📅

Алтны ханшийн өсөлт хаа хүрэх вэ

🕔 2017/06/06 12:36

Алтны ханшийн өсөлт хаа хүрэх вэ

 

"Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээр жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмнэ гэдгээ албаныхан мэдэгдсэн. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна хэмээн тооцоолж буй. Мөн геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой хэмээн Засгийн газар үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээл дээр алтны ханш 1228.83 ам.доллараас 1252.03 хүрч өссөн байна. Ханш өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлийг АНУ-ын төрийн тэргүүн Трампын хийж буй үйлдэлтэй холбоотой хэмээн дүгнэж байгаа аж. Тодруулбал, тус улсын геополитикийн эрсдэл өссөн нь голчилсон хэмээж байна. Түүнчлэн шинжээчдийн Kitco-д өгсөн таамаглалын хувьд ханш өсөх магадлал 67 хувь гэж үзэж байгаа бол Блүүмбэргийн шинжээчид 52 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. Үүнтэй зэрэгцэн мөнгөний менежерүүдийн хэлж буйгаар дэлхийн зах зээл дээрх алтны ханш өснө гэжээ.

 

Дэлхийн зах зээлд экспортод гаргадаг уул уурхайн түүхий эдийн үнээс манай улсын эдийн засаг шууд хамааралтай байдаг. Бид үнийн өсөлтийг хэрхэн шингээх вэ гэдгээс олон зүйл хамаарна гэдгийг судлаачид хэлж байна. Өнгөрсөн 2012 оны өндөр өсөлт нь мөн л уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалсан. Харин тэрхүү өсөлтийг бид хуримтлуулж чадаагүйгээс өнөөгийн эдийн засгийн хямралд өртөх нөхцөл бүрдсэнийг эдийн засагчид онцолж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн алтны үнийн өсөлтийг зөв ашиглавал ирэх жилүүдэд үүсэх өрийн дарамтыг сааруулах боломж бүрдэнэ гэдгийг эдийн засагч Х.Батсуурь хэллээ. Тэрээр "Өмнө нь дэлхийн зах зээлийн ханшаас хоёр ам.доллараар бага үнээр манай Төвбанк худалдаж авдаг байсан. Харин одоо дэлхийн зах зээлийн ханшаар авах зохицуулалт хийснээр алтны нийлүүлэлт өссөн гэж болно. Бид энэ өсөлтийг эдийн засагт эерэгээр нөлөөлүүлэхийн тулд зарцуулалтыг зохистой төвшинд барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таван жилийн өмнөх эдийн засгийн өндөр өсөлт шигээр хэт өсөлт бий болохгүй гэсэн үг. Яагаад гэвэл, өрийн дарамт их байгаа учраас үүнийг сааруулахад нөлөө үзүүлнэ” гэдгийг онцолсон юм.

 

Харин "Дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлээ хуваарилж байгаа нэг хэлбэр юм. Алт нь ямар ч тохиолдолд үнэ цэнээ алдахгүй, найдвартай, баталгаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой хэмжээнд эрсдэлээ бууруулах зорилгоор баталгаатай хөрөнгө оруулалтыг сонгож байна” гэж Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэллээ. Алтны үнэ өсч байгаа энэ хандлага манай улсын хувьд ч бас ашигтай гэдгийг тэрээр ярилаа. Монголбанкны хувьд алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч эхэлсэн. Тэгэхээр үнэ өсөх тусам иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд алтаа тушаах сонирхол нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Мэдээж алт тушаалт нэмэгдсэнээр гадаад валютын албан нөөцөд ч эерэгээр нөлөөлнө. Тэгэхээр алтны ханшийн өсөлт өнгөрсөн 2012 оны эдийн засгийн огцом өсөлтийг авчрахгүй байж болно. Гэхдээ өрийн дарамтыг сааруулж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь илүү чухал гэдгийг бизнесийнхэн учирлаж байна. Учир нь эдийн засаг хүндрэх нь хүмүүсийн халаасыг тэмтрээд зогсохгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүхий л салбарт хүндрэл учруулдагийг өнгөрсөн жилүүдэд бид харсан. Харин өсөлтийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь төрийн бодлого, дэмж­лэгээс хамаарна гэдгийг энэ дашрамд дуулгая.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?