📅

"Дональд Трамп шударга ёсыг уландаа гишгэж байна"

🕔 2017/06/09 13:44

"Дональд Трамп шударга ёсыг уландаа гишгэж байна"

 

Холбооны Мөрдөх товчооны дарга асан Жеймс Коми Сенатын тагнуулын хороонд мэдүүлэг өглөө. Тэрбээр мэдүүлгийн үеэр өөрийгөө ОХУ-тай холбоотой мөрдлөгийн улмаас халагдсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч түүнийг халсан шийдвэр болон үндэслэл төөрөгдөлд оруулж байна гэжээ. Мөн Жеймс Коми Холбооны Мөрдөх товчооны ажил улс төрөөс ангид байх ёстойг хоёр цаг хагас үргэлжилсэн мэдүүлгийнхээ үеэр онцолсон байна.

Жеймс Коми "Миний дүгнэлтээр бол би ОХУ-тай холбоотой мөрдлөгийн улмаас халагдсан. ОХУ-тай холбоотой асуудлын мөн чанарыг өөрчлүүлэхийг хүссэн учраас би халагдсан. Зөвхөн надтай холбоотой гэдэг талаасаа ч биш ер нь энэ асуудал бол маш чухал юм. Холбооны Мөрдөх товчооны ажлын гол мөн чанар бол бид улс төрд автах ёсгүй. Учруулж болох аюул заналыг нь бодоод үзсэн ч ОХУ-тай холбоотой асуудал бол туйлын чухал юм. Би энэ талаар эртхэн хэлэх ёстой байснаа мэдэж байна. Хэрэв хэн нэгэн америк хүн ОХУ-д тусалсан бол үүнийг заавал илрүүлэх хэрэгтэй. Мюллер дарга энэ бүхний учрыг олно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцоллоо. Харин Жеймс Комигийн мэдүүлгийн дараа Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлэг "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шударга ёсыг уландаа гишгэсэн” гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Нэнси Пелоси "Дональд Трамп АНУ-ын ардчиллыг ОХУ-аас хамгаалахын оронд хамтран ажиллалаа” гэж эрс буруутгажээ.



Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Нэнси Пелоси "Бид баримттай зүйл л хүсэж байна. Гэтэл яагаад Бүгд найрамдах намынхан АНУ-ын иргэдийн үнэнийг мэдэх замд саад болоод байгаа юм бэ. Бид Холбооны Мөрдөх товчооны дарга асан Жеймс Комигийн мэдүүлгээс Дональд Трампын талаарх бодит байдлыг мэдэж авсан гэж бодож байна. Дональд Трамп ОХУ-тай холбоотой асуудлаас болж мөрдлөгийг зогсоохыг хүссэн байна. Энэ бол Ерөнхийлөгчийн албан тушаалыг шившиг болгосон үйлдэл юм. Хэдийгээр Ерөнхийлөгч тийм биш байж болох ч би Ерөнхийлөгчийн ордныг түүнээс ч илүү хүндэтгэж байна. Дональд Трамп бидний ардчиллыг ОХУ-аас хамгаалахын оронд хамтран ажилласан нь байж боломгүй хэрэг юм” гэж мэдэгдсэн байна.

Харин Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Пол Райан Дональд Трампыг Төр засгийн ажилд харьцангуй шинэ гэж, хамгаалсан байр суурийг илэрхийлсэн байна. Гэхдээ Холбооны Мөрдөх товчоо бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстойг хүлээн зөвшөөрчээ. Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан "Би ямар нэг таамаглал дэвшүүлмээргүй байна. Харин миний хэлэх зүйл бол Хууль зүйн яам, Холбооны Мөрдөх товчоо болон Цагаан ордны хооронд бие даасан байдал, хил хязгаар гэж байх ёстой. Мэдээж эдгээр байгууллагууд хамтран ажиллах ч ёстой. Харин Ерөнхийлөгч бол энэ талаар ойлголт багатай шүү дээ. Төр засгийн ажил түүний хувьд шинэ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж онцлов.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч Марк Касовиц мөн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр "Ерөнхийлөгч Дональд Трамп Жеймс Комид ямар ч шахалт үзүүлээгүй төдийгүй үндэсний аюулгүй байдлын албаны дарга Майкл Флинны мөрдлөгийг зогсоо гэж шаардаагүй” гэж онцолжээ. Мөн "Дональд Трампыг хууль бус, ёс зүйд үл нийцэх ямар ч зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ.

Х.Нэргүй
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?