БНАСАУ дайнд бэлдсээр байна
Хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдал, БНАСАУ-аас болж бүс нутагт үүссэн тогтворгүй байдал зэргийг дарахаар АНУ хүч хэрэглэж болзошгүй гэж ОХУ тэргүүтэй зарим орон болгоомжилж байгаа юм. Тэгвэл зарим нь Ким Жон Ун түрүүлж бодлогогүй алхам хийж, Гуамын арал руу пуужин хөөргөн дайн дэгдээнэ гэж түгшиж буй.
Түүнчлэн өнөөдөр Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг Ким Жон Ун цөмийн цэнэгт хошуу болон пуужингийн хөдөлгүүрийг ихээр үйлдвэрлэхийг үүрэг болгосон талаар мэдээллээ. Хойд Солонгосын удирдагч Үндэсний цэргийн академийн дэргэдэх химийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэндээ зочилжээ. Энэ үеэрээ тэрбээр мэргэжилтнүүддээ дээрх үүргийг өгсөн байна. Удирдагч Ким үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, хүрээлэнгийн ажилд өндөр үнэлгээ өгчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон саяхан НҮБ-ын тогтоолын дараа БНАСАУ түрэмгийлсэн үйл явцаа багасгасан гэсэн юм. Тэгвэл Ким тийм амархан бууж өгөөгүй бололтой. Тагнуулын мэдээгээр БНАСАУ Гуам руу өгөх цохилтын бэлтгэлээ өчигдөр дуусчээ. АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд байрлаж байгаа энэ бааз руу Ким дөрвөн ширхэг дунд тусгалын баллистик пуужин харвана гэсэн билээ. Судлаачдын таамаглаж байгаагаар, "Хвасон-12” пуужингаар цохилт өгч, цэргийн баазын ажиллагааг саатуулах гэж байгаа аж.
Тэгвэл АНУ Хойд Солонгосыг "Дэлхий дахин өмнө нь харж байгаагүй зүйл болно” гэж сүрдүүлсэн билээ. Доналд Трампын хэлсэн энэ үг Ким Жон Уныг түрэмгий үйлдлээ улам нэмэхэд хүргэж байна гэж олон хүн Ерөнхийлөгчөө шүүмжилсэн юм. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон үүнийг "Хойд Солонгосын удирдагч дипломат ёс мэдэхгүй. Түүнтэй хүн шиг яриад ойлгодоггүй учир ингэж хэлэхээс өөр арга байхгүй” гэж тайлбарласан.
Энэхүү хурцадмал байдал дээр нэмэгдэн уржигдар АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэлсэн нь БНАСАУ-ыг улам бухимдуулжээ. Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам дордуулж, өдөөн хатгасан үйлдэл хийж байна гэж үзсэн Ким Жон Ун АНУ, Өмнөд Солонгосыг шийтгэлээс бултаж чадахгүй гэж сүрдүүлсэн юм.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч энэ сургуулилтыг Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдлыг намжаахад чиглэгдээгүй, жил бүрийн уламжлалт үйл ажиллагаа гэжээ. Хойд Солонгос хэзээ ч пуужин харваж, өдөөн хатгалга явуулж магадгүй байгаа учир АНУ, БНСУ хоёр сонор сэрэмжээ дээшлүүлээд байгааг хамтарсан сургуулилт эхлэхэд Америкийн цэргийн командлал мэдэгдсэн билээ.
О.Чанцалдулам