📅

“МОНГОЛ ОЯКАТА” Н.ЦЭВЭГНЯМЫН ТУХАЙ 10 БАРИМТ

🕔 2017/06/09 10:43

“МОНГОЛ ОЯКАТА” Н.ЦЭВЭГНЯМЫН ТУХАЙ 10 БАРИМТ

Японы сумо бөхийн холбооны ТУЗ-ийн гишүүд энэ сарын 1-нд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ. Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх, мэргэжлийн сумогийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката буюу багш болсон билээ.

 

Н.Цэвэгням "Өнөөдрийг хүртэл, уламжлалт дэвжээгээ залгамжлан авна гэж төсөөлөөгүй ч, албан ёсоор зарласны дараа их тулгамддаг юм байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Монголын анхны сумочдын тоонд багтаж, Оошима дэвжээнд элсэж байсан ч, дараа нь Томозүна дэвжээ рүү шилжиж байсан юм. Ингээд Монголын хамгийн анхны мэргэжлийн сумогийн багш Кёкүтэнхо Н.Цэвэгнямын тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтыг хүргэе.

1. Кёкүшюзан Батбаярын хамт Японд очиж байжээ

Кёкүтэнхо Цэвэгням 1974 оны есдүгээр сарын 13-нд Налайх дүүрэгт төржээ. Тэрбээр 1992 оны хоёрдугаар сард Кёкүшюзан Батбаяр, Кёкүтэнзан Энхбат нарын хамт анх удаагаа Японд хөл тавьж, Оошима дэвжээтэй танилцан сумо бөхийн түүхэн дэх анхны Монгол бөхчүүдийн нэг болж, тэр жилийнхээ гуравдугаар сарын башёд хамгийн анхны алхмаа хийж байсан аж.

2. Тэрбээр сагсанбөмбөг сонирхдог байсан гэнэ

Цэвэгням дунд сургуулийн сурагч байхдаа өөрийгөө хэзээ ч сумоч болно гэж төсөөлөөгүй явжээ. Бүр үндэсний бөх, жүдогийн спортын аль аль нь түүний сонирхлыг татдаггүй байж. Харин сагсанбөмбөгт дуртай байсан гэнэ шүү.

3. Эх орон руугаа зугтаж явсан паян бий

Харь нутагт, хэнийг ч танихгүй Япон улсад очсон Н.Цэвэгням хагас жилийн дараа хамт очсон таван нөхрийн хамт зугтахаар зориг шулуудаж байжээ. Сумо бөхийн хатуу чанга сургуулилт, япон үндэсний хоол зэрэгт төдийлөн дасаж чадаагүй тэд оргон Элчин сайдын яаманд очиж байсан гэдэг. Тухайн үед дэвжээний багш нь "Одоо сумод Монголын үе эхэлж байна” хэмээн ятгаж, буцааж дөнгөсөн гэнэ билээ.

4. Япон хэл сурсан түүх

Японд очсоныхоо дараа гурван сарын хугацаанд тэрбээр ямартай ч, орчуулагчаар дамжуулан ойлголцчихдог байжээ. Гэхдээ өөрсдөө хэл сурахын тулд дүрэм боловсруулж байсан гэнэ. Тэр нь монголоор нэг ч үг ярихгүй, хэрэв ярьсан тохиолдолд 3000 иэний торгууль ногдуулах шийтгэл байв. Түүнчлэн, караокед үг цээжилж, толь бичиг бараг ашиглахгүйгээр японоор чөлөөтэй ярьж сурчээ.

5. Түүний нэрийг Оота Масарү гэдэг

Одоо Н.Цэвэгнямыг Оота Масарү гэх болжээ. Тэрбээр 2004 оны нэгдүгээр сард Японы иргэншил авах хүсэлт гаргаж, 2005 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын иргэншлээс гарсан гэдэг. Улмаар мөн оныхоо зургаадугаар сарын 22-нд Кёкүтэнзан Энхбатын хамт Японы иргэн болжээ. Энэ үйл явдал анхны тохиолдол байлаа. Учир нь түүнээс өмнө Монгол Улсын иргэншилтэй бөх хүн Японы иргэн болсон тохиолдол байгаагүй юм.

