраа унагасан ч, эс чадсан ч нэг л юм хэрэгтэй. Тэр нь удахгүй болох намынхаа Их хурлаар намаа "бариад” явчихаж чадах тийм нэг дарга л олж сонгох юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?