📅

ХАН ХӨХИЙ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ

🕔 2017/07/28 15:31

ХАН ХӨХИЙ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийг томилон илгээсэн юм.
 
Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн томилогдож, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн С.Жавхлан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч генерал  Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц нарын зэрэг хүмүүс багтаж байгаа юм.
 
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн уншиж сонордууллаа.
 
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцогчдод зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтэд:
 
"Хан Хөхий хайрхны тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн ард иргэд ээ,
 
Та бүхэндээ улаагчин тахиа жилийн дэлгэрэх зуны адаг хонин сарын шинийн тавны дашнямтай, дүүрэн бэлгэтэй, өлзий ерөөл бүрдмэл өдрийн мэндийг айлтган дэвшүүлье.
 
Уулын тэнгэрийг тайх ёс бол тэнгэр газарт шүтэж, уул усаа түшиж ирсэн нүүдэлчин монгол түмний байгаль дэлхийн жам ёсноо зохирон аж төрөх ухаанаас үүдэн бүрэлдсэн, байгалийн хатуу жамыг аргадсан, ээл ивээлд биширч, хүндэтгэл дээдлэлээ үзүүлэн, уул усны эздийг урин залж, баясган цэнгүүлж, эгээрэл даатгалаа талбин буй цагийн цагт хадгалсаар ирсэн уламжлалт зан үйл билээ.  
 
Өвгөд дээдсээс өвлөж, цэнгүүлэн тахиж ирсэн Их эзэн Чингис хаанаас улбаат их цагаан туг улс Монголын заяа буяныг өөдлөөн дэвжээж, золбоо хийморийг өргөж, сүлд шүтээнийг хамгаалан хадгалж ирсэн Хан Хөхий хайрхан уул монгол нутгийн сав шимийг тэтгэж, хүн зоныг дэгжээж байна.
 
Хан Хөхий хайрхны өндөр хөх тэнгэр өвч их биеийнхээ өгөөж шимийг харамгүй хайрлаж, ар өвөр биеийг тань түшсэн ард олноо өмөглөн дэвжээж, хажуу хавирга суунд тань шүтсэн хамаг олон түмнээ нөмөрлөн хамгаалах болтугай.
 
Мөнх тэнгэрийн хүч, уул усны өгөөж тэтгэл, өвөг дээдсийн сүр сүлдийн ивээлээр төр улс минь хүчирхэгжин мандаж, түмэн олон минь төвшрөн жаргах болтугай.
Хурай, хурай, хурай” хэмээжээ.
 
Мөн энэ үеэр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат Хан хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсголоо.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?