6. Ахмад сумоч

37 нас найман сартайдаа эзэн хааны цом хүртсэнээрээ Н.Цэвэгням шинэ дээд амжилт тогтоож байсан юм. 1929 онд 35 нас зургаан сартайдаа түрүүлсэн Тоёокүни, 35 нас таван сартай түрүүлж байсан Чоёонофүжи аваргаас ч ахимаг үедээ башёг манлайлсан билээ. Барилдааны дараа тэрбээр "Олон олон хүний дэмжлэгийн хүчээр өнөөдөр би энд зогсож байна. Энэ бол итгэхийн аргагүй мэдрэмж” гэж хэлжээ.

7. Есөн жилийн дараа хуримлав

Н.Цэвэгням хамгийн дурсамжтай тэмцээнээ 2012 оны тавдугаар сарын башёг хэмээн нэрлэсэн байдаг. Учир нь тэр башёд түрүүлэхдээ өөрийн эрхгүй дэвжээнд нулимс унагаж байжээ. Тэр барилдаанаас хүмүүс түүнийг мэдэж, өөрөө ч өсөж хөгжсөн гэдэг. Тухайн үед сумогийн дэвжээний багш болох хүслээ цухуйлгаж байсан юм. Тэрбээр "алга ташиж, уухайлан дэмжих, хүн бүрийн хайрыг хүртсэн сумочид бэлтгэхийг хүсэж байна” гэж ярьж байжээ. Тэр ондоо Н.Цэвэгням хуримаа хийв. Долдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарт хурим болж, эхнэртэйгээ танилцсанаас хойш есөн жилийн дараа албан ёсоор өрхийн тэргүүн болж байжээ.

8. Зодог тайллаа

2016 оны тавдугаар сарын 29-нд түүний зодог тайлах ёслол боллоо. 16 настайдаа анх Японд хөл тавьснаас хойш 40 хүртлээ нэг ч удаа хайч хүргээгүй үсээ авч, сумо бөхийн дэвжээнээс бууж байгаагаа зарласан юм. Түүний зодог тайлах ёслолд 400 орчим хүн оролцжээ. Энэ үед тэр тэсгэлгүй нулимс унагаж байсан гэдэг. Дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Сумочид "Зодог тайлаад үсээ авхуулахаар толгой хөнгөрдөг юм билээ” гэдэг байсан юм. Би үсээ авхуулсан чинь нээрээ хөнгөрсөн шүү.

20-иод жил толгойндоо хайч хүргүүлэлгүй явсан болохоор үсгүй болчихоор их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Тэр үед би уйлахгүй байя гэж бодсон. Гэтэл дэвжээнээс бууж ээжид үнсүүлсэн чинь өөрийн эрхгүй нулимс гарсан. Дахиж барилдахгүй гэж бодохоор тэс өөр нийгэмд очих гэж байгаа юм шиг санагдсан. Зодог тайлсан бөхчүүдийн боолттой хэсэгтэй үсийг сумогийн холбооныхон хайрцагт хийгээд өгдөг юм билээ. Би Токиод байгаа гэртээ хадгалж байгаа” гэсэн юм.

9. Цэвэгням CD гаргажээ

Тэрбээр Японы нийтийн дуучин Шимазү Эцүкотой хамтран "Баярлалаа, аригато” нэртэй цомгоо худалдаанд гаргаж байсан юм. Борлуулалт сайтай байгаа тус цомогт түүний дөрвөн дуу багтсан гэдэг. Н.Цэвэгням "Сайн дуулдаггүй, дуучин болно гэж хүсээгүй ч зодог тайлахаасаа өмнө цомог гаргах хүсэлтэй байсан. Ямартай ч зорилгоо биелүүлчихлээ. Би Японы нийтийн дуунд дуртай. Дуу хөгжмийн буянаар л япон хэл сурсан. Хамгийн анх 17 настайдаа Икүзо Ёшигийн "Сакэ” гэдэг дууг сурч байлаа” хэмээн ярьж байсан юм.

10. Түүний мөрөөдөл биеллээ

Энэ сарын 1-ний өдөр Японы сумо бөхийн холбооны ТУЗ-ийн хурал болж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ. Зургаадугаар сарын 12-ны өдөр тус дэвжээний ояката Томокүна 65 нас хүрч, тэтгэвэртээ гарсан бөгөөд түүний залгамж халаагаар ийнхүү Кёкүтэнхо томилогдсон байна. Ийнхүү түүний мөрөөдөл биелсэн. Тэрбээр Монголын анхны сумогийн ояката буюу багш, харин сумогийн дөрөв дэх гадаад багш болсон билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ
Б.Даваахүү


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?