📅

Дулмаагийн өрхийн орлого өссөн шалтгаан юу байв

🕔 2017/05/24 10:20

Дулмаагийн өрхийн орлого өссөн шалтгаан юу байв

"Дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засгийн байдлыг харьцуулсан жагсаалтад манай улс одоогоор 130-д жагсдаг. Өндөр хөгжилтэй, төсвийн орлого нь хэдэн тэрбум ам.доллараар хэмжигддэг, том том үйлдвэрүүд хөгжсөн орнуудтай дүйцүүлэх аргагүй ч хөгжингүй орнуудын жагсаалтад манайх харьцангуй урдуур яваа” хэмээн Төв банкны мэргэжилтэн залуу онцолж билээ. 2006 он хүртэл бага орлоготой буюу ядуу орны жагсаалтад багтаж байсан Монгол Улс 2006 оноос хойш дундаж орлоготой буюу хөгжингүй орнуудын жагсаалтад орж ирсэн аж.

 
Энэ жагсаалт дотроо дээд төвшинд явж байсан бид сүүлийн жилүүдэд доод төвшинд шилжиж орхисныг мөн л тоон баримтаар харуулав. Өөрөөр хэлбэл, "дундаж орлогын хавх” гэгч зүйлээс бид гарч чадахгүй явсаар дуусах вий хэмээн санаа зовдог учраас энэ хавхаас гарахын тулд төр засаг, Төв банк, Сангийн яам бүх талаар чармайж байгааг ч дуулгасан юм.
 
Харамсалтай нь одоогоор энэ хавхнаас гарах боломж бидэнд алга. 2011 онд түүхий эдийн үнэ өссөн, Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн үед манайх дэлхийн зах зээлд дээгүүр жаалж явсан цаг үе бий. Гэвч энэ сайхан үе эргээд ирэхгүй нь тодорхой болсон. Монгол Улсын эдийн засгийн тоон мэдээ дандаа сөрөг талдаа явж байгааг олон улсын агентлагууд онцолж буй юм. 
 
Манай улсын эдийн засгийн бодит тооцооллыг гаргадаг Moody`s, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд эдийн засгийн нөхцөл байдлыг "тогтвортой” хэмээн онцолсон ч үүнээс бууруулж болохгүйг хатуу анхааруулсан гэх. 2016 онд бид тавхан тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргажээ.
 
Тэрний дийлэнх нь зэс, нүүрс. Монгол Улсын эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай, сүүлийн зургаан жилийн төсөв нь дандаа алдагдалтай, валютын ханш тогтворгүй хэлбэлзэж буй, банкны салбарын чанаргүй зээл нийт зээлийн 8.3 хувийг эзэлсэн. Жилдээ 20-30 хувиар нэмэгдэж байгаа гэх мэтээр эдийн засагт дандаа таагүй мэдээ дуулдаж байх юм.
 
Ганц гялтайх мэдээ нь БНХАУ-ын Ардын банктай хийсэн Төв банкны своп хэлцэл үргэлжлэхээр болж ам.долларын ханшаа 3000 давуулж алдах айдсаас ангижирлаа. Гэсэн ч ханшийг өнөөдөр байгаагаас /ам.долларын ханш өчигдрийн байдлаар 2417 төгрөгтэй тэнцэж байна/ доошлуулах, Төв банкны валютын сангийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага өнөө хэр шийдэл олоогүй байна. Ядахад, АН-ын эрх баригчдын зам барихад зарцуулсан гэх Чингис бондын хүү гэж жилдээ 500 сая ам.доллар гадагшаа өгөх боловч дотооддоо энэ мөнгийг олох нэг ч том төсөл хөдлөөгүй байгааг худлаа гэж хэлэхгүй биз.
 
