📅

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байна

🕔 2017/05/10 11:48

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байна

 

Бид ирэх сарын 26-нд Ерөнхийлөгчөө сонгоно. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай улс төрийн гурван хүчин нэр дэвшигчээ тодруулж, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын эрхмүүд нэр дэвшихээр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд Монгол Улсын талаар дэлхийн хэвлэлд ойрын өдрүүдэд хэрхэн мэдээлснийг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа хүргэж байна.

 

reuters.com: Сөрөг хүчин жүдогийн од тамирчнаас бизнесийн магнат болсон Х.Баттулгыг нэр дэвшүүллээ

 

Эдийн засгийн хямралтай нүүр тулсан далайд гарцгүй Монгол Улсад ирэх сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд сөрөг хүчин болох Ардчилсан намаас жүдо бөхийн од тамирчин асан, бизнесмэн  Халтмаагийн Баттулга нэр дэвшихээр болжээ.

 

Гуравхан сая хүн амтай, Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь сайн мэдэх тус улс БНХАУ, ОХУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдан он удаан жил ардчиллын замаар замнасан байдаг.  1990 оны хувьсгалаар Монголын улс төрд эргэлт гарч, үүний үр дүнд ашигт малтмалын арвин их нөөц баялаг нь гадаадын хөрөнгө оруулагчдын харааг булаах болсон. Монголчууд зургадугаар сарын 26-нд дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно.

 

Одоогийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын нөхөр Цахиагийн Элбэгдорж уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөөсрөлтөөс эдийн засгийн хүндхэн цаг мөчид  хоёр дахь удаагийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулан парламентын 76 суудлын 65-ыг нь авсан бол өмнөх  2012-2016 оны эвслийн Засгийн газрыг АН тэргүүлж байлаа. Харин жүдо бөхийн од тамирчнаас бизнесийн магнат болсон Х.Баттулга өнгөрсөн жилийн сонгуульд ялагдахаасаа өмнө тус парламентын гишүүн байв.

 

Тэрбээр Зам тээвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд БНХАУ-ыг шүүмжлэгч гэдгээрээ зартай нэгэн. Түүний хувьд Монгол Улс хөршөөсөө эдийн засгийн хувьд хэт хараат болох вий гэдэгт санаа зовнидог байна. Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболдтой өрсөлдөнө.  

 

Xinhuanet.cn: Монголын гол гурван нам нэр дэвшигчээ сонголоо

 

БНХАУ-ын төрийн мэдлийн "Синьхуа” мэдээллийн агентлаг "Монголын гол гурван улс төрийн хүчнээс нэр дэвшигчид тодорлоо” гэсэн гарчиг бүхий мэдээг нийтэлжээ.

 

Үүнд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай гурван намын нэр дэвшигч өрсөлдөх учиртай. Тэгвэл Ардчилсан намын VIII их хурлаар энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлэхээр болжээ.


МАН-аас одоогийн на­мын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, харин  МАХН  Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зургадугаар сарын 26-нд болно. Холбогдох хуулийн дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намын нэр дэвшигч л өрсөлдөх эрхтэй бөгөөд МАН парламентад 65 суудалтай бол Ардчилсан нам ес, МАХН нэг суудалтай билээ.  Тэд Сонгуулийн Ерөнхий хороонд тогтсон хугацаанд бүртгүүлэх бөгөөд СЕХ-оос нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулан батламжилдаг.  Үндсэн хуульд  заасны дагуу парламентын гишүүн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг юм.

 

akipress.com: ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хамгийн том саадаа арилгалаа

 

Монголын эрх баригчид гадны хөрөнгө оруулагчид дотоодын банкаар мөнгөн гүйлгээгээ хийнэ гэсэн шийдвэрээ цуцалснаар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хамгийн том саадаа  арилгасан тухай "Монцамэ” агентлаг мэдээлжээ. ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголд 5.5 тэрбум ам.долларын багц бүхий тусламж үзүүлэх эсэхээ дөрөвдүгээр сарын 28-ны уулзалтаар шийдвэрлэх ёстой байсан.

 

Гэвч, Монголын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд  Рио Тинто Оюу толгойн бүтээгдэхүүний орлогоо орон нутгийн банкаар дамжуулах шаардлагатай болсноос үүдэн шийдвэр гаргахаа түр азнажээ.  Гадаадын өр төлбөр нь тэнгэрт тулсан, төгрөгийн ханш суларсан тус улсын хамгийн том гадаад худалдааны түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь эдийн засагт нь давхар дарамт болж байгаа юм.

 

Төсвийн байнгын хорооны гишүүн Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулах цаг бидэнд байхгүй гэж мягмар гарагийн хурлын үеэр хэлсэн тухай УИХ-ын албан  ёсны цахим хуудаст нийтлэгдсэн байна. Шинжээчдийн хэлж буйгаар  Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээг Монгол дотоодын банкаар дамжуулах сонирхолтой байсан гэнэ. Монголын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус төслийн 34 хувийг эзэмших болсон. Үүний зэрэгцээ хоёр жилийн өмнө дахин гэрээ байгуулж, гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн байдаг.

 

baikalfinans.com: ОХУ-д бэлэглэсэн "Дайны замаар” хөшөөг нээлээ

 

Тавдугаар сарын 09-ний баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн "Дайны замаар” хөшөөний нээлт Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болжээ.  Их буу чирч буй морьдын уг баримлыг Монголоос тус улсад бэлэглэж буй тухай орон нутгийн сайт мэдээлсэн байна.

 

Морьдын баримлыг 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд танилцуулж байсан бөгөөд монголчуудын санаачилгаар энэхүү баримлыг урлан бэлэглэж буй аж. Хөшөөг уран барималч А.Очирболд урласан байна.

 

"Энэ хөшөө Эх орны дайны аугаа ялалтын үед бидэнд  Монголын ард түмний зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгийн илэрхийлэл юм” гэдгийг Москвагийн Думын дарга А.В.Шапошников нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мөн оролцсон байна. Тэрбээр "Зөвлөлт холбоот улсын ард түмэн  дэлхий нийтийг фашизмын аюулаас  сая сая охид залуусынхаа амиар дэнчин тавьж аварсан. Тэдний баатарлаг үйлсийн ачаар дэлхий фашизмаас аврагдан, бид өнөөдөр аз жаргалтай амьдарч байна” хэмээлээ.

 

Даваахүү

Эх сурвалж: Монголын мэдээ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?