📅

Офшорчид мөнгөө оруулж ирэхэд 37 хоногийн хугацаа үлдлээ

🕔 2017/08/04 10:14

-Ерөнхийлөгч офшорчдод 49 хоногийн хугацаа өгсөн ч оруулж ирэхгүй бол ямар хариуцлага тооцох нь бүрхэг байна-

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан офшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Эл хугацаа дуусахад 37 хоног үлдчихлээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийг энэхүү мэдэгдлийг хийсний дараа олон нийт хийгээд улстөрийн хүрээнийхэн ихэд балмагдаж байсан.

Өөрөөр хэлбэл, татваргүй бүсэд мөнгөө аваачиж нуусан офшорчдыг "Долоон долоо 49 хоногийн дотор тэр нуусан, хаасан юмнуудаа олж ир. Эс бөгөөс миний сэлэм гялс" гэж зарлигдсан учраас олон хүн айсан хэрэг. Хэдийгээр тэрбээр, тэр, энэ гэж нэр цохож баалаагүй ч офшор данстай хүмүүсийн нүүр улайж гар хуруугаараа оролдсон тухай "овт шаар”-нуудтай зэрэгцээд зогсож байсан олон хүн гэрчилж байв.

Юутай ч Ерөнхийлөгчийн дээрх үүргийг өгөхдөө зангидсан хөмсөг тэнийх эсэх нь 49 хоногийн дараа шийдэгдэх нь. Гол нь, шийдэгдэж чадвал офшор бүсэд нуугдсан 10 гаруй тэрбум ам.доллар Монголд орж ирэх ба энэ нь манай улсын гурван жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний их хөрөнгө ажээ.

Үүн дотор лав С.Баярцогтын 1 сая ам.доллар, Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь 1.1 тэрбум ам.доллар байгаа гээд бодохоор 49 хоногт багтаж бусад нь биш юм аа гэхэд мань хоёрын мөнгө орж ирэх нь тодорхой болж байна. Түүнийг офшорт хэдий хэрийн ам.доллар хадгалуулсан байгаа тухайг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Гантулга нарын хүмүүс төрийн ордонд мэдээлэл хийж байсныг хүн бүр санаж буй биз.

Дээрх нэр бүхий хоёр хүний хөрөнгийг тооцож үзвэл, офшор дахь мөнгөний хэмжээ л гэхэд монголчуудын нийт цалин, тэтгэврийн өрний талыг нь элбэгхэн дарчихаар юм билээ.

Угтаа бол манай офшортнууд бүгд мөнгөө татчихвал Монгол Улс түүхэндээ байгаагүй гадаад валютын нөөцтэй болж, импортын бараа таваарын үнэ навс бууж, төгрөг маань томорч, цалин хангамж нэмэгдээд, америкчууд шиг л аж төрөх бүрэн боломж нь байсаар байна. Солонгос, Чех рүү явж хар ажил хийлгүй, харин тэднийг авчирч ахин сэргэсэн оёдлын үйлдвэр, арматурын цехүүдэд ажиллуулна гээд л мөрөөдөл хөвөрмөөр.

За тэгээд, амьдрал сайжирсан болохоор юу эсийг хийх билээ, ард түмний амьдрах хүсэл үмх талханд санаа зовохоо больсон хүмүүсийн толгой илүү сайныг сэтгэж, эх орноо хөгжүүлнэ гээд бодохоор Ерөнхийлөгч Х.Баттулгын "49 хоногийн таталт”-нд талархаад баршгүй.

Гэхдээ энд нэг асуудал, асуулт бий. Манай офшортнууд хариас мөнгө босгоод тэр сонин Бермудын гурвалжин шиг бүсүүдэд аваачаад нуучихсан гэвэл түүн шиг худал юм үгүй. Тэгэхээр гэмт аргаар олсон мөнгөө л харьд аваачиж нуусан гэсэн үг. Тиймээс одоо мөнөөх офшортой хүмүүсийн ар гэр, ах дүү, хамаатан садан хамаг байдаг хүмүүсийн халаасыг шалгаж, зарцуулалтыг нь хяная. Амьд хүн л юм хойно мөнгө зарцуулж л таараа.

Гэхдээ тэр зарцуулалт нь хаанаас эх үүсвэртэй вэ гэдгийг хэсэгхэнийг хянахад л гараад ирэх байх. Тухайлбал, УИХ дахь офшорын эсрэг лобби бүлгийн дарга. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан лобби бүлэгт эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, "Швейцарын банканд нэлээд их хэмжээний мөнгө нуусан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ бүхнийг бид холбогдох хууль хяналтын байгууллагатай нь хамтран нягтална” хэмээсэн.

Яг үнэндээ 1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компанийн хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр байгаа. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг офшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан.

Тиймээс л хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч офшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард боловсруулсан ч төдийлөн амжилт олоогүй байгаа.

Тиймээс л Ерөнхийлөгчийн офшорчдод өгч буй 49 хоногийн хугацааны 12 хоног нь өнгөрлөө. Энэ хооронд ямар ахиц гарав гэдэг нь ч анхаарал татна. Ерөнхийлөгч офшорчдод 49 хоногийн хугацаа өгсөн ч оруулж ирэхгүй бол ямар хариуцлага тооцох нь бүрхэг байна. Үнэхээр Монгол Улсын төр НҮБ-ын конвенцэд нэгдсэн нь үнэн бол уг асуудлыг шийдэх гарц ойрхон л байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?