Статистикийн байгууллага сонгуулийн захиалгаар ажиллав уу 
 
Энэ мэтээр эдийн засгийн бодит тоог харахаар энэ улсад болж бүтэж байгаа зүйл огт алга. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд ч эдийн засаг сэргэлээ хэмээн шоудах аж. Үндэсний статистикийн байгууллага нь өрхийн орлого өссөн, гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбар, нийгмийн даатгал, халамж, ДНБ, үнэ, мөнгөний нийлүүлэлт цөм өссөн гэсэн дүн мэдээг хэдхэн хоногийн өмнө танилцуулав. Тодруулбал, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын эцсээр 12.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн дүн мэдээг танилцуулав.
 
Өрхийн орлого мөн л өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн нь тэтгэвэр, цалин хөлсний хэмжээ, хөдөө аж ахуйн орлого өссөнтэй холбоотой гэсэн тоон мэдээ өгчээ. Арай ч чанаргүй зээлийн хэмжээ буурлаа хэмээн хийрхсэнгүй өнгөрлөө. Банкны салбарынхан болон эдийн засагчдын ярьж хэлж байгаатай алд дэлэм зөрүүтэй мэдээллийг тэд өгч сууна. Өрхийн орлого өссөн үндсэн шалтгааны дийлэнхийг тэтгэвэр, цалин өссөн учраас хэмээн тайлбарлажээ.
 
...5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж Энэтхэг, Хятад, БНСУ, Япон зэрэг улсаас гадна Валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээл авна. Хэдийгээр дийлэнх нь төсвийн алдагдал нөхөх, валютын сангийн нөөцөө бүрдүүлэхэд ашиглах ч боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон ажил урагшилж чадвал жинхэнэ утгаараа "сайхан мэдээ” болох нь. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд мөнгө орж ирнэ. Харин тэр мөнгийг халамж хэлбэрээр тарааж, санал авах зорилгоор битгий ашиглаасай хэмээн хүсье дээ...
 
Гэвч хэзээ цалин нэмсэн билээ хэмээн Статистикийн байгууллагаас асууя. Тэтгэврийг 20-50 мянган төгрөгөөр нэмснээс өөрөөр огтхон ч өөрчлөлт орсонгүй. Эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмэгдэж, шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Чалькод төлөх өөрөө дуусгасан ч Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалт сайжирсангүй. Уул уурхайн хөрөнгө оруулалтад ахиц гарсангүй, өнөөх л бахь байдгаараа улстөржиж суугаа. Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 300 ам.доллар хүрч галзуурч байхад, манай улс дөнгөж 50 ам.доллараар гаргаж байгааг худлаа гэж хэлэхгүй. Төсвийн орлого нь 235 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа улсад яаж ч бодсон өрхийн орлого өсч, гадаад худалдаа гайхалтай сэргэх боломж харагдахгүй байгаа юм.
 
Тиймээс Үндэсний статистикийн байгууллага улстөржсөн мэдэгдэл гаргав уу хэмээн хардахад хүрч байна. Монголын хэт баян, хамгийн ядуу хоёрын цалинг харьцуулаад дундаж гаргачихдаг учраас харьцангуй дүн гарах нь ч аргагүй болов уу. 
 
Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймдээ ч улсаараа дампуурчихаж гэсэн сөрөг мессеж явуулахгүйн тулд сонгууль угтсан, захиалгын мэдэгдэл хийлээ хэмээн улстөрчид, эдийн засагчид онцолж байгааг энд сануулахгүй өнгөрч болохгүй юм. Төсвийн алдагдлаа ч нөхөж чадахгүй байгаа улсад өрхийн хүн амын тоо хасагдчихаагүй л бол өрхийн орлого нэмэгдэх боломж байхгүй. Дорж, Дулмаа хоёр таван хүүхдийнхээ гурвыг нь хөөгөөд явуулчихвал магад өрхийн орлого өсч мэдэх. Түүнээс өөрөөр өрхийн орлого өсөх шалтгааныг эрээд олсонгүй. Эдийн засаг тоон баримтыг өөрчлөөд биччихээр, эсвэл хэн нэг дарга гадагшаа айлчлаад ирэхээр л сайжирдаггүй гэдгийг бид олон жилийн туршлагаас мэднэ.
 
Тэтгэврийн зээлийн хүүг, бууруулж цалин тэтгэврийн хүүг тэглэхээр ч сайжрахгүй. Гагцхүү уул уурхайгаас хэт хамааралтай болчихсон эдийн засгаа солонгоруулах, том төслөө хөдөлгөж гэмээнэ энэ улсад өөрчлөлт хийгдэх учиртай юм. Хамгийн гол нь мөнгө орж ирэх, баялгаа мөнгө болгох гарц болгоноо ашиглах ёстой. 
 
Монголд мөнгө орж ирэх нь, гэхдээ...
 
Эдийн засаг харин ч "дефолт”-оос гарч  дефляци боллоо гэсэн хэтэрхий онолдсон, ойлгомжгүй эдийн засгийг энд яриад ч хэрэггүй. Дулмаагийн авдаг цалин нэмэгдэж, таван хүүхэд нь хоногийн хоолондоо санаа зовохгүй унтаж л байвал жинхэнэ эдийн засгийн сэргэлт болно. Том тоо өөрчлөгдөж, онолын талаасаа сайжрах нь эдийн засагч, улстөрчид, Засгийн газарт хэрэгтэй байж болох ч бидний амьдралд цалин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа хямд байх л чухал.
 
Махаа хямд үнээр худалдаад авчихдаг, ипотекийн зээлээ асуудалгүй төлчихдөг байвал энэ чинь жинхэнэ сэргэлт болно. Үүнийг нь бий болгохын тулд улстөрчид тоо ярьж онолдох гэхээс илүү бодит ажил хийх хэрэгтэй байгаа юм. Маргааш сонгууль болох учраас тоон баримтаа яаж ч өөрчилж болно оо. Гэхдээ барилгын салбар зогсонги байдалд орчихсон, банк санхүүгийн салбарт чанаргүй зээлийн хэмжээ 11.6 их наяд төгрөгт хүрч ипотекийн зээл зогсчихсон байхад эдийн засагт эерэг дохио ирлээ гэж мянга түм шоудаад яах билээ. Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын нийт хадгаламж манай улсын иргэдийн тавхан хувийн хөрөнгө дээр тогтдог. Өөрөөр хэлбэл, 100 саяас дээш хадгаламжтай хүн 6000 орчим л байдаг гэдгийг банкны салбар хүлээн зөвшөөрсөн. 
 
Гэтэл энэ хүмүүсийн хадгаламжийн хүүнээс татвар аваад эхлэхээр цалин, тэтгэврийн зээлийн хүү буурна гэдэг лөөлөө болох билээ. Энэ мэтээр төр гаргасан сайхан шийдвэрээ нөгөө гараараа баллуурдаж сууна. Тэгсэн атлаа нэг улсад айлчилж 350 сая юан олж ирснийгээ эдийн засгийн сэргэлт хэмээн тайлбарлах нь илүүц биз ээ. Хөдөлж эхлээгүй том хөтөлбөрт санал тусгаснаа боломж хэмээн хийрхэхээс илүүтэй түүнийгээ ажил хэрэг болгох талаар ажиллах учиртайг хатуухан сануулчихъя. Бодит эдийн засаг ийм л байна.
 
Өнөөдөр ОУВС-ийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах шийдвэр эцсийн байдлаар гарвал эдийн засагт харин амь тариа орж ирж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж Энэтхэг, Хятад, БНСУ, Япон зэрэг улсаас гадна Валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээл авна. Хэдийгээр дийлэнх нь төсвийн алдагдал нөхөх, валютын сангийн нөөцөө бүрдүүлэхэд ашиглах ч боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон ажил урагшилж чадвал жинхэнэ утгаараа "сайхан мэдээ” болох нь. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд мөнгө орж ирнэ. Харин тэр мөнгийг халамж хэлбэрээр тарааж, санал авах зорилгоор битгий ашиглаасай хэмээн хүсье дээ. Эцсийн дүндээ энэ мөнгө ч гэсэн зээл гэдгийг эрх баригчид минь мартуузай. 
 
Өнөртогтох
 
Эх сурвалж: Монголын мэдээ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?