📅

Сонгуулийн дараа “Хүүхдийн мөнгө” үргэлжлэх эсэх нь падгүй…

🕔 2016/01/14 11:01

Сонгуулийн дараа “Хүүхдийн мөнгө” үргэлжлэх эсэх нь падгүй…2004 оны сонгуулиар эхэлсэн бэлэн мөнгө олгох амлалт даамжирсаар 2005 оноос сар бүр нэг хүүхдэд улсын төсвөөс 3000, улиралд 25 000 төгрөгийг алт, зэсний гэнэтийн ашгийн татвараас санхүүждэг "Монгол Улсыг хөгжүүлэх сан” –гаас олгодог болсон түүх бий. Ингэж нэг хүүхдэд сард дунджаар 11 мянга орчим төгрөг олгоод эхэлсэн чинь Монгол Улсын хүн ам өсөөд байна гэж Үндэсний статистикийн хорооныхон дэврүүн гэмээр мэдээлэл хийж байв. Юутай ч гэсэн "шинэ гэр бүлийн мөнгө” олгох шийдвэр гарахад улсын хэмжээнд жилдээ 15 мянган өрх нэмэгддэг байсан олон жилийн дундаж тоо шууд 30 мянгад хүрээд, мөнгөө авсаныхаа дараа гэр бүлийн салалт хэдэн мянгаар нэмэгдсэн гэдэг статистикийн эмгэнэлтэй дүн байдгийг нуух аргагүй юм.

Хүүхдэд олгодог мөнгө чухам хэрэгцээ, шаардлагатай байгаа айл өрхдөө хичнээн нэмэр тус болж байгааг мартах аргагүй, бас 20 мянган төгрөгийн төлөө банкны салбарт бусадтай адил дугаарлан зогсохоо ч түвэгшээдэг иргэд байдагтай маргах учиргүй. Хамгийн гол нь хүүхдийн мөнгө төдийгүй ер нь бэлэн мөнгө олгох, халамж үзүүлэх гэдэг асуудлаар манай улс төрчид иргэд биднийгээ мөн ч их "бөмбөрүүлж тоглох” юм даа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны сүүлчээр УИХ-д мэдээлэл хийхдээ, 2016 оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд чиглүүлэх болно гэж мэдэгдэв. Тэр үед улс орны эдийн засгийн байдал " сэхээнд орчихоод байгаа” ийм үед ёстой л "нүдээ олсон зорилт” гэж үзэж буйгаа олон гишүүд илэрхийлж байлаа. Ингээд Засгийн газар, Яам, агентлагууд элдэв судалгаа явуулж, дүгнэлт гаргасны эцэст өрхийн амьжиргааны түвшин гэдэг үзүүлэлтээр мөнгө олгох сая гаруй хүүхдээ дотор нь 20 бүлэгт хуваагаад, 1-17 дугаар бүлгийн хүүхдэд олгохоор тогтсон байна. Бүлгүүд хоорондоо хэрхэн ялгагдаж байгаа тухайд нь юу юу гэнэв ээ, өнгөт зурагттай бол амьжиргааны түвшин гайгүй, нэг өрөө сууцанд амьдардаг бол боломжийн, дээд мэргэжилтэй бол ажилгүй байсан ч хангалуун, 1 сая төгрөгийн орлоготой бол дээгүүр түвшнийх гэх жишээний эгэл хүмүүн бид даруй ойлгоход бэрхтэй үзүүлэлтээр жагсаалт гаргаж, үүний дагуу УИХ-аар 2016 оны Улсын төсвийг батлахдаа нийт хүүхдийн 60 хувьд л мөнгө олгохоор шийдвэр гаргаж, ингэхдээ төсөвт 144 тэрбум төгрөгийн эх үүсвэр суулгасан билээ.

Он гарсны дараа "гэнэт боджээ суусан чинь” гэдэг шиг юм болж, төрийн тэргүүн хүүхэд бүрт ялгаваргүйгээр мөнгө олгох талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёртой зөвшилцсөн тухайгаа твиттертээ жиргэж, өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Хүний хөгжил сангаас МУ-ын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ хурал дээр хууль санаачлагчид, Сангийн сайд Б.Болор нар мэдээлэл хийхдээ бүх хүүхдэд энэ оны наймдугаар сар хүртэл мөнгө олгох боломж байгаа, дутвал тэр үед нь тодотгол хийчихнэ, бид өмнө нь тооцоолчихсон л байсан шүү дээ гэх маягийн хариулт өгч, гишүүд ч дэмжлээ.

Засгийн газар ингэж мөнгө олгох хүүхдийнхээ тоог нэмэгдүүлье гэсэн санал оруулж ирсэн боловч, төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэжээ. Ингэхээр нэг хүүхдэд олгох мөнгө 20 мянгад хүрэхгүй болж байна. Энэ тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан "Бид 2016 оны төсвөө 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Яг энэ байдлаар бол тодотгол хийхээс өөр аргагүй болчихлоо. Тодотгол орж ирэхгүй бол байгаа мөнгөө бүх хүүхдүүддээ хувааж өгнө гэсэн үг. Энэ удаа тодотголд орлого нэмэгдэх боломж харагдахгүй байна "гэж мэдэгдлээ.

Хүүхдийн мөнгөний эргэн тойронд элдэв хэл маргаан хөвөрч байна. "АН-ынхан хүүхдийн мөнгийг хасна гэж айлгаж байгаад сонгуулийн жил гармагц хүүхэд ялгаварлахгүй нэмэх шийдвэр гарган буянтны дүрд тоглолоо” гэсэн яриа гарлаа. Бас МАН-ынхан гэнэт сэрсэн мэт загнаж, "Хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөгт хүргэх боломж байгаа”гэж мэдэгдэв. Ямар ч л гэсэн улс төрчид маань Улсын төсвийн хууль зөрчиж бүтэн жилд зарцуулах учиртай хүүхдийн мөнгийг оны эхний найман сард зарцуулж дуусгахаар санаа нийлцгээжээ. Тэдэнд сонгууль дууссан хойно юу болох нь хамаагүй болж байх шиг байна. Уг нь иргэд та бид чадалтайсан бол "хүүхдийн мөнгө” энэ тэр гэж хэдэн улс төрчдөөр сэтгэл зүйгээрээ байнга тоглуулж байхын оронд "салаавч” өгмөөр байна, даанч эд биднийг дэндүү их туйлдуулчихсан юм л даа.

Эх сурвалж: Politik.mn Ж.Эрдэнэцогт

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?