📅

60 тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовын амь насанд заналхийлжээ

🕔 2017/06/14 12:48
 60 тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовын амь насанд заналхийлжээ

-БИЧЛЭГ ЗАДРУУЛАХГҮЙ БАЙХААР ТОХИРОЛЦОЖ 20 САЯ ТӨГРӨГ 
ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ИЛ БОЛЛОО-

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Энэхүү бичлэгийг тухайн үед МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу хийсэн байдаг.

Г.Доржзодов гэж хэн бэ? Тэрээр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. ОХУ-ын нэгэн их сургуульд Улс төр судлаачийн анги дүүргэсэн. Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжилтнээр ажиллаж байгаад нэгэн хувийн компанид шилжин ажиллажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү бичлэг нь МАН доторхи хагарлын улмаас олон нийтэд задарсан ба Г.Доржзодовыг дээрх бичлэгийг олон нийтэд тараахгүй байхыг хүсэж Ц.Сандуйн туслах А.Ганбаатар 20 сая төгрөг шилжүүлсэн баримт өчигдөр олон нийтэд ил болсон юм.

Зураг: Г.Доржзодов Голомт банкны дансаар А.Ганбаатараас 20 сая төгрөг авсан баримт.

Дээрх бичлэг задрах хүртэл болсон үйл явдлын талаар Г.Доржзодов хуулийн байгууллагад дэлгэрэнгүй тайлбар өгсөн байдаг. Тухайлбал, анх 2014 оны долдугаар сарын 2-ны өдөр А.Ганбаатар түүнтэй уулзаж аман гэрээ хийсэн байна. Мөн оны 9-р сард МАН-тай гэрээ байгуулж, Стратеги хариуцсан захирлын албан тушаалд очжээ. Түүний дараа намын удирдлагууд 90 минутын уулзалт хийх үеэр дээрх бичлэг хийгдэж, уулзалтын дараа Г.Доржзодовын боловсролын баримт гэрчилгээг барьцаалан авч үлдсэн аж.

Г.Доржзодов олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс дээрх уулзалтын бичлэгээс таслан авч, www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулсныг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян дүрсжүүлж, хэвлэлийн хурал хийн, олон нийтэд түгээжээ.

Зураг: Г.Доржзодов А.Ганбаатар нарын мессеж

Зураг: Г.Доржзодов А.Ганбаатар нарын мессеж

-ХЭРВЭЭ ДАРГА ЗӨВШӨӨРВӨЛ ЧАМАЙГ УСТГАХАД ЯДАХ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖЭЭ-

МАН-ын 60 тэрбумын бичлэг олон нийтэд ил болсны дараагаас сөрөг хүчний зүгээс энэхүү бичлэгийг шалгуулах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын бүх шатны байгууллагад хүргүүлсэн байдаг. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, энэхүү бичлэгт гарсан дуу хоолой нь нэр бүхий этгээдүүдийнх мөн болох нь тогтоогдсон. Гэвч УИХ-ын сонгуулийн дараагаас бичлэгтэй холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын газраас шалгахаас татгалзсан хариу өгсөн байна.

Дээрх бичлэгийг хийсэн Г.Доржзодовт бичлэг эвлүүлсэн гэх үндэслэлээр 2016 оны 8-р сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 201625022125 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Түүнд холбогдох хэргийг шалгах явцад буюу 9-р сарын 14-ний өдөр цагдаа нар Г.Доржзодовыг анх гэрийнх нь гаднаас баривчилж авч явсан аж. Энэ үеэр А.Ганбаатар Доржзодовт хандаж "Хэрвээ дарга зөвшөөрвөл чамайг устгачихаад ядах юм байхгүй” хэмээн түүний амь насанд заналхийлсэн байна. Иймд Г.Доржзодов өөрийнхөө амь насыг хамгаалах үүднээс Ц.Сандуй руу "Viber”  ашиглан мессэж илгээжээ.

Тэрбээр мессэждээ "...Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минутын бичлэг, 160 слайд бүхий урт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж, нэр төрөө сэргээнэ..."  хэмээгээд өөрт байгаа баримт мэдээллийг хавсарган түүн рүү явуулжээ.

Энэхүү явдлаас долоо хоногийн дараачаас эхлэн Г.Доржзодовын гэрэл зургийг барьсан үл таних этгээдүүд түүний оршин суух байрны гадуур явж сураглан, өглөө бүр байрных нь гадаа ирж орцны үүдийг сахидаг болсон байна. Түүнчлэн эзгүй үеэр нь сантехникийн асуудлаар үл таних хоёр хүн гэрт нь нэвтэрч ороод сэлгүүцээд гарсан, СӨХ-ны ажилтан хаалга тогшиж "Танайх хэнийх гэдэг айл вэ, Ганбаатарынх мөн үү” гэж асууж шалгаах зэрэг хэвийн бус зүйлс ажиглагддаг болжээ.

Мөн А.Ганбаатар нь "Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү” хэмээгээд, түүний гэр бүл хамаатан садныг бүгдийг судалж мэдсэн, гэрийн хаягийг мэддэг тухайгаа ярьсныг Г.Доржзодов дүрсжүүлэн авч үлджээ.

-НИЙТЛЭГ ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАДАГ ТАБЛЕТЫГ ТАГНАХ ТУСГАЙ 
ХЭРЭГСЭЛ ХЭМЭЭН ҮЗЖЭЭ-

Түүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:17 цагт Тагнуулын ерөнхий газрын долоон ажилтан "Ариг” банкны "Кафе бенне”-гээс баривчлан авч явжээ. Энэхүү баривчилгааны учрыг тайлбарлахдаа "Г.Доржзодов нь өөрийгөө тагнаж чагнасан” хэмээсэн байна. Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас Г.Доржзодовын сэтгэц эрүүл эсэхийг тогтоохоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ярилцлага хийлгэсэн ч өнөөдрийг хүртэл дүгнэлт нь гараагүй байгаа аж.

Г.Доржзодовын гэр бүл, амь насанд удаа дараа заналхийлж байна гэж үзсэн учраас тэрээр болсон явдлын талаар олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс "60 тэрбум” нэртэй сайт нээж мэдээлэл оруулж эхлээд байгаа юм.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, Г.Доржзодов нь дээрх бичлэгийг хийхдээ хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд ашигладаг ухаалаг таблет ашиглан хийсэн, түүний энэхүү хэрэгслийг Тагнуулын ерөнхий газраас тусгай чагнах төхөөрөмж гэж үзэж буй бололтой. Түүнчлэн түүний ашиглаж байсан зөөврийн компьютер, таблет, гар утас, зөөврийн флаш диск зэргийг хураан аваад байгаа аж.

Б.ЦОГ

http://medee.mn/main.php?eid=93858


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?