📅

Ж.Эрдэнэбат ОХУ-д ажиллах үеэр ямар асуудлууд шийдэв

🕔 2017/06/05 14:56

Ж.Эрдэнэбат ОХУ-д ажиллах үеэр ямар асуудлууд шийдэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ.

 

"Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал боллоо. Өмнө нь тус чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүнүүд зочин статусаар оролцдог байсан бол энэ удаад 66 улсын 6000 гаруй төлөөлөгчид хандан үг хэлж, Монгол Улсын үүд хаалга хөрөнгө оруулагчийн өмнө нээлттэй байгааг зарласан. 

 

 

Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагч эрэлттэй байгаагаа онцолсон нь түнш хайж буй хөрөнгө оруулагч нарт шинэ мэдээлэл болсон.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петебургийн олон улсын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ уг чуулганд хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Ерөнхий сайд, Серби улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газрын сайд нар, Москва хотын амбан захирагч, хил залгаа мужийн тэргүүнүүдтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.

 

Уг уулзалтуудын хүрээнд шийдэгдсэн асуудлуудыг онцолбол:

 

1.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа үг хэлж, хөрөнгө оруулагчдийн өмнө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг зарласан. Тэрээр: Монгол Улсын "Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын "Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй. Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна гэлээ.

 

2.  Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг энэ удаагийн албан уулзалтууд нотоллоо.

 

3.  Монгол, Орос, Хятад гурван улсын "Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон. Монгол Улс баруун, зүүн төмөр замын коридор байгуулах явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн эхний ээлжид Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

 

4.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй хийсэн уулзалтаар шийдсэн бас нэгэн түүхэн шийдвэр бол "УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор нэг жилд хийх ачаа эргэлтийг 30 мянган чингэлэгт хүргэсэн явдал юм. Энэ шийдвэр манай улсын төмөр замын салбарын түүхэнд эрчимтэй эргэлтийг авчрах юм.

 

5.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтаар тус улсаас манай улсад олгох 1 тэрбум ам.доллларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын нөхцөлийг өөрчилж, боловсруулах үйлдвэр байгуулна.

 

6.  Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа энэ удаад дахин нотоллоо.

 

7.  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол улсын "Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг манай улсад ОХУ-ын тусламжаар хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар 4119 мянган тун вакцин буюу 7 сая малд хийх вакциныг олголоо.6 сард багтаан 7 тэрбум рублийн өртөгтэй шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин нийлүүлнэ.

 

8.  Манай улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгох бөгөөд энэ сард багтаан тоног төхөөрөмжийг аваачих бэлтгэл хангагдана.

 

9.  Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна. Мөн ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов.

 

10.  Дулааны IV цахилгаан станц ТӨХК болон "Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Дулааны IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ.УБ хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцын турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.

 

11.  ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелын сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

 

12.  Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын хэлэлцээр байгуулагдсанаